ЖДҮ-чдын талаар нийгэмд хоёр өөр хандлага идрэх болов. Нэг нь зээл авсан мэтээр харагдуулж, асуудлыг намжаах. Ингэхдээ "Хүн мөнгө зээлсэн бол буцаагаад өгчихнө" гэх байдлаар олон нийтийн тархийг угааж эхлэв.
Зээл бол төлчихөж болох байх. Гэвч хулгай бол өөр шүү дээ. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд гурван төрлийн хулгай хийсэн.
Нэгдүгээрт авилгал буюу зуучилсны хөлс гэх хөрөнгөө барьцаалж их хэмжээний мөнгө болох 50-аас дээш сая төгрөгний авилга авчихсан байгаа.
Хоёрдугаарт хуурамч төсөл бичсэн. Тэр нь мөнгө завших. Хөдөө аж ахуйн яамнаас эмнэлэгийн төсөл санхүүжүүлэх нь байж болох асуудал уу. Содбаатар гишүүн малын сараа бариад тэрийгээ барьцаалсан бол харин шал өөр хэрэг.
Гуравдугаарт нь мөнгө угаасан. Гурван хувийн хүүтэй зээл авчихаад 50, 60 хувийн хүүтэй банк санхүүгийн байгууллагаар дамжуулаад ард түмнийг шулсан.
Тиймээс энэ гэмт хэрэг мөн гэж хуульчид дуу нэгтэйгээр хэлж асуудлыг яаралтай шийдэхийг МАН-ын томчуудад уламжилсан ч тусыг эс олж байна. Уг нь өнгөрсөн даваа гарагт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хэлэлцэх байх гэсэн хүлээлт нийгэмд байсан ч МАН-ынхан энэ талаар ганц ч үг ганхийлгүй байсаар өнөөдөр чуулганыг хаахаар боллоо. Аргаа барсан АН-ынхан өчигдөр мэдээлэл хийхдээ ирэх сарын 5-ны өдөр ЖДҮ-чин гишүүдийг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй ЖДҮ-чин гишүүд гэмт үйлдлээ дарахын тулд ШХАБ-тай холбогдсон тухайг ч тус намынхан хэлж байв.
Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай- ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-тай холбогдож байна. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд байна. ШХАБ-д элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй. АН ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө хатуу зогсоно хэмээлээ.
Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн бол ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд Монгол Улсын тусгаар тогтнолд аймшигтайгаар заналхийлж өөрсдийн гэмт үйлдлээ маш өндөр үнээр хаацайлах оролдлого хийж байна гэсэн үг.
Хэрвээ уншигчид санаж буй бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зээлтэй холбогдсон хүмүүсийг хараад байхад жилийн өмнөх Засгийн газар унасан, мөн байгуулагдсан үйл явдалтай холбоотой байх шиг. У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ дахь өөрийнхөө түншүүдийг урамшуулсан шан харамж, барьцаа маягтай зүйл юм биш үү гэж харагдахаар байна. УИХ-ын гишүүний нэг кноп 950 сая төгрөгөөр үнэлэгдсэн юмдаг уу даа” хэмээн ярьсан байдаг. Яг үнэндээ Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад онцгой гавьяа байгуулсан гишүүд кнопныхоо төлбөр болгож ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн гэдгийг сайд асан Х.Тэмүүжин бараг л оноод хэлсэн гэсэн үг. Гэтэл ард түмнийхээ боломжийг хулгайлж өөрсддөө давуу эрх олгуулсан хулгайч гишүүд одоо бүр даварч Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн үйлдэл хийхээр зэхэж буй нь ЖДҮ-ийн зээлээс ч илүү ноцтой. Тиймээс О.Магнай даргын хэлсэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-тай холбогдож байгаа гэх асуудлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.
Х.Маргад
Сэтгэгдэл