Энэ онд Япон улсад удаа дараа нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүдийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөг тооцоолж үзэхэд 10 тэрбум ам.доллар давсан тухай тус улсын Засгийн газрын харьяа санхүүгийн байгууллагаас мэдээлэв.
Хамгийн их хохирол учруулсан дөрвөн үзэгдлийг дурдвал, зургадугаар сард Осака мужид болсон газар хөдлөлт, долоон сард баруун нутгуудаар орсон хүчтэй аадар бороо, есдүгээр сард дэгдсэн Жеби хар салхи болон мөн тухайн сард Хоккайдо арал дээр болсон газар хөдлөлт зэрэг багтаж байгаа ажээ.
Байгалийн гамшигт үзэгдлүүдийн компаниудын үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт үзүүлсэн нөлөө зэрэг эдийн засгийн холбогдолтой үзүүлэлтүүдийг Японы Хөгжлийн банкны мэргэжилтнүүд тооцоолж үзсэн байна.
Банкны мэдээлснээр, аж үйлдвэрийн салбар нийт 4 тэрбум 770 сая ам.доллартай тэнцэх хэмжээний сөрөг нөлөө учирсан бөгөөд үүнд автомашин, цахилгаан бараа болон бусад аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэл багтаж байгаа юм.
Харин үйлдвэрлэлийн бус салбарт 4 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хохирол учирсан нь цахилгаан хангамж тасарсан хийгээд нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зарим бизнесийн үйл ажиллагаа тасалдсантай холбоотой ажээ. Үүний зэрэгцээ гадаадын жуулчдын тоо ихээхэн буурсан нь 1.4 орчим ам.доллартай тэнцэх хохирол учруулсан хэмээн тооцоолжээ.
Одоогийн нөхцөл байдалд үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэх хийгээд өрсөлдөх чадвараа сайжруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж банкны төлөөлөгч мэдээлсэн байна. Мөн нисэх буудлууд түр хаагдсан хийгээд цахилгаан хангамж тасарсан зэрэг яаралтай үед бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаарх төлөвлөгөөнүүдээ эргэн харахыг компаниудад уриалжээ.
Сэтгэгдэл