Түдэвийн Батжаргал 1964 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Цэргийн нисэх хүчний дунд сургуулийг 1987 онд, ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академийг 2002 онд, ШУТИС-ийн докторантурыг 2009 онд суралцаж төгссөн.
1982 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч, 1987 оноос Налайх дахь Монголын Ардын Армийн Зэвсэгт хүчний 137 дугаар тусгай хороонд байлдааны сөнөөгч “МиГ-21” дуунаас хурдан онгоцны нисэгч, 1989 оноос МИАТ, “Нисэх ТАС” компанид “Царцаа” хэмээх “АН-2” онгоцны нисгэгч. 2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий менежер, Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Тэрээр өдөр дутмын нөр их ажлынхаа зэрэгцээ “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг хөгжүүлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг горилох судалгааны ажилд хамаг цаг, заваа зориулан ажиллаж байна.
Цэл залуудаа байлдааны сөнөөгч, дуунаас хурдан онгоцны нисэгч болж улс орныхоо батлан хамгаалах албанд зүтгэж, дараа нь Иргэний нисэхийн салбарт ирж эх орныхоо ой мод, бэлчээр хадланг гал түймрийн аюул, газар тариалангийн ургацыг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалах, хөдөө сумдад зорчигч шуудан тээвэрлэх, эмнэлгийн түргэн тусламж хүргэх гэх мэт нислэгийн ажил эрхэлжээ.
Хорьж болдоггүй хорин хэдэн насандаа “Хурдан цагаан” хэмээх байлдааны сөнөөгч дуунаас хурдан онгоц “Миг-21” хэмээх гайхамшигт хөлгөөрөө сургуулийн нислэг хийж явахдаа хээр талд хонь хариулж яваа хонгорхон бүсгүйд сээтэн хаян, цусаар бичигдсэн нисэхийн хуулийг зөрчин сахилгагүйтэж, нисэх урлагийн дээд маяг “алтан гогцоог” агаарт татан алмайруулж явсан авхаалжит нисгэгч.
“Өдрийн оддын зүгт” уран сайхны киноны зохиол болон нисэхийн тухай өгүүллэг, туужийн ном бичсэн зохиолч, судлаач төдийгүй Их жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Хотгойдын шадар ван Чингүүнжав, Халхын Цогт хунтайж, ууган нисгэгч Д.Жамбаа, Д.Гунгаа, партизан О.Лувсанжамбаа нарын хөшөө дурсгалыг орчин үеийн уран баримлын материал технологиор бүтээн босгох ажлыг санаачилж мэргэжлийн уран барималчидтай хамтран бүтээжээ. Түүний аливааг удирдан зохион байгуулах авьяас чадварын нэгэн тод жишээг дурдахад 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар Монгол түмний хүсэл мөрөөдөл болсон олимпийн аваргыг төрүүлэхэд чамлашгүй хувь нэмэр оруулсан Түдэвийн Батжаргал дүүдээ энэ нийтлэлээ зориулав.
Хөвсгөл нутгийн хөглөгөр их хөвч алдарт “Улаан тайгад” урьд өмнө үзэгдээгүй их түймэр гарч, гашуун хөх утаанд хавь орчмыг бүрхэн нүүгэлтэж тэнгэрийн нарыг ч халхалжээ. Аймгийн нисэх буудлын аэродромын хашаанд хэдэн жил нар салхинд онгож гандан аргамжаатай байсан “АН-2” хэмээх онгоцыг идэр залуухан нисэгч Батжаргал асааж, аль эрт гавьяаныхаа амралтад гарсан өвгөн багш нисэгч Лхамыг хань татан хажуудаа аваад газраас тасран агаарт хөөрөв.
Идэр залуу наснаасаа Алтайн хүрэн бүргэд адил хөх тэнгэрт салхи зүсэн нисч явснаа нэг л өдөр даль жигүүр нь хугарсан мэт тэтгэвэрт гарч, газарт буугаад олны хөлийн тоосон дунд ертөнцийн шороо хөдөлгөн гундуухан гэлдэрч явсан өвгөн нисгэгч ийнхүү дахин жигүүрт хөлгийн жолоо атган Хөвсгөлийн хөглөгөр их Улаан тайгыг чиглэн нисэх болсондоо сансарт нисэх урилга авсан мэт баярлав. Шувуунд нисч яваад үхэх сайхан гэж хэн, хэзээ хэлсэн нь мэдэгдэхгүй нэг сэтгэл гижигдсэн явган үг байдаг.
Гэхдээ Лхам өвгөн үхэх гэж юундаа яарахсан билээ. Эх газраас сүүлчийн удаа тасран хөх тэнгэртээ хөөрөн ниссэн ч эсэн мэнд эргэн буугаад тааваараа алхаж яваад жамаараа нүд анивал барав. Шувуу дуурайж, нисч яваад үхнэ гэж юу байсан юм гэсэн шал дэмий юм бодогдоно.
Шүхэр, хорт утааны баг, гал унтраах багаж хэрэгсэл, цөөн хоногийн хүнсний нөөц авсан иргэний хамгаалалтын албаны арван гал сөнөөгч шүхэрчдийг суулгасан давхар далавчтай “АН-2” онгоц цаг шахам нисээд түймрийн голомт болох мөнөөх алдарт Дархадын Улаан тайга хэмээх хүний мөр тоотой хүрсэн балар тайгын дээр хүрч ирэв. Энэ их түймрийг тайгын гүн рүү алдчихгүй таслаад авбал хамаг хэрэг бүтэх нь тэр.
Ямар хар санаат новшнууд нь энэ сайхан хангай дэлхийг ийнхүү хар нүүрс болтол нь түймэрддэг байна аа гэж бодтол тээр дор хоёр, гурван улаан гал болсон юм газрын уруу өнхөрч явааг харав. Гэтэл хэн нэгэн хүн “Ан амьтан, буга гөрөөс амьдаараа шатан амь тэмцэн давхиж явааг хараач” гэх нь тэр. Ёстой газар дэлхий галаар тургиж, галав юүлнэ гэгч л ийм болдог байх. Ямар нүд халтирам муу ёрын юм үзэх нь вэ гэж бодсон нисгэгч Батжаргал жолоогоо урагш түлхэн онгоцоо доош шумбуулан буух тэгш газар хайв. Тэд галын цар хүрээ, салхины хурд, зүг чигийг тандан хэдэнтээ эргэлдсэнээ зах хязгаар үгүй үргэлжлэх их хөвчийн шивээлэн ургасан шинэс, хушин ой, ширэнгэ дамжин аажуухан авирч буй их түймрийг царманд хүргэлгүй таслах тактик боловсруулан шүхэрчдээ тараан буулгаж эхлэв.
Өтгөн хөх утаа хилэн улаан дөл дүрэлзүүлэн асах түймрийн галын чанх дээрээс шүхэрлэн буух зоригт залуусаа хараад өөрийн эрхгүй өрөвдлөө. Сая дөнгөж агаарт зүүгдсэн мэт бөнжигнөсөн 10 ширхэг шүхрэн бөмбөлөг газарт хүрээд ор мөргүй боллоо. Ашгүй гал сөнөөгчид маань эсэн мэнд газардсан бололтой, шүхрээ агшин зуур хураан авчээ. Хэрэв шүхэрчид буух үедээ гэмтэж осолдвол дохио болгож шүхрээ хумилгүй дэлгээтэй хэвээр байлгадаг билээ.
Газар дэлхийг халхлан, огторгуй тулан олгойдох харанхуй хар утаан дундаас ой хөвчийн олон жилийн хур өвс хөвд, хагсаж хагартлаа хатсан хар модны давирхай, унаанга их салхины хүчинд хөллөж хөөрөгдүүлсэн түймрийн догшин улаан дөл онгоцны өехий дороос үе үе долоон алдахад санаа дагаад ч тэр юмсан уу түүний халуун нөөлөг хөлгийн бүхээгт яваа нисгэгчдийн нүүр рүү төөнөх шиг болов. Тээр дээр нисч яваа нисгэгчдэд түлэнхий агаар, гашуун утаа ингэж үнэртэж байхад газарт байгаа амьд амьтанд амьсгалахад маш бэрх байгаа нь мэдээж хэрэг. Балар хөвчийн мод, бургас, торлог, өвс ургамал байтугай газар шороо, хад чулуу, агаар тэнгэр тэр чигээрээ түймрийн галд хуйхлагдан шатаж байлаа. Шүхэрчин гал сөнөөгчид үдэш болтол галтай ноцолдон хамар, хяр даван унан тусан хөөцөлдөж байж арай чүү цурманд орууллаа.
Замдаа таарсан бүхнийг хайр найргүй хуйхлан шатаах түймрийн давшилтыг таслан уулын голын хөвөөнд шахаж хагас дутуу унтраав. Бүрэнхий ихсэх тусам түймрийн гал улам бүр тодрон гэрэлтэж эхэллээ. Хувцас хунараа шатаан, бүсээ гээтэл өлсөж ядарч, гашуун утаа залгин хоолой нь хорсож хахаж бахардсан шүхэрчид харанхуй болсон хойно богино долгионы холбоогоор бие биеэ дуудан нэг дор цугларч, тоо бүрэн толгой бүтэн байгаадаа бага зэрэг баярлах боловч ихэнх нь угаартаж утаанд хордон, эцэж туйлдсан байлаа. Бие биеэ хараад танихгүй болтлоо хөө тортог болж өмссөн хувцас нь урагдаж ханзран үнс нурам утаа хиншүү шингэж үс толгойд нь хар модны шилмүүс давирхай наалдаад нүд, шүд хоёроос өөр гялайж цайх юмгүй болсон шүхэрчид жаахан ч гэсэн амсхийн өлсөж ядарсан биеэ амрааж хооллон тамир тэнхээ авахыг хүсэв. Гэвч тэдэнд цас, мөс хайлуулж аяны тогоонд хатсан нохойн хошууны хатсан жимснээс атгыг түүж хар цай болгон чанаж уухаас өөр өл залгах юм байсангүй. Хэдийгээр нисгэгч онгоцоо байгаа боломжоороо доошлуулан шүхэрчдийнхээ буусан газрын ойролцоо ачааг нь газардуулахаар тооцоолон хаясан юм. Гэвч хаврын догшин салхи ачаа зүүсэн жолоодлогогүй шүхрийг хийсгэн одож хажуугийн шовх уулын элгэн улаан хаданд тас савахад брезентэн уут нь зад үсэрч авч гарсан хоол хүнс, багаж хэрэгслэлийг нь талаар нэг цацсан тул хоосон цай уусан болоод дуу шуугүйхэн босч цурманд оруулсан галаа манаж хонохоор шөнө дөлөөр тал тал тийшээ таран одов.
Газар сайгүй гал дөл улалзаж, цогтой үнс нурамнаас оч үсрэн шажигнаж бүдүүн баглагар хуш модонд ассан гал бамбарлан бадарч байснаа дарьтай торх тэсрэх адил их чимээ гарган дэлбэрч галтай цуцлыг газар сайгүй цацан хаях нь нэн сүрдэм.
Энэ шөнө түймрийн хөлөөс хамаг ан амьтан, жигүүртэн шувууд нь аль эрт дүрвэн зайлсан эзгүй тайгад 12 зоригт залуус цурам ч хийлгүй хонолоо.
Нар жаргахаас өмнө Мөрөнгийн нисэх буудалд буухаар түймрийн бүсээс яаравчлан нисэхдээ ард хоцорсон арван залуу энэ их түймрийг унтрааж яавч дийлэхгүй болохыг агаарт гарсан хойноо мэдэрсэн нисгэгчдийн сэтгэл түгшиж эхэллээ. Ойр хавийн сум, бригадаас хүн хүч дайчлаад ч балар тайгын гүнд гарсан түймэрт унаа тэрэг ойртох аргагүй бартаа саад ихтэй билээ. Хөөрхийс өөрсдөө галын дүнд бүслэгдэн эрсдэлд орж болзошгүй байдалд хоцорсон тэднийг очиж авах хэрэгтэйг мэдэрч шөнөжин сэтгэлээ чилээсэн хөгшин, залуу хоёр нисгэгч онгоцоо шатахуунаар сумлаж хоноод маргааш өглөө нь мандах нартай уралдан агаарт хөөрөв.
Хаврын адаг сар гарч цаг агаар дулаарсан хэдий ч хангайд шөнөдөө жиндүү хүйтэн байсанд түймрийн утаан дунд нам гүмхэн улалзан энд тэнд цоролзон асч, унтарч байсан хожуулын гал өглөө нар мандахтай зэрэгцэн шуурсан хөвчийн хөх салхинд хөөрөгдөн үлээлгэж дүрэлзтэл асахад өнжин хонон өл хоолгүй ажиллаад эцэж цуцсан залуус хүчин мөхөсдөн уулын хормой бэлийн шивээ хар мод руу шахагдан ухарч хүн байгалийн халз тулаан эхлэв. Энэ үед бугын эвэр түүж, яргуй идсэн бор гөрөөсний халуун цус уухаар хөтөлгөө таван морь нуруу ачсан хоёр ангуучин битүү модтой уулын тагт дээр зүтгүүлэн гарч, тээр дор түймрийн хөх утаа хөшиглөн байгаа балар их хөвч рүү харж “За ямар санаатай шатаачихсан биш. Бүх юм болоод өнгөрсөн хойно одоо гаслаад яахав, гал алдаа л биз. Хангайн хар модонд аянга бууж гэмээнэ шатаж л таараа, дахин ургаж л таараа. Харин энэ онгоцтой эргүүлийнхэнд харагдчихгүйхэн шиг нуугдаж явсаар тайгын бэл рүү бууж ор мөргүй арилж өгвөл барав” хэмээн шивнэлдээд мориндоо мордов.
Бүхэл шөнийн турш гашуун утаанд хахаж цацан энд тэндгүй дүрэлзэн асах түймрийн хилэнт галтай амь хайргүй тэмцэлдсэн шүхэрчид хаашаа ч гарах газаргүйгээр ойн бяцхан чөлөөнд их түймэрт бүслэгдсэн болохоо гэгээ орсон хойно сая ухаарцгаав. Талын түймрийг сөрөн ард нь гарч болдог бол модноос модонд бамбарлан ассан ойн их түймэрт ойртохын ч аргагүй халуу төөнөж шатсан хар модны гашуун утаанд амьд амьтан тэсэхийн аргагүй билээ. Одоо энэ их түймрийг хүний хүчээр унтрааж дийлэхгүй. Гагцхүү дарах их хүч ганцхан байгаль эхэд өөрт нь бий. Тэдэнд амьсгалъя гэвч агаар, амаа чийглэе гэвч ус байтугай уруулаа норгох шүлс, ухарч зугтах гарц, хоргодох ч газар байсангүй. Чухамдаа галд амьдаараа хуйхлагдан шатаж үхэх аймшигт үхэл хэмээх чөтгөр үүдэн хоймрын газар тулж ирээд ямх ямхаар ойртон тохуурхаж зогсов. Тэнд мод, торлог байтугай хад чулуу улайсан халж хага үсэрч байлаа. Гарцаагүй үхэлтэй нүүр учирсан тэр залуусыг ганцхан нисдэг тэрэг л ирж аварч чадах байв. Гэтэл хотоос нисдэг тэрэг дуудах нь байтугай чанх дээр утаан дунд дүрс нь харагдахгүй ч дуу нь сонсдон эргэлдэх “Царцаа ногоон” онгоцтой холбогдох холбооны хэрэгсэлгүй байлаа.
Гал утаан дундаас бүдэг бадаг үзэгдэх ойн цоорхойд онгоцоо буулган түймрийн галаас залуусыг ямар ч үнээр хамаагүй аваръя гэж санаа шулуудсан нисгэгч Батжаргал хоёрдугаар нисэгчийн суудалд сэтгэл түгшин суугаа өвгөн багшдаа хандан:
-Бууж авна аа. Харсаар байж энэ сайхан залуусыг амьдаар нь шатааж үхүүлэлтэй биш. Үхсэн ч хамаагүй хоёулаа энэ ойн чөлөөнд заавал бууж нөхдөө аврах ёстой. Аварч чаддагүй юм бол бүгдээрээ хамт шатна биз гэж хэлснээ түүдэг гал адил бамбарлан асч байгаа үй түмэн моддын дундах ойн цоорхой дээгүүр хэдэнтээ эргэн буух газраа тандан ажиглав.
-Чи командир, чи шийдвэрээ гарга гэж багш нь дэмжив.
Доорх ойн бяцхан цоорхойд холоор бодлоо гэхэд 200 алхам хүрэхтэй үгүйтэй газар ажээ. Энд яаж ийгээд онгоцоо буулгаж болно, харин эргээд гарч чаддаг болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ.
-Би таныг түймрийн гадна буулгаад өгье гэж өгүүлээд, туслах нисгэгчийн суудал дээр сэтгэл түгшин суух багшийнхаа нүд рүү харав. Өвгөн нисгэгч Лхам Батжаргал өөд уурсангуй хялам хийн харсанаа:
-Чи надад ийм үг хэлэх байсан юм бол яах гэж намайг авч гарсан юм бэ, би үхчихээгүй амьд байна. Юу болсон гэж ганцааранг чинь онгоц жолоодуулдаг юм. Ямар өмнө нь чиний нисч байсан ганц суудалтай байлдааны онгоц чинь биш. Зорчигч тээвэрлэдэг иргэний онгоц, манай дүрэмд ийм заалт байдаггүй юм хүү минь гэж зэмлэнгүй хэлэв.
-За тэгвэл хоёулаа одоо буухад бэлтгэн оролт хийе. Энэ доор харагдах ойн цоорхойг харж байна уу, тэнд бууна гэж эрс шийдэмгий хэлэв.
Тэд утаан дунд бүдэг бадаг үзэгдэх ойн цоорхой дээгүүр нам өндөрт бүтэн хагас тойрог хийж буух газраа шинжэн үзэхийг хичээсэн боловч түймрийн утаа халхалаад сайн харж тогтоож чадахгүй байв. Энэнээс доош өндөрт орж өтгөн утаан дотор удаан нисвэл хөдөлгүүр унтрах аюултай билээ. Гэвч нисгэгч Батжаргал хэт шунан доошилж буучихаар эвтэйхэн газрыг бэдрэн хайсаар байв.
Ингээд утааны сиймхийг даган онгоцоо хамгийн бага хурдаар гулсуулсаар шатаж байгаа моддын оройг шүргүүлэхээс наахнуур ойн цоорхойг чиглэн өндөр алдлаа.
Урьдчилж үзээгүй ойн цоорхойд таамгаар буух нь маш осолтой. Унанги дархи, ургаа хожуул, дов сондуул, нүх жалга, үхэр чулуунд онгоцны дугуй тээглэн годройтож болзошгүй гэж Хашир нисгэгч Лхам хашгирах шахам дотоод холбоогоор хэлж амжив.
Буух шийдвэр эргэлт буцалтгүй гарган доош эрчимтэй гулсуулж байтал зүүн нүдний буланд хайлж амжаагүй тайгын жижиг нуурын мөсөн мандал ногоорон харагдах шиг болов. Энд ийм нуур байсан нь түймрийн хөшгин утаанд хаагдаад харагдаагүй юм. Гэнэт нэгэн бодол тархинд харван орж ирэхтэй зэрэгцэн жолоогоо ялихгүй татангуутаа баруун гараар хаазын бариулыг алгадан түлхээд зүүн педалаа хүчтэй өшиглөн жийж зүүн тийш нь гүнзгий хазайлтаар онгоцоо огцом эргүүлэхэд моддын оройг шүргэн алдан доод далавчаараа газар тулах мэт нүд эрээлжтэл эргэн гулсах чиглэлээ өөрчлөв.
Өвгөн багш давхийн жолооноос шүүрч авснаа залуугийн үйлдлээр түүний гаргасан гэнэтийн шийдвэрийг тэр дор нь тааж нүүрэнд нь баясал тодров.
Ямар юм угтахыг мэдэхгүй ойн цоорхойд харанхуй газардсанаас хайлж нимгэрч байгаа ч гэсэн нуурын толигор мөсөн дээр буух нь илүү аюулгүйг хоёр нисгэгч сайн ойлгож энэ шийдвэртээ дотроо баярлацгаалаа.
Энэ нуурын талбай жижигхэн ч гэсэн онгоцоо багтаан буулгаж амжихаар харагдана. Үүний тулд далавчныхаа аравчийг 45 хэм буулган хамгийн бага хурдаар доошлон тэгшлэх өндөрт хаазаа хасан “хэрээ буултаар” дэвхрэн буухаар шийдэв. Ингэж буухад мөс цөмөрчихгүй байгаадаа гэсэн айдас төрөв. Гэвч онгоц хоосон, жин нь хөнгөн. Одоо олон санаа гаргалгүй энэ чигтээ буухаас өөр зам байхгүй. Нуурын наад эргийн моддыг дөнгөж өнгөрөнгүүт хаазаа хураан жолоогоо түлхэн онгоцоо огцом доош нь даран хүчээр шахам газардуулав.
Хурд нь гүйцэд сөнөөгүй давхар далавчит онгоц нь тэгшлэх өндөрт хэсэг яваад нуурын төв хэрд очоод дэвхрэн буугаад хэсэг явгалан гүйв.
-Бүү сандар. Тоормосыг барьсан дугуй мөсөн дээр шарваж чиг алдана шүү. Удахгүй зогсоно гэж өвгөн нисэгч моторын дуунаас ч чангаар сүртэй хашгиран анхааруулав.
Эргэн тойрон гал дүрэлцэж хөшгөн утаа татсан аяганы хонхорхой шиг бяцхан нуурын мөсөн дээр буухад Батжаргалд нуурын мөс доош хотойн цөмрөх гээд байх шиг аймшигтай санагдав.
Чангахан газардуулсан тул нуурын мөс тас нясхийн дуугарч бүхээгийн шилийг ямар нэг юм ирж цохих шиг болсноо нөгөө эргийн дүрэлзэн асч буй их галд үүдэн хоймрын зайтай тулж очоод зогсов. Энэхэн зуур шүхэрчид увуу цувуу гүйлдэн ирж яваа харагдав. Тэд онгоцны буусан мөрөөр хагарсан мөсний хэлтэрхийг явуут дундаа шүүрэн авч амныхаа цангааг гаргахаар үмхэлж байгаа харагдав.
Өвгөн багш нь нисгэгч шавийнхаа мөрийг алгадан талархаж “Чи ч ёстой шонхор юм аа. Багш нь чамаар бахархаж байна. Энд ийм нуур байгааг чи яаж харж амжив аа” гэв.
“Бид эсэн мэнд буусан хойно буцаад нисч л таараа” гэснээ бүхээгийнхээ салхивчийг нээж “Алив хүүхдүүд минь онгоцондоо сууцгаа. Цаанаас чинь галын хүч ихсэж байна, түргэлээрэй” гэж хашгирав.
Эргээд хөөрөхөд талбайн хэмжээ яавч хүрэлцхгүй юм шиг харагдаж аль болох бага жинтэй хөөрөх хэрэгтэй боллоо. Нас бие гүйцсэн 10 шүхэрчин залуу гэдэг дор хаяж 750 кг болно. Энэ нь хөөрөлтийн гүйх зайг даруй 200 метрээр уртасгана. Гэтэл нуурын талбай ердөө 250 метр бололтой. Анх буусан 10 шүхэрчнээс зургаа нь онгоцон дээр гүйлдэн ирж дөрөв хүн арай ирээгүй байв. Алив бусдыгаа дуудаарай гэж шаардах зуур тэдний бүсэнд огтор хөрөө, сүхээ авч явааг хараад Батжаргалд нэгэн санаа төрөв. Онгоц хөөрөх замд саад болох магадлалтай захын хоёр хар модыг хурдхан тайрч унагаахыг даалгав. Залуус ч шуртхийн ажилдаа орж хөөрөх замд тээг болох тэдгээр модыг төвөггүй тайран унагав. Энэ зуур бараг дүүрэн шахуу шатахуунаа дундлах санаа төрж зогссон газартаа илүүдэл шатахуунаа юүлэн асгаж онгоцныхоо жинг багасгалаа.
Шүхэрчид жин дарах багаж зэвсэг юмаа хаяцгаан утаанд хордон унасан хоёр нөхрөө дамнан онгоцонд орж сууцгаалаа. Архайж дархайсан арван залуу суулгасан ч, шатахуунаа багасгаж хөнгөрсөн онгоц богинохон зайнд газраас тасарч чадах уу эсвэл хуурай хар мод чихсэн пийшингийн ам шиг энэ их улаан гал руу давхин орж үнс чандар болох уу гэдэг айдас хүйдэс толгойд эргэлдэнэ. Гэвч нисгэгч хүнд эгзэгтэй мөчид түргэн, алдаагүй шийдвэр гаргахын оронд эргэлзэж тээнэглэзэх шиг аюул үгүй.
Хоёр нисгэгч онгцоо асаан моторын эргэлтийн хамгийн дээд горимд нь шилжүүлэхэд сэнсний салхинд нь арын бургас моддын үзүүрийг найгуулан үлээв. Одоо хөдөлгүүрийн эргэлт заагчийн зүү максимал горимон дээрээ очиж, дүүрэн хүчээ авсныг илтгэж, хоёр дугуйны тормоз яг бариатай чигээр урагш мөсөн дээр гулгаж тогтож ядан дэрвэлзлээ.
Чи гучин хэдэн жил нисэх онгоц жолоодон үхэхээс бусдыг үзсэн хашир нисгэгч чамд айдас гэдэг юу ч биш. Жинхэнэ асс нисэгч тэнгэрт л амьсгал хураадаг. Гэтэл чи газар дээр энэ удаа ингэтлээ чичирч суухаас ичээч” гэж өвгөн нисгэгч өөрийгөө зоригжуулан өгүүлээд онгоцны даргын командыг хүлээв. Онгоцны хөдөлгүүр, нисгэгчийн зүрх хоёр хөлгийн бүхээгт нэг амьтай гэдэг билээ. Эгзэгтэй мөчид агшин зуурт алдаагүй зөв шийдвэр гаргахад нисгэгчийн толгойд элдэв эргэлзээтэй салаа бодол багтах зай байх ёсгүй. Шүхэрчид гүйцэд сууж дуусахад залуу капитан Батжаргал эр хонгор дуугаар гучин хэдэн жил ниссэн дэд хурандаа, ахмад нисгэгчид команд өгөхөд онгоц огцом ухасхийв.
Нуурын толигор мөсөн мандал дээрээс ёстой л нумнаас тавьсан сум шиг хурдлан гүйлээ. Хоёр талын эргийн модонд улаан гал авалцан утаа май баагиж байлаа. Яах ийхийн зуургүй эсрэг эргийн мод өмнө тулаад ирлээ. Нисгэгч Батжаргал дотуур холбоогоор намайг жолоогоо дугтрангуут далавчны аравчийг арван хэм буулгаарай хэмээн командлав. Агшин зуурын дотор хурдлан гүйсэн онгоц эсрэг эрэгт тулангуут овсхийтэл дээш цоройн захын моддын дээгүүр чүү ай дэнжигнэн гарснаа хэсэгхэн чиг шулуун нисч хурдаа хангаад төдөлгүй өндрөө аван холдлоо. Уулын зэрлэг салхинд алгадуулан бүхээгийн урд шилэн дээр хуйлран ирсэн улаан гал дээгүүр онгоц дүүлэн гараад битүү утаан дундуур сүнгэнэн хөөрөх нь тэр. Одоо айлтгүй газраас тасран холдсон, гал утаа ард хоцорлоо гэж бодохтой зэрэг Батжаргал нэг урт амьсгал татаж, хоёрдугаар нисэгчдээ хандан харцаараа талархал илэрхийлэх сацуу тэдний ар талд хэн нэгэн хүн “Жинхэнэ “асс” нисэгчийн энгэрийг сум, одон хоёр л цоолдог юм” хэмээн бахархан хашгирах сонсогдов.
