Дундговь ганцхан мандаттай. Ганц мандатын төлөө олон нэр дэвшигч үзэлцэнэ л гэсэн үг шүү дээ. Мөнгөтэйгөөрөө бас өглөгчөөрөө гайхагддаг "Мон уран”-ы Б.Наранхүү сонгогчдоосоо дэмжлэг авч УИХ-д дөрвөн жил суулаа. Бараг л дөрвөн жил дуугүй байж чадсан. Нөгөө Б.Чойжилсүрэн шиг "хэлгүй Королле” нэр авах "болзол хангав даа” тэр. Гэхдээ эрхэм гишүн Б.Наранхүү ирэх сонгуульд АН-аасаа дахиад нэр дэвших ажээ.
Өөрөө "Миний сонгогчид намайг дэмжинэ” гэж найддаг л байх. Наадам болно оо. Б.Наранхүү нэг хэсэг жип "хөтөлж” зөндөө байрны түлхүүр халаасалж очоод тараана. Аймгийнхан нь түүн шиг өглөгч хүн өөр байхгүй гэж бодоод л, хэзээ ч юм ЛАНД-200 юм уу шинэ байрны түлхүүр алган дээр тавих байх гэж горьдоод Б.Наранхүүгээ л сонгочихьё гэх байлгүй.
Тун удалгүй сумд нь 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэгэхэд мань хүнийг сум бүрт 100 ширхэг "Ямаха” мотоцикль бэлэглэх байх гэж төсөөлдөг биз. Тэгэхлээр Ардчилсан намынхан энэ тойрогт хэн нэгнээ илгээж "хад мөргүүлэхгүй” гэх болов уу. Уг нь Дундговьтоо Б.Наранхүүгээс дутуугүй юм хийж нэг сумыг өнгө төрхийг нь сайжруулсан Р.Эрдэнэбүрэн соногчдодоо танигдаад байсан. Гэтэл түүнийг Авлигатай тэмцэх газар гэдэг "хадны мангаа”-д олз болгочихлоо. Б.Наранхүүгийн замыг засч байгаа хэрэг л дээ.
Тэгвэл Б.Наранхүүтэй хэн өрсөлдөх вэ? Хариу олоход хэцүү болов. Яагаад гэл дээ. Уг нь МАН-ынхан л хүчтэйхэн өрсөлдөгч гэдэг. Аймгийн МАН-ын дарга Б.Амарсанаа гэж залуу бий. Гайгүй ч хүн. 2012 оны сонгуульд Б.Наранхүүтэй "яс үзэж” маш цөөн санал дутсан гэдэг. Тэр энэ сонгуульд даагаа нэхэх учиртай байсан. Гэтэл саяхан намынхантайгаа нийлж аймгийн иргэдийн хурлын дарга С.Буджавыгаа нутагт нь очиж бүлэглэн зодож чамирхайг нь цөм цохиж танхайрсны улмаас эрүүгийн хэрэгтэн болсон сурагтай. Уг нь бүлэг хэрэг болохоос биш жинхэнэ зодогч нь аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар л голлосон гэж гэрчүүд нь ярьдаг юм билээ.
Ер нь тус аймгийн МАН-ынхан сүрхий гэгддэг. Намын хурлаа сав л хийвэл зодооноор дуусгадаг гэмтэй. Муу С.Буджавыг ч нэг биш удаа зодсон байх. Сая төгс зодуулаад гадаадад эмчлүүлэхээр яаруухан явсан дуулдана лээ.
Тийм ээ. Дундговьд сонгууль ийм ширүүхэн зодооноор эхлэв гэнэ. Тэгэхээр МАН-аас дэвших магадлалтай хүн гэвэл Ц.Ганхүү л бололтой. Төрд ч алба хашиж үзсэн тулхтай л нөхөр дөө. Өмнө нь сонгуульд нэг биш удаа нэр дэвшсэн "Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн, бас энэ нутгийн унаган хүн гэдгээр Дундговийнхон сайн мэднэ. Түүнийг дэвшлээ гэхэд сонгогчид талтай байлаа гэхэд намынхны нь танхайрал саадтай байх болов уу. Сүүлийн үед сонгуулийг сонирхолтой болгож магадгүй нэг өрсөлдөгч энэ тойрогт гарч ирээд байгаа нь Хөдөлмөрийн үндэсний намыг төлөөлж байгаа Б.Баярмагнай. Яагаав нөгөө БХЯ-нд жанжин штабын орлогч байсан залуу генерал. Түүнийг НҮБ-д ч гэлүү олон улсын байгууллагад цэргийн командлагч болох гэлээ гээд л ажлаас нь чөлөөлсөн дуулдсан шүү дээ.
Тэгсэн үгүй л юм байна л даа. Одоо тэр улстөрч болохоор шийдээд хөдөөгүүр хаа сайгүй уулзалт хийж яваа гэнэ ээ. Иргэдийн яриагаар түүнийг гайгүй өрсөлдөгч болно байх гэлцэх юм. Гэхдээ нам нь толгойдоо хүн тогтоодоггүй тааруухан нэртэй. Нэр дэвшигч ямархуу байх нь гол биш дэвшүүлсэн нам нь тулхтай байна уу, үгүй юу гэдэг бас анхаарах ёстой асуудал шүү дээ.
Тэгвэл МАХН-аас Гаалийн дарга асан О.Ганбат дахиад дэвших магадлал бий. Бас Б.Тогтохбаярын нэр ч дуулдаж л байх юм билээ. Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчийн жагсаалт нэмэгдэж таарна. Ер нь тэгдэг л дээ. Санаанд оромгүй бие даагчид ч гарч ирэх магад. Өмнөх сонгуульд бие даагч Л.Данзанноров, З.Эрдэнэбилэг гээд л олон өрсөлдөгч байсан. Тэд шинэ хүн биш. Хуучин танилдаа дулдуйдан тактикаа өөрчлөөд үзэлцэх ч юм бил үү, дахиад.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл