“Флоренс” хар салхи 50 тэрбум ам.долларын хохирол учруулав


“Флоренс” хар салхи 50 тэрбум ам.долларын хохирол учруулав

"Флоренс” хар салхи Америкийн зүүн эргийн бүс нутагт 50 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Гэхдээ энэ удаад учруулсан хохирлын хэмжээ "Харви”, "Мария”, "Ирма” зэрэг хуй салхины учруулж байсан хохирлоос харьцангуй бага байгааг "The Wall Street Journal” онцоллоо. Америкийн Хойд болон Өмнөд Каролина мужид "Флоренс” хар салхины учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээ 38-50 тэрбум ам.доллар хооронд хэлбэлзэж байгаа аж. Эх сурвалжид нийтэлснээр, эдийн засгийн хохиролд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэрэгт учруулсан хохирол багтаж байна.

Мөн байгалийн онц үзэгдэл тохиосны улмаас бизнесийн салбарт учирсан хохирлыг ч оролцуулсан байна. "Флоренс” хар салхи 50 тэрбум ам.долларын хохирол дагуулснаар, Америкийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хар салхи, шуурганы жагсаалтад долоодугаарт бичигдэж байна. Даатгалын компаниуд "Флоренс” хар салхины учруулсан хохирлыг барагдуулахад 1.7-5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох аж. Америкийн зүүн эргийн нутгаар тус байгалийн онц үзэгдлийн дараах хор уршиг арилаагүй байна. Хойд болон Өмнөд Каролинад голын усны түвшин дээд хэмжээнд хүрсэн хэвээр, үерийн улмаас 600 гаруй зам гүүр хаалттай хэвээр байна. "Флоренс” хар салхины улмаас Хойд болон Өмнөд Каролина, Виржиния мужид 41 хүн нас баржээ. АНУ-ыг өнгөрсөн жил дайрсан "Харви” хар салхи 133.5, "Мария” хар салхи 120, "Ирма” хар салхи 84.2 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Атлантын далайн хар салхины улирал зургаагаас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.