-Тэгээд тэр алдартай “асс” нисэгч нь чи бид хоёр болж байна уу гээд ахмад нисгэгч Лхам инээвхийлэв.
-Дайн, байлдааны үед бол өнөөдөр чи бид хоёр агаарын тулалдаанд дайсны дунд унасан нөхрөө бууж авран гарснаас дутуугүй гавьяа байгууллаа. Нисдэг тэрэг ч тэр бүр ойртож буухын аргагүй тэр их гал, утаан дундаас арван хүний халуун амийг аварч, энх цагийн иргэний агаарын онгоцны техникийн боломж хүч, чадлаас хэтэрсэн гайхамшигт эр зориг шийдвэр, маневр хийсэн бид хоёрыг “асс” нисгэгч гэхгүй юм бол өөр хэнийг “асс”нисгэгч гэх юм бэ хэмээн бэлтгэл дэд хурандаа, өвгөн нисгэгч их л итгэлтэй дуугарав.
-Чи бид хоёр төвөөс, удирдлагын зөвшөөрөл авалгүйгээр цусаар бичигдсэн нисэхийн дүрэм зөрчиж, түймрийн голомтод буулт хийж эрсдэлтэй зүйл хийсэн учир очоод хоёулаа нисэх эрхээ хасуулах байх гэж чамд бодогдохгүй байна уу.
-Эх захгүй түймрийн улаан гал дундаас амар мэнд агаарт хөөрч чадсан хүмүүс одоо яаж ч чанга унасан айх юм алга. Онгоц жолоодох эрхээ хасууллаа ч та бид хоёр нэгээхэн эгзэгтэй агшинд ямархан хэмжээний нисэгчид болохоо яруу тод харуулснаас хойш айл амьтны түлээний мод зөөн, насаараа үхэр тэрэг хөтөлсөн ч харамсах зүйл ердөө чиг алга. Би энэ удаагийн хийсэн үйлдэлдээ сэтгэл хангалуун байна. Одон, сум хоёр нь бидний энгэрийг тоож цоолдоггүй юмаа гэхэд онгоц жолоодон тэнгэрт нисч явлаа гэж хожмын хойт өдөр ам дүүрэн хэлэх эрхтэй байна гэдэг гавьяа бус уу гэж онгоцны дарга Батжаргал бахархангуй өгүүлэв.
-Чи ухаантай хүү юм аа. Би чиний насан дээр ахлах байлдагчийн алтан саа зүүж амжаагүй хэрнээ генералын мөрдэс зүүдлэхээс наахнуур амьтан явсан:
Цэргийн клубын
банзан шалыг хотолзуулан
Цэмбэн шинелийн
салаахан хормой дэрвүүлэн
Цэл залуу хорин насандаа
хөөрхөн бүсгүйтэй
Цэцэг, эрвээхэй шиг бүжиглэж явлаа … хэмээн санаашрангуй өгүүлснээ нисгэгч Лхам онгоцны өехий доогуур, тэртээ дор будантан хөхөртөх газар дэлхийг гүйлгэн харснаа цагийн эрхэнд даль жигүүр маань цуцсан ч хонгорхон залуу насны бадрангуй халуун сэтгэл маань намайг өнөөдрийн өдрийг хүртэл чирч ирэх шив дээ гэж бодов.
Энэхэн үед тэд гэрийн зүг буцах замдаа орж өндрөө эзлэн хурдаа тохируулж Хорьдол сарьдагийн нуруун дээгүүр дүүлэн гарах агшинд алс тэртээх Оросын Сибир нутгаас алдарт Соёоны нурууг давуулан илгээх үүлэн фронтын түрүүч хур тээн ирэхэд удалгүй анхны бороо шаагин асгарч, солонгын буданд нуугдан байж залуу согоо цоохорхон янзагаа төрүүлэх нь лавтай.
Балжирын Догмид Ардын уран зохиолч
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл