Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүллээ.
Бүрэн эрхийнхээ хугацаанд АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон учраас түүнийг ч Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Ер нь хуулийн хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход тун ойрхон байв. Түүнийг өмнө нь Элчин сайдын албан тушаалаас буух өргөдлөө өгсөн байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Элчин сайдаар томилогдож байсан юм. Дипломат албаны тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил байсныг дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.
Ер нь тухайн үед Б.Дэлгэрмаатай хамт томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа ч дуусах дөхөж байна гэсэн үг. Одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 орчим орны Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болжээ. Прокуроруудын томилгооны араас энэ асуудал орж ирэхээр хүлээгдэж буй бололтой.
Томилогдох Элчин сайд нарын нэр ч албаны хүрээнд тодорчихсон байна. Өнгөрсөн онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусжээ. Түүнчлэн Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаж, оронд нь шинэ Элчин сайд томилохоор болсон байна. Тэгэхээр энэ бүх орны Элчин сайд нарын асуудал болон шинээр консулын газар нээхээр болсон орнуудыг нийлүүлэн тооцвол 10 гаруй орны Элчин сайдыг хаврын чуулганы хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилно.
Гадаад харилцааны яамнаас орж ирсэн Элчин сайдуудын нэр дээр эрх баригч намынхан ерөнхийдөө санал нэгдсэн байна. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд энэ удаагийн Элчин сайдуудын томилгоог улстөрчийн зөвлөх ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүсийг оруулж ирэх асуудлыг таслан зогсооно. Төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадварын шалгуураар хүмүүсийг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр яригдаж байна. Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Түүнийг Австри улсад Элчин сайдаар томилох асуудал нэлээд өндөр төвшинд яригдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль, шүүхийн салбарт томоохон сэлгээ хийх ажилд хамтарч, ноцтой зүйлүүд дэлгэн ярьж байгаатай холбон ярих хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл, түүнд өгч буй нэг шагнал нь хүүгийнх нь албан тушаалын томилгоо бололтой.
Түүнчлэн нэр дэвшигчдээс онцолбол, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазарын хувьд Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 онд Монгол Улсаас Камбожийн Вант улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Мөн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд ч 2012 онд Энэтхэг улс дахь Элчин сайдаар томилогдон удалгүй өөрийн хүсэлтээр эргэн ирж байсан.
Гэхдээ Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Элчин сайдуудыг томилж, Итгэмжлэх жуух бичгээ өгөх нь улс орны ажил гэхээс илүүтэй хувь хүний үзэмжийн асуудал болоод нэлээд удсан. Өмнөх сайдуудын асуудал УИХ дээр гацсаар байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл