500 мянган хүн амтай, орон сууцны хороололтой, цэвэр, бохирын асуудлыг нь бүрэн шийдсэн цэмцгэр сайхан хот байна хэмээн 1976 онд нийслэл Улаанбаатар хотын төлөвлөгөөг гаргаж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан түүхтэй. Тэгвэл 21 дүгээр зууны нийслэл хот анх төлөвлөгөө гаргаж байснаас тэс өөрөөр хөгжжээ. Өдгөө 1,3 сая хүн амьдарч буй нийслэлд шийдэх, айдас төрүүлэх, ирээдүйдээ санаа зовних олон асуудал бий. Тэдгээрээс чимээгүй аюул учруулж байгаа нь иргэдийн ундний ус хийгээд хүрээлэн буй хөрсний бохирдол юм.
Ерөнхийдөө нийслэлчүүд улирлын чанартай гамшгийн хэмжээний бохирдолтой тэмцэж аж төрж байна. Хөрс, ус бохирдож буй гол шалтгаан бол хүний буруутай үйл ажиллагаа аж.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр, шатахуун түгээх станц, автомашины хорт хаягдал, цахилгаан станцууд, бүх нийтийн хог хаягдал, мөн дээрээс нь гэр хорооллын модон жорлон, нүүрсний үнс, агаарын бохирдол. Энгийн ойлголтоор бол харилцан үйлдэл явагдаж нийслэлийн хөрс, агаар, ус нь иргэд бидний буруугаас болж нэгэн зэрэг бохирдож, хордож байгаа юм. Хавар болж, утаа буурмагц хөрсөнд их хэмжээний тортог бууж, энэ нь газрын хөрсөөр дамжин гүний усанд шингэж, бидний хоол ундыг давхар хордуулж байдаг аж. Энэ хэмжээгээр ундны усаа ч мөн бохирдуулж байгаа.
Хөрс бохирдол гэхээр л ихэвчлэн гэр хорооллыг ярих нь элбэг. Гэвч гэр хорооллоос илүүтэй зайсан орчмын иргэд хүнд нөхцөлд аж төрж байна. Учир нь энэ орчимд арьс ширний үйлдвэрүүд байрлаж байсан хэрсгийн хөрс шороо химийн янз бүрийн бодис, арьс ширний хаягдалаар бохирдсон. Үүнийг үл тоон орон сууцны босгосноос оршин суугчид нь крантнаасаа гоожих хатуулаг ихтэй, ногоон ус, үмхий самхай агаараар өдөр бүр амьсгалж байна.
Энэ талаар иргэн М "Би өмнө нь гэр хороололд амьдардаг байсан. Зайсан орчимд амьдралын бололцоо өндөртэй хүмүүс амьдардаг учир нь эрүүл ахуй, орчин гээд бүх талаараа сайхан байна гэж анх энд орон сууц сонирхож байсан. Гэвч үнэндээ хаа сайгүй муу усны үмхий үнэх үнэртдэг. Ус бол авах юмгүй. Шууд хэрэглэх бараг л боломжгүй. Хатуулаг, зэв ихтэй. Дээр нь "АПУ" ХХК-аас ялгардаг "хөрөнгө"-ний бололтой үнэр бүр хэцүү энэ хавийн оршин суугчдийг утаанаас илүү утас толгой өвтгөдөг. Ер нь тэвчих аргагүй агаар, ус, хөрсөн дээр амьдарч байна шүү дээ" гэв.
Угтаа бол амьдралын эх чандмань эрдэнэ цэвэр ус байх ёстой. Гэхдээ цэвэр устай байхын тулд газар эхийн хэвлий ч мөн адил цэвэр ариун байх учиртай биз. Эрх мэдэлтнүүд нийслэлийг утаанаас нь салгахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах ёстой хэмээн ярьж буй. Гэтэл утаа багассан ч хөрсний борирдлыг арилгаж чадах уу. Хөрсөнд нэгэнт шингэсэн хорт бодис, бохирдол байшин барьснаар цэвэрлэгдэхгүй.
ДЭМБ-ын судалгаанаас харахад жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол арьс салстын үрэвсэл, суулгалт, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нь тодорхой байна.
Монгол Улсад ч тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь гэдэсний халдварт өвчнүүд байдаг. Тодруулбал, 2014 онд сальмонеллёз өвчнөөр 95, цусан суулгаар 2312, суулгалт халдвараар 162, цочмог А хепатитаар 325 хүн өвчилжээ. Үүний дийлэнх нь хүүхдүүд юм байна.
Тиймээс хөрсний бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй хийж эхлэхгүй бол хүн амын дундах халдварт нянгийн гаралтай, эмчлэгдэж болохгүй өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирна гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Үүний тулд төрийн нягт уялдаа холбоотой бодлого зайлгүй хэрэгтэй аж. Утаанаас илүү уршигтай хөрсний бохирдол гэх чимээгүй тахлыг хөндөх сэдэв болгон нийгмийн өмнө тавих цаг нь нэгэнт болжээ.
Б.Учрал
Эх сурвалж: http://erennews.mn
Сэтгэгдэл