Өндөр татвар бизнесийн орчны хамгийн том бэрхшээлээр нэрлэгдэв
Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварын индекс 124-өөс 101-т дэвшиж сайжирсан ч төсвөө үр ашиггүй зарцуулдаг орнуудын жагсаалтад эхний аравт багтсан хэвээр байгаа нь төрийн албанд авлига их байдагтай шууд холбоотой.
Азийн сангаас жил бүр бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын судалгаа хийдэг. Түүгээр бизнес эрхлэгчид өөрсдөд учирсан “зовлон”-гоо илэрхийлдэг болсоор өдгөө гурван жилийн нүүр үзэж байна. Тус судалгаагаар бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд саад учруулж буй төрийн байгууллагуудын жагсаалтыг ч гаргадаг юм. Түүгээр татвар, мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн захиргааны байгууллагууд хамгийн их гай болдог талаар 330 компанийн удирдах түвшний ажилтнууд дуу нэгтэй хариулжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар татварын газар энэ жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа нь бизнес эрхлэгчдэд татварын дарамт их байдгийн тод илрэл юм. Төр оршихын тулд татвар байх нь тодорхой боловч татвар авахдаа бизнесийг боомилж болохгүйг мяндагтан, мундгууд ойлгоогүй л байна. 2018 онд бизнесийн орчинд тулгарсан хамгийн гол бэрхшээл “өндөр татвар” гэж энэ салбарынхан мэдэгдлээ. Үүнийг татварын хуулийн шинэчлэлээр удахгүй засна хэмээн “тайвшруулах тариа” хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй. Татварын багц хуулийг парламентаар хэлэлцэхээр аль эрт өргөн барьсан ч суудлын хэрүүл, суулт тэмцлээс шалтгаалж он дамначхаад байгаа нь бизнес эрхлэгчид татварын дарамтаасаа илүү бэрхшээл болчхоод байна. УИХ-аар татварын багц хуулийг батлахын тулд өргөн барьсан гурван хууль болон дагаж 29 хууль, 45 эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахаар хүлээж байна. Үүнээс харахад бизнесийн орчинд эрх зүйн зохицуулалт ямар дутмаг байсныг төвөггүй ойлгох биз ээ. Мөн хууль батлагдмагц 18 мянган ААН 36.8 тэрбум төгрөгийн шууд хөнгөлөлт эдлэхээр хүлээж байгаа нь татварын дарамт хэр байгааг мөнгөн утгаар илэрхийлж байгаа хэрэг.
“Хар жагсаалт”-ын удаах байранд тусгай зөвшөөрөл, лиценз олголтын шат дамжлага нэрлэгдэж бизнесийн орчинд саад учруулагчаар тодорсон. 2016 онд бизнес эрхлэгчдийн 17 хувь нь тусгай зөвшөөрөл “проблем” болж байсан гэсэн бол энэ үзүүлэлт 2017 онд 22.4, өнгөрсөн жил 24.8 хувь болж өсжээ. Нэгэнтээ Ерөнхий сайд олон цаас урж, хогийн саванд хийснээс хойш энэ чиглэлийн бичиг баримт бас л хуримтлагдсан байна.
Төрийн албан дахь авлигад хамгийн их өртсөн байгууллагын жагсаалтад гаалийн алба сүүлийн гурван жил дэд байранд баттай зогссоор байна. Бизнесийнхэн эргэлтээ нэмэхийн тулд гаалийн байгууллагын шат дамжлагыг товчлохыг хүсдэг. Энэ нь авлигад хүрэх хөшүүрэг болдгийг хэн үгүйсгэх вэ. Импорт зонхилсон худалдааны байгууллага гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн аюулгүй байдал зэргээс эхлээд гаалийнхныг царайчлах зүйл мундахгүй. Гуйна гэдэг гутамшигт тооцогддог болохоор гутамшигтай арга замаар ажлаа бүтээхээс аргагүйд хүрдэг биз. Тиймгүйсэн бол энэ салбарын 330 саналын дийлэнх нь гааль авлигад их өртсөн гэж жил дараалан хариулахгүй байх сан. Энэ жил Засгийн газраас гаалийн албаны шинэчлэлийг хийж, бараа эргэлтийн хурдыг нэмэхээр амлаад буй. Техник, технологийн шинэчлэл хийлгүй олон жил гаалийн байцаагчийн нүдээр “ажилласан” энэ салбар хамгийн их хардлагад өртөх нь зүй. Үүнийгээ ч сайн ашигласан биз. Харин гаалийн шинэчлэлийн дараа тэднийг жагсаалтад сүүл мушгиарай хэмээн ерөөе.
Бизнесийн орчинд авлигад хамгийн их өртсөн байгууллагууд хэл амнаас гарахын тулд ямар ажил зохиодгийг сураглавал семинардаж, сэм найрдаад тардаг тухай л ойлголт олон нийтийн дунд бөх оршсоор байна. Үүнийг “төрийн албан дахь авлига таны бизнест хэр нөлөөлдөг вэ” гэсэн асуултад 79 хувь нь тодорхой хэмжээнд болон маш их гэж хариулснаас харахад ойлгомжтой. Төр авлигачдаасаа салж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлж, цаашилбал хөгжлийн хурдыг сааруулагч болж буй нь дамжиггүй. Мөн монголчууд авлигыг хүлээн зөвшөөрсөөр байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулахад бодитой хүчин зүйл болж байгааг энд дурдахад ер илүүдэхгүй.
Бизнес эрхлэгчдээс “албан бус татвар” нэхдэг байгууллагын тоонд шүүх, цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллага орж байгаа нь бас анхаарал татна. “Хар жагсаалт”-ын эхний тавд дээрх байгууллагуудыг нэрлэсэн нь нэгийг өгүүлж байна. ААН-үүдийн 35 хувь нь эдгээр байгууллага авлигад их өртсөн гэж мэдүүлсэн нь жижгүүд ч “хонгил”-оор ордог гэдгийн хариулт биш гэж үү.
Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтынхныг авилгад хамгийн их өртсөн гэв
Цагдаагийн хурандаа нар ч эх захгүй баяжсан жишээ дуулдсаар байгаа. Төсвийн цалингаар хэр хөрөнгө цуглуулж болохыг хэн хүнгүй мэдэх тул тэднийг бизнес эрхлэгчдийг дарамталсан гэж хардах үндэслэл дүүрэн. Бизнесийн аль ашигтай салбарт цагдаагийн албан тушаалтнууд монополь тогтоож байгаа гэсэн яриа гарсан нь ч үүний нэг тал. Төрийн нэрийг барьж бизнесийг нь булаадаг, хувь хүртээхгүй бол хэрэг тохдог байхыг ч үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд хууль, хүчний байгууллагад ямар бизнесмэн хандаж далан булчирхайгаа тоочих вэ.
Үүний нөгөө талд АТГ-ын ажилд ахиц гарахгүй байгааг тодорхой харуулчихлаа. Одоогийн үйлчилж буй авлигын эсрэг хууль, тогтоомж бизнесийн орчныг ил тод авлигагүй болгоход үр дүнгээ өгч чадахгүй байгааг олон хүн хэлнэ. АТГ том тулаа хүчрэхгүй, жараахай бүрийг хөөж амжихгүй тийм л байдлаар ажиллаж буйг түмэн олон мэдэж байгаа хойно гүйцэтгэх засаглалыг барьж буй Ерөнхий сайдад хандахаас аргагүй. Азийн сангийн энэ судалгаа бол нийгмийг хамарсан том судалгаа биш ч гэсэн хөндлөнгөөс хийсэн, төрд долигоноогүй, бизнес эрхлэгчдэд чиг заачихдаг “суурь” судалгааны нэг учраас бодитой үр дүнг үүгээр шүүж болох мэт. Ядаж л бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тод сонсохын тулд энэ судалгааны үр дүнгээр төрийн зарим байгууллагын ажлыг дүгнэж болмоор. Ялангуяа, авлигад их өртсөн нэр зүүж хар жагсаалтыг манлайлж буй татвар, мэргэжлийн хяналт, гааль, цагдаа, газар, кадастрын албаны ажлын нэг үзүүлэлтийг үүгээр тогтоож, удирдлагатай нь хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Ядаж л эхний гуравт жагссан төрийн байгууллагын удирдлагыг шууд халдаг болчихвол хэн бизнесийнхнийг дарамталсан гэдгээр ажлаа өгөхийг хүсэх вэ дээ. Цаашлаад төрийн зүгээс бизнесийг дэмжих, авлигатай тэмцэхэд бодитой ажил болох биш үү. Аливаа зүйл яаж ч муудсан сайжрах тал руугаа явж байдаг гэсэн афоризм бий. Үүнээс муу зүйл гэж байж таарахгүй тул засах цаг нь тулсан. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төрд хууль гэж байдаг юм шүү гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл” гэсэн алдартай үгээр энэ сэдвийг нээлттэй үлдээе.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл