Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудлаар хэлцэлийн ширээний ард хэзээ суух вэ


Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудлаар хэлцэлийн ширээний ард хэзээ суух вэ

 

Эрдэнэтийг тойрсон асуудал уг номоороо эдийн засгийн утгаараа шуурга дэгдээх сэдэв мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ хаврын улс төрийн галд  жинхэнэ утгаараа тос нэмж, цучил өргөж байна. Монголчууд өнөөдөр Эрдэнэтийг л тойрон улстөржиж, хэлээ билүүдэж явна. 2016 оны сонгуулийн дараагаас эхэлсэн энэ сэдэв гэнэт ингэж сэдрэхдээ уугиж байсан улстөржилтөд салхийг нь тавиад өгчихөж байгаа юм. 

Энэ асуудал хэрхэн өрнөж, хэн ямар “дүр” бүтээж байгаа нь тов тодорхой учир дахин өгүүлэх нь илүүц.  Харин Засгийн газар болон 49 хувийг эзэмшигч талынхан хэлэлцээрийн ширээний ард суух уу,  суувал  тугалыг нь тураахгүй  эхийг нь эцээхгүй байхаар шийдвэрлэх ямар гарц боломж, хувиалбар шийдэл байж  болохыг эрэлхийлье гэсэн юм.

Эдэнэтийн 49 хувь эх орондоо ирсэн нь сайн хэрэг. Үүнийг хэн ч буруутгахгүй байгаа. Харин тэр худалдан авах явц хууль журамд нийцсэн эсэх нь  хуулийн  байгууллагуудын шийдэх асуудал учир илүү дутууг өгүүлэх гээд яахав.

Гурав  хоногийн өмнө буюу энэ сарын 11-нд Эрдэнтийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Ийм хүсэлт илгээх болсон  учир шалтгаанаа "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Хүсэлтэд УИХ-ын “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийг хэлцэл хийх замаар төрийн өмчид авахыг даалгасан. Энэ хүрээнд бид дахин хэлцэл хийх санал хүргүүлж байна. Өнгөрсөн хоёр удаагийн шүүхийн шийдвэрээр хэлцэл хийгдээгүй байна гэсэн үндэслэлээр манай 49 хувийн эрхийг сэргээсэн.Тиймээс хэлцэл хийх хүсэлтээ дахин хүргүүлж байна” хэмээн тодотгожээ.  Эндээс нэг зүйл тодорхой ажиглагдаж байна. Юу гэвэл шүүхийн шийдвэр “Монголиан коппер корпорейшн”  компанийн талд  хоёр удаа гарах шалтгаан нь хэлцэл хийгдээгүй гэх үндэслэл байжээ гэж ойлгогдож байгаа юм.

Гэтэл 2018 оны нэгдүгээр сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар энэ хүрээнд “Монгол зэс” корпорацтай хоёр сар орчим хэлэлцээр хийсэн...Харин Засгийн газрын ажлын хэсэг “Монгол зэс” корпорацынхантай дөрвөн удаа уулзалт, яриа хэлэлцээ хийсэн. Ингэхдээ УИХ-ын 2017 оны 23 дугаарт тогтоолын гуравт заасны дагуу суутгал тооцоо хийх саналтайгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд санал нийлэхгүй зүйлүүд ч байгаа” хэмээн ярьж байсан билээ.

УИХ-ын 23 дугаар тогтоолыг тодотгох нь

УИХ-ын 23 дугаар тогтоол 2017 оны хоёрдугаар сард гарсан. Тогтоолын  хоёрдугаар заалтад“Эрдэнэтүйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг даалгасан заалт бий. Харин ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад  даалгажээ.

Хоёр “эзэн”-ий дунд хөлбөрсөн 49 хувь

Эрдэнэтийн 49 хувийг  булаалдаж буй хоёр субъект нь  Монгол Улсын Засгийн газар болон Монголиан коппер корпорейшн” ХХК. 2016 оноос хойш тус үйлдвэрийн 49 хувь хоёр “эзэн”-ий хооронд бөмбөг шиг өнхөрч ирлээ.  

УИХ  23 дугаар тогтоол баталсан өдрөө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд "Эрдэнэт"-ийн 49 хувийг  төрд авахаар эцэслэн баталж байв. Тодруулбал, УИХ-ын чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл явцыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, улмаар “Эрдэнэт" үйлдвэрийн талаар авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг 80.3 хувиар дэмжиж баталсан.

Үүнээс хойш бараг жилийн дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын  04-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэж  улмаар тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж тогтсон.  Ингэхдээ “Эрдэнэт” ХХК, Монголросцеветментийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргээс суутган тооцож төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан. УИХ-ын 23 дугаар тогтоолоор төлбөр тооцоог ингэж зохицуулахаар тусгасан.

Гэхдээ Засгийн газрын энэ шийдвэр шүүх дээр очоод унасан билээ.  Ингэснээр  Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудал хоёр “эзний” нэг зарц гэдэг шиг болоод байгаа.

Үүний үр дагавар өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал болов.  Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онц байдал,  нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах санал гэхчлэн үргэлжилж байна.

Ямартай ч өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголчуудын өмчлөлд байгаа нь сайн хэрэг. Төр байна уу, хувийн хэвшил нь эзэмшиж байна уу, ялгаагүй Монголын өмч. Энэ утгаараа Эрдэнэтийн эзэмшлийн асуудлаар  тогоон дотроо хэрэлдэх бус хэлэлцэх шаардлага л байгаа юм.

Нэгэнт хотонд орж, хормойд багтаад ирсэн юмыг яриа  хэлцэл хийгээд шийдчихэж болно. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий. Мэдээж энэ хэлэлцээр зарим талаараа төвөгтэй байж мэднэ. Дуу чангарах, буулт хийх  явдал ч гарна.  Гэхдээ эцсийн шийдвэр эх орны эрх ашгийг илэрхийлж байхын зэрэгцээ  тугалыг нь турааж эхийг нь эцээгээгүй байх хэрэгтэй болно.

Лавтайгаар 49-ийн талынхан хэлцэл хийх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд байна.  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин  энэ тухайгаа “Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна.Бид төрөө хүндэтгэж  байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийж байгаа.


Засгийн газар  хэлцлийн ширээний ард хэзээ суух вэ

Өөдрөгөөр төсөөлж  төр хувийн хэвшил  хоёр ширээний ард сууж хэлцэл хийлээ  гэж төсөөлөхөд  асуудлыг шийдэх ямар хувилбар байж болох вэ?

УИХ-ыг тогтоол  болон Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн өмчид авахаар заасан. Төрийн энэ шийдвэрээ хүндэтгээд  “Монголиан коппер корпорейшн”  компани эзэмшлээсээ татгалзах уу гэсэн асуулт түрүүлж тавигдана.  Тус  компанийхан Засгийн газарт хэлцэл хийх хүсэлтээ хэдэнтээ хүргээд байгаа болохоор тэдний хувьд бодож төлөвлөсөн хувилбар байгаа нь тодорхой байна.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  энэ сарын 5-ны өдөр хэвлэлийнхэнд хандахдаа “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нийт санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан нь эхний байдлаар тогтоогдож байна. Хууль хяналтын байгууллага энэ схемийг шалгаж, учрыг нь олсны дараа Засгийн газар “Монголын зэс корпорац”-тай хэлцлийн ширээний ард суух боломжтой” хэмээсэн. Тэгэхээр Засгийн газрын тухайд  хэлцэл хийх гол нөхцөл болзол нь  худалдаж авсан санхүүжилтэнд хийх хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн болж таарах гээд байна.

Засгийн газрын зүгээс  “Монголиан коппер корпорейшн”  компанийг буруутгаж буй хоёр үндэслэл байгаа. Нэгдүгээрт, Стратегийн орд газрыг заавал УИХ-д танилцуулж хэлэлцүүлэх  дүрэм журмыг зөрчсөн, хоёрдугаарт, 49 хувийг худалдан авах санхүүжилтийг хэрхэн босгосон бэ гэсэн  хоёр асуудал юм.

Эрдэнэтийн хувьцааны эрэлд 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлэхийг тусгасан. Өөрөөр хэлбэл стратегийн ордын 10 хувийг иргэддээ эзэмшүүлэх тухай асуудал  Энэ зорилтын хүрээнд хамгийн эхэлж нэр дурдагдаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн нь Эрдэнэт билээ. Өөрөөр хэлбэл монголчууд бид Эрдэнэтийн хувьцаа эзэмшигчид  болсон байх учиртай.  

Энэ талаархи хамгийн анхны шийдвэр 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан байдаг. Тухайн өдрийн хуралдаан  “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгаж байв.

Харин хоёр дахь удаад  2018 оны нэгдүгээр сарын 10-нд мөн л Засгийн газрын хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдсэн байдаг.

Эрдэнэтийг нээлттэй компани болгож, хувьцааг нь иргэддээ эзэмшүүлэх шийдвэр  49 хувийг тойрсон шуугианд бүдгэрч мартагдаж магадгүй болоод байна. Дашрамд тодруулахад бид хэзээ Эрдэнтийн  албан ёсны хувьцаа эзэмшигчид болох вэ.

 Г.Хантулга

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.