Хилээр хууль бусаар гаргасан палеонтологийн олдворыг АНУ-аас авч ирэхийг даалгав


Хилээр хууль бусаар гаргасан палеонтологийн олдворыг АНУ-аас авч ирэхийг даалгав

Засгийн газрын өнөөдрийн /2019 04.10/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
  • Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. 
  • “Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.
  • Энэ онд 9,000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.   
  • Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. 
  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.