Мадуро цэргийн баазаас мэдэгдэл хийжээ


Мадуро цэргийн баазаас мэдэгдэл хийжээ

 

Төрийн эргэлт хийхийг завдсан этгээдүүдэд хариуцлага тооцохыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цэргийн албан хаагчдадаа уриалсан байна.

 

Засгийн газрыг дэмждэг хүчин болон сөрөг хүчин хоорондын мөргөлдөөн хоёр хоног үргэлжилсний дараа Н.Мадуро нийслэл Каракас хотын цэргийн баазын цэргүүдийн дунд зогсож байхдаа уг мэдэгдлийг хийжээ.

 

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо лхагва гарагт цэргийн бослого гаргахