Индонез улсад 74 удаа буудуулсан орангутан амьд гарчээ


Индонез улсад 74 сумны шарх авсан эмэгчин орангутан сармагчин амьд гарчээ.

Washigton Post сонинд бичсэнээр, Ачех мужийн нэгэн фермийн ойролцоо олдсон сармагчинг хийн буугаар буудсан байна. Сайн дурынхан түүнийг Суматрын орангутан хамгаалах хөтөлбөрийн нэгж дээр аваачиж, тэндхийн эмч нар мэс засал хийж, амийг нь аварчээ. Нүд орчим газартаа хэд хэдэн удаа буудуулсан тул сармагчин хараагүй болсон гэнэ. Түүнтэй хамт байсан монш амьд гарч чадаагүй байна.

Орон нутгийн Байгаль хамгаалах агентлагийн даргын хэлснээр, орангутануудыг тариалангийн талбайд ирэхэд нь фермийн эзэн аюултай хэмээн үзэж, буудсан гэнэ. Суматрын орангутан хамгаалах хөтөлбөрийнхөн түүнд Hope буюу Найдвар гэх нэр хайрласан байна. Одоогийн байдлаар, орангутаны биеийн байдал сайжирч, бие даан хоол идэж байгаа гэнэ.

Тус хөтөлбөрийнхний ярьснаар, сүүлийн арван жилд тэд нийт 500 удаа буудуулсан 15 орангутан сармагчныг эмчилжээ. 2018 онд нэгэн орангутаныг 130 удаа буудсан хэрэг гарч байсан тухай Associated Press агентлаг мэдээлжээ.  Орангутан сармагчин устаж, үгүй болох аюулд өртөөд байгаа ба тоо толгой нь хурдацтай хорогдож байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээллээр, дэлхийд 14600 Суматрын орангутан үлдээд байна.

Я.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.