Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хаах хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргана гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд энэ хуульд хамрагдах албан тушаалтнууд 2018 оны хөрөнгө орлогоо (ХОМ) мэдүүлсэн байна. Өнгөрсөн оны 282 албан тушаалтны ХОМ-ийг өнгөрсөн баасан гаригт АТГ цахим хуудастаа байршуулаад байна. Тэгвэл үүнээс нэг өдрийн өмнө буюу өнгөрсөн пүрэв гаригт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улстай холбоотой тайлан зөвлөмж гаргасан нь АТГ-аас нийтэлсэн ХОМ-тэй давхцаж байна. Энэ тайланд “Монгол Улс хууль сахиулах байгууллагуудаа хүчирхэгжүүлж, авлигатай тэмцэх хараат бус, бие даасан байдлыг нь баталгаажуулах ёстой” хэмээн онцолсон байлаа.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ойлголтыг сайжруулахыг зөвлөв
Хөрөнгө орлогын мэдүүлгийн системд ахиц дэвшил гарсан ч төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөнд анхаарал хандуулахыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмжид онцолсон байлаа. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн шинэ ойлголтуудыг хуульд оруулсныг эерэг дэвшил гэж үзээд, цаашид олон улсын стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөсөн байна. Үүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг хангах, иргэний нийгэмтэй идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай хэмээн онцолсон байлаа.
Улс төрийн намуудын санхүүжилт, тэр дундаа улс төрийн намуудын хандивлагчдын эрх ашгийн хэмжүүрээр асуудлыг шийдэх, ил тод байдал нь хангалтгүй байгааг АТГ яаралтай шийдэх, хуулийн асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатай гэж дээрх зөвлөмжид бас сануулжээ.
Төрийн өндөрлөгүүдийн бэнчин хэрхэн өсөв?
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр нийт төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын хэмжээ хэрхэн өссөн бэ, энэ нь бодитой юу, хэн үүнийг үнэн гэж нотлох вэ гэсэн асуулт гарч байгаа юм.
Төрийн гурван өндөрлөгийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд 40.9 сая, УИХ-ын дарга Г.Занданшатар 94.3 сая, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 160.7 сая төгрөгийн орлого олсноо тайлагнажээ. 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 13 тэрбум 979 сая, гэр бүлийн есөн сая 700 мянган төгрөгийн орлогоороо тэргүүлсэн байна. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орлого тасралтгүй өсчээ.
Тодорхойгүй мэдээллийг хэн хянах вэ?
Хөрөнгө орлогын мэдүүлгийн цаад зорилго юу вэ. Албан тушаал эрхэлсэн хүмүүсийн халаасыг гайхуулах зорилготой биш нь мэдээж биз. Ингэж асуух шалтгаан нь тодорхойгүй мэдүүлгүүдтэй холбоотой. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орлого сүүлийн хоёр жил тасралтгүй өссөн гэсэн боловч өнгөрсөн жил гэр бүлийнх нь орлого 00 төгрөг болсон байна. Түүнчлэн хадгаламж, картынх нь үлдэгдэл ч 00 дүнтэй болж. Өөрөөр хэлбэл, 2014-2017 онд 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол одоо юу ч үгүй дууссан гэсэн байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн орлого 2016 онд 171 сая төгрөг байсан бол өнгөрсөн жил 22.7 сая болтлоо буурчээ. Ийнхүү өөрчлөгдсөн мэдээллүүдийн үндэслэлийг тайлбарлах, ойлголмжгүй зүйлсийг тодорхой болгох шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.
Жагсаалт үүсгэх гэж мэдүүлэг өгдөг үү?
Өөрийн орлоготой хэр нь гэр бүлийн орлогогүй гэсэн мэдээлэл УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар үргэлжилж байгаа юм. Өөрийнх нь орлого 23 сая төгрөг байсан ч гэр бүлийн орлого байхгүй гэжээ. “Хөрөнгө орлогын мэдүүлэг авч буйн гол зорилго юу юм бэ гэдэг нь асуулт юм. Зүгээр жагсаалт үүсгэх зорилготой юм уу эсвэл үүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Мэдүүлгүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг нь харьцуулж, тулгаж боловсруулдаг систем байдаг уу гэдэг нь ч тодорхойгүй байна” гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, докторант Ш.Энхтуул хэлсэн юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргадаг олон график тоон үзүүлэлтийн адилаар төрд алба хашиж буй хүмүүсийн орлого өссөн дүн, хөрөнгөжсөн тоон үзүүлэлтийг олон нийтэд танилцуулдаг тогтолцоо хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна тэдгээрийн үндэслэлийг ч ойлгомжтой тайлбарлах ёстой гэж Ш.Энхтуул багш хэлэв.
Тэгвэл энэ талаар АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Хууль ёсны дагуу олсон гэдгээ нотолж чадахгүй тохиолдол байдаг. Ингэснээр бид үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн мөрдөн шалгах ажлыг эхлүүлдэг. 50 саяас дээш хэмжээний хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол хуулийн хариуцлага тооцно. 2018 онд 20 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шинж агуулсан байсан” гэж “Ikon.mn”-д ярьсан байлаа.
“Энэ бол хамгийн аюулгүй тоонууд”
Энэ мэдүүлгүүд бодит эсэхэд эргэлзэх шалтгаан байж болно гэдгийг эдийн засагчид үгүйсгэхгүй байна. Ийм тохиолдолд тодорхойгүй орлогын асуудлыг нотлуулах талаар гомдол гаргах эрх нь иргэдэд бий. “Тухайн албан тушаалтан хөрөнгө орлогынхоо өсөлт, бууралтыг хуулийн дагуу хийсэн эсэхийг баталж чадах ёстой. 20 сая төгрөг олдог байсан бол гэнэт 40 саяыг олдог болсны шалтгаанаа тайлбарлаж чадахгүй бол тэр хүнийг шалгуулах эрх нь иргэдэд бий. Гэвч ингэж гомдол гаргадаг хүн бараг байхгүй. Хяналтын байгууллагууд нь гомдол ирээгүй бол асуудлыг шалгах тогтолцоогүй байдаг” гэж судлаач Р.Ууганбаатар хэлж байна. Түүнчлэн түүний үзэж буйгаар албан тушаалтнуудын хамгийн бодит, “аюулгүй” тоонууд хөрөнгө орлогын мэдүүлэгт багтдаг аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл