Л.Гансүх нарын хэргийг захиалсан “Ичсэн хүн”-ийг Н.Алтанхуяг илчлэх үү


 УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг маргааш мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын тэргүүнийхээ албан тушаалыг өгөөд уул хадаар аялал хийхийг илүүд үзэх болсон энэ эрхэм ямар асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Ямартай ч гуравдугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхээс "Шинэчлэлийн” Засгийн газрын үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрөөс 1.1 тэрбум төгрөг шамшигдуулсэн хэргээр 3.6 жилийн ял оноосон. Уг асуудлын хүрээнд мэдээлэл хийх байх гэх таамаг цахим ертөнцөөр хөвөрч байна.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг "Шинэчлэлийн” Засгийн газрыг огцруулах "өгөөш” нь болсон гэдгийг тухайн үед хэлэх хүн олон байсан. Тэгвэл Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцрохдоо "Албан тушаалыг нь булаахдаа нөхөрлөлөөр нь барьцаалдаг юм байна...” хэмээн хатуухан хэлсэн нь улстөрийн бохир үйлдлийн нэгээхэн хэсгийг илчилж байсан удаатай. Мөн "Л.Гансүх ямар ч эрх мэдэлгүй. Энэ ажлыг би эхлүүлсэн. Үнэхээр шийтгэмээр байвал намайг шийтгэ” хэмээсэн нь найз нөхөдтэй хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, тэдний сайхан нөхөрлөлийг бататгах ишлэл өгүүлбэрүүд цахим ертөнцийг байлдан дагуулж байсан юм.

 

"Энэ хэрэг цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Нам дамнасан хэдэн аюултай хүн байна. Зохион байгуулалттай. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш.

 

Тэгвэл Л.Гансүх нарын Анхан шатны шүүх хурал дээр Н.Алтанхуяг "Энэ хэрэг цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Нам дамнасан хэдэн аюултай хүн байна. Зохион байгуулалттай. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртлөө. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Энэ хэргийн цаана хэн байгааг та нар олохгүй юу. Монголыг хоёр, гурван хүн л удирдаж байгаа шүү дээ. Тэр нь нам дамжчихсан байгаа биз дээ. Та нар мэдэж байгаа ш дээ. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх” хэмээсэн билээ.

 

Ийм учраас Н.Алтанхуяг гэдэг хүн Л.Гансүх нарын гэх хэргийн захиалагч, зохион байгуулагч нь хэн болохыг мэдэж байгаа юм байна гэх ойлголтыг олон нийт авсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэлхэргийн жинхэнэ захиалагч, зохион байгуулагч нь хэн болох талаар ам нээгээгүй.

 

Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа "Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ хоёр жил хямд нүүрсээр хангасны төлөө Л.Гансүхэд маань 3.6 жил шоронд суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэсэн улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаад ичсэн хүн хүн ална гэдэг юм боллоо” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь мөн л энэ хэргийг захилагч "Ичсэндээ Л.Гансүхэд ял оноож байгаа юм байна" гэх таамгийг бий болгосон. Ямар ч байсан хохирогчгүй хэргийн хохирогч болоод буй Л.Гансүх нарын гэх энэ хэрэг "захиалагчтай" нь тодорхой.

 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлээд буй

-Засгийг огцруулах зорилготой нам дамнасан аюултай хүн хэн бэ?

 

-Ичсэндээ хүн "алж" буй захиалагч хэн бэ?

 

-Л.Гансүхийг нөхөрлөлөөр нь барьцаалан хорьж, 3.6 жилийн ял сонсгож дөнгөсөн тэр хүн хэн бэ? гэдэг ар араасаа хөврөх асуултууд өнөөдөр олны анхаарлыг татаж, нийгэмд хүлээлт үүсгээд байна.

 

Маргааш болох хэвлэлийн хурлаараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ бүх асуултын хариуг хэлэх үү? гэдэг асуулт бас байна. Л.Гансүх нарыг барьж, хорьсноос хойш анх удаагаа хэвлэлийн хурал зарласан тэрбээр энэ "учир битүүлэг" хэргийн учгийг тайлах болов уу. Л.Гансүх нарын хэргийг захиалж, зохион байгуулсан эрхмүүдийн үнэн нүүр царайг олонд илчилж, багийг хуулах уу гэх таамаг хүлээлт олны дунд үүсээд байна.

 

24tsag.mn      Б.Энхжин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.