ПАРИС. /NHK/. “Их 7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын Францын Динард хотноо хийсэн хоёр өдрийн уулзалт бямба гарагт өндөрлөж, зургаан орны Гадаад хэргийн сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливан нар хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ.
АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, Европын Холбооны төлөөлөгчид олон улсад тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, дэлхий дахинд энх тайван, хүртээмжтэй байдлыг цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Динардын тунхаглалд, худалдааны чөлөөтэй, нээлттэй олон улсын дүрэм журамд суурилсан тогтолцоонд оролцохыг БНХАУ-д, цөмийн зэвсгээс ангижрах талаарх АНУ-тай хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д тус тус уриалсан байна. Үүний зэрэгцээ Ливи дэх хурцадмал байдлыг зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалаад, Ливийн хямралыг зохицуулахад цэргийн оролцоо шаардлагагүй гэдгийг дахин нотолжээ.
Энэхүү уулзалтыг даргалсан Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан сэтгүүлчдэд хэлэхдээ, худалдааны хамгаалах бодлого дэлхий дахинд дэлгэрч буйд санаа зовниж байна гэжээ. Мөн тэрбээр, Франц, Япон, Герман, Канад худалдааны олон талт бодлогыг хамгаалах холбоо байгуулсан тухай мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл