Агаар мандал PM 2.5 нарийн ширхэглэгт тоосонцорт бохирдсоны улмаас өнгөрсөн онд БНСУ-ын эдийн засагт 3 тэрбум 5 сая ам.долларын хохирол учирсан нь ДНБ-ий 0.2 хувьтай тэнцжээ. Имй тооцоог "Хёндэ" компанийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тайлан мэдээнд гаргасан байна.
Тайлан мэдээг гаргахдаа хоёрдугаар сарын 18-28-ны хооронд эдийн засгийн янз бүрийн салбарт ажилладаг 1008 хүний дунд явуулсан судалгааны дүнг үндэслэжээ. Тэд агаар мандлын бохирдол янз бүрийн салбарт хэрхэн нөлөөлснийг үнэлж дүгнэсэн байна.
Тайлан мэдээнээс үзвэл, Өмнөд Солонгосын үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа 6.7 хувиар хязгаарлагдсан байна. Ялангуяа хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн үйл ажиллагаанд агаарын бохирдол ихээхэн нөлөөлжээ. Гэр ахуйн салбарт учирсан нарийн ширхэглэгт тоосонцортой холбоотой хохирлыг тооцоход сард дунджаар 20 ам.доллар болсон байна.
БНСУ-ын парламент өнгөрсөн долоо хоногт агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан найман хуулийн төсөл баталжээ. Шинэ хуулиудад заасны дагуу одоо нарийн ширхэглэгт тоосонцроос учирсан хохирлыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө. Мөн агаарын бохирдлын асуудлыг дайн, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал, олныг хамарсан ажилгүйдэл зэрэг нийгмийн гамшгийн төрөлд оруулсан байна. Ингэснээр энэ асуудлыг шийдэхэд төсвөөс нэмэлт зардал гаргах боломжтой болжээ.
montsame.mn
Сэтгэгдэл