Бид барилга биш “Үхлийн цамхаг” босгосоор байна


Бид барилга биш “Үхлийн цамхаг” босгосоор байнаХүний амин чухал гурван хэрэгцээ бол орон байртай байх, хоолтой байх, хувцаслах хэрэгцээ гэж үздэг. Гэтэл хүн төрөлхтний энэхүү амин чухал орон байрны хэрэгцээг даган хөгжиж ирсэн барилгын салбарын үйл ажиллагаа нь манай улсад ашиг харж улайрсан, шинжлэх ухаан мэдэхгүй, мэргэжил мэдлэггүй нөхдийн гарт орсноороо хүмүүсийг насаараа цуглуулсан мөнгөөрөө "Үхлийн архив” худалдан авахад хүргэдэг болжээ. Энэ талаар насаараа барилгын инженер хийсэн мэргэжлийн хүний бичсэн нийтлэлийг манай сайт бүрэн эхээр нь хүргэж байна.

"Миний бие барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт өдгөө 35 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд юу эсийг сурч мэдэж, дадлагажиж туршлагажсан гэх вэ? Харийн улс орнуудаар хүртэл хэрэн тойрч, барилга, бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал солилцож явлаа.

Эрдэмтэд хүн төрөлхтнийг Менделеевийн үелэх системд захирагдаж, түүний химийн найрлагыг амьдралд чанд мөрдөж, хэрэглээгүйгээс их алдаж байна гэж үзэж байна. Иргэдийн орчны аюулгүй байдал, үл хөдлөх хөрөнгийн аюулгүй байдал, дэд бүтэц, бүтээн байгуулалтын аюулгүй байдал бүхэлдээ алдагдаж, ямар ч бат бэхийн насжилтгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэгүй, урт удаан хугацааны эдийн засгийн үр ашиггүй, 10, 20, 30 жилийн дараа нурж унах, эсвэл газар хөдлөлтийн 5-7 баллын чичирхийлэлд иргэд амь насаа аврах боломжгүйгээр сүйдэж үгүй болох гамшгийн цамхгууд, зам гүүр, инженерийн барилга байгууламжуудыг 1995 оноос хойш сүндэрлүүлэн босгосоор өнөөг хүрч байна. Энэ талаар Барилгын яам, Стандарт хэмжил зүйн төв, Мэргэжлийн хяналтын газрууд удаа дараа хэлж, ярьж, мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч оюуны болон мэргэжлийн ядууралд орсон манай нийгмийн хүлээж авах чадвар гэдэг юм нь даан чиг үгүй болжээ.

Улс орны үндэсний аюулгүй байдлын гол анхаарах зүйлийн эн тэргүүнд хүнсний аюулгүй байдал боловч хоол унд, эм тарианд хордсон хүний нийгэмд үзүүлэх хохирол хөнөөл нь харьцангуй бага юм.

Гэтэл орон сууц, барилгажилт, хотын бүтээн байгуулалтын ажлын аюулгүй байдал нь үүнээс илүү хор хохирлыг нийгэмд тарьдаг, үй олноор нь, гэр бүлээр нь, хамт олноор нь сүйрүүлэх онц их хэмжээний гай гүйтгэрээс хамгаалж байх учиртай зүйл юм. Үүнийг тооцолгүй, хямд төсөр, стандарт шаардлага хангахгүй материалаар барьсан барилга нь үл хөдлөх хөрөнгө бус, харин ч хамгийн хөдөлгөөнтэй, эрсдэлтэй "хөнөөлт зэвсэг” болж хувирдаг. Барилга, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, даатгагч даатгалын компаниуд ч юунд хөрөнгө оруулж, ямар эрсдэлтэй тулгарч байгаагаа мэдэхгүй явсаар л байна. Өөрөөр хэлбэл, банкууд ямар стандартын элс, хайрга, дайрга орсон, ямар арматур, ямар цементээр босгосон барилга вэ? гэдгийг мэдэхгүйгээр өндөр, сайхан орчин үеийн барилгуудыг барьцаанд авч зээл олгох, санхүүжилт хийх нь маш эрсдэлтэй. Энэ талын экспертгүйгээр, ямар нэг судалгаа шинжилгээ, тавих шаардлагагүйгээр санхүүжилт хийх нь ердийн л нэг "зуурсан шавар”-т их үнэ төлж алдах магадлал тун их юм.

Үнэхээр ч барилга, барилгын материалын үйлдвэрлэл, түүний дотор цементийн үйлдвэрлэл, арматурын үйлдвэрлэл, элс, хайрга дайрганы үйлдвэрлэл зэрэг гурван үйлдвэрийн гаргаж байгаа бүтээгдэхүүнээс хот суурин газрын иргэдийн амьдралын аюулгүй байдал шууд хамаардаг. Үүнд ойлголт өгөх үүднээс би ганц нэг мэргэжлийн жишээ дурдъя.

Барилга, орон сууцны нийт объемны 80 хувийг элс, хайрга, дайрга эзэлдэг.  Элс хайрга, дайрганы нийгэмд эзлэх байр суурийг хэн ч ойлгодоггүй. Тэр ч байтугай хайрга, дайрга хоёроо ялгаж чаддаггүй барилгын инженерүүд ч байна.

Хатуулаг нь 400-600 марктай, голын гольдрол дагаж тогтсон, геологийн хувирлын явцад гол усанд угаагдаж, гадаргуу нь мөлгөржсөн охин чулууг хайрга гэж монголчууд дээр үеэс нэрлэж заншсан.

Хатуулаг нь 800-1400 марктай, диктоник хагарлын үед газрын гүнээс гарч тогтсон уулын чулуу буюу дайргыг эр чулуу гэж нэрлэдэг. Учир нь хатуулаг өндөртэй учир олон зуун жилийн настай. Үл хөдлөх хөрөнгөнд дээрх эр чулууг голчлон хэрэглэдэг.

Элс буюу кварцын элс нь хүн төрөлхтний бүтээн байгуулалтын гол байр суурийг эзэлж ирсэн. Одоо ч эзэлж байна, цаашдаа ч эзлэх болно. Олон Улсын Бетон зуурмагийн үйлдвэрт хэрэглэгдэж байгаа элсний химийн найрлага: (ГОСТ 8736-93) байгалийн хорт бичил элемент ба радионуклидуудын агууламж ГОСТ 2874-82-т заасан нормоос хэтрэхгүй байна.

 SiO2-88,2; TiO2-0.058; Al2O3-6.18; F2O3общ-0,261; MnO-0.0037; MgO-0.15; CaO-0.110; Ma2O-0.25; K2O-4.23; P2O5-0.077;

Г/т: -Ba-700:Cs-2.6: Cu-11: Ga-6: Li-8: Pb-18: Rb-132; Sr-72; Zn-14

200-600 маркийн бетон зуурмагт орох  кварцын элсний химийн найрлага нь:

Цахиурын давхар исэл: SiO2-98,7%  чийглэг нь 0,1%-иас доошгүй

Хатуулаг Моссын шаталбараар-7 Ширхэгшлийн хэмжээний модуль 1,88мм, Хуурай элсний асгасан нягтрал кг/м3 1450,Тоосонцор ба шаварлаг бодисын агууламж 0,1%-иас  ихгүй

Элсний фракц      0-0,63 мм

Кварцан элс фр    0-1,25 мм

Кварцан элс фр    0-2,0 мм

Кварцан элс фр    2,5-5,0 мм

Кварцын элсэн дэхь SiO2-ын агууламж 80%-иас доош байвал тухайн элсний орд газарт элс баяжуулах үйлдвэр барих шаардлагагүй гэж үздэг. Учир нь тоосонцор шаварлаг бодисын агууламжийг 0,1%-д хүртэл баяжуулах технологи асар өндөр өртөгтэй тул, өөрийн өртгийг нөхөж үйлдвэр ашигтай ажиллах боломж байхгүй.

Тоосонцор ба шаварлаг бодис, хөрсний ялзмаг, хээрийн жонш, муксавит, өгөршилд орсон боржин чулууны үйрмэг зэрэг нь  хортой бодисынхоо ангилалд багтана.

Тоосонцор буюу шаварлаг хөрсний ялзмаг, ургамлын үндэс зэрэг нь органик хольцонд орно. Усанд бэхждэг партолант цемент нь органик бус учраас 15-25 жилийн хугацаанд органик хольц нь органик бустайгаа урвалд орж цементний барьцалдуулах чадварыг эрс муутгаж тухайн барилга байгууламж өөрийн массаа даахгүй газар хөдлөлтийн 5-7 баллын чичирхийлэлд  өгөршилд орсон боржин чулууны үйрмэг буюу хээрийн жонш гялтгануур зэрэг бат бэхийн үзүүлэлт муутай бодисуудад эхний ээлжинд микро хагаралтууд өгч улмаар макро хагаралт болж цутгамал төмөр бетон хийц эдэлхүүний  насжилтыг богиносгодог.

CaO-0.110; Ma2O-0.25; K2O-4.23; Эдгээр химийн найрлагууд нь бетон зуурмагт орж байгаа элсэнд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан тохиолдолд ажлын арматур буюу монтажийн арматураа 15-25 жилийн хугацаанд идэмхий шүлтүүд учраас химийн урвалд оруулж гангийн чанарыг эрс муутгаж мөн барилга массаа даахгүй эвдрэлд орох үндсэн шалтгаан болдог.

Иймд партолант цементийн химийн найрлага, арматурын химийн найрлага, элсний химийн найрлага гурвыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, Барилгын яам, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн үндэсний төв, Геологийн төв лаборатори зэрэг байгууллагууд хэрхэн хянаж, яаж стандарт бариулж ажиллах үүрэг хариуцлагыг нь хуульчилж өгөх нь чухал болоод байна. Ингэхгүй бол монголчууд амьдран суугаа орон сууц, барилгынхаа муу чанар, стандарт бус байдлаас болж хэн дуртай, хөрөнгө мөнгөтэй Солонгос, Хятадуудын мөнгөний золиосонд явах нээ. Иймд Засгийн газрын шадар сайд, Барилгын сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, мэргэжлийн хүмүүсийн шаардлагыг чангатгаж, элс, хайрга, дайрганы үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг шахаж шаардах зэргээр дорвитой арга хэмжээг нэн яаралтай авч ажилламаар байна гэж миний бие уриалж байна. Өөрөө барилгын салбарт насаараа ажиллаж байгаагийн хувьд чанар, стандарт хангаагүй материалыг барилгад ашиглан бидний үр хүүхэд, ирээдүй хойчид чанартай, найдвартай гэр орон, ажлын байр босгохын оронд "Үхлийн цамхаг” бэлдэж байгааг зүгээр хараад суух арга байсангүй тул нийгэмд бага сага ч болов ойлголт өгөхсөн гэхдээ үүнийг бичлээ. Ирээдүй хойч үе минь айх аюулгүй, амар тайван орчинд амьдраг ээ”.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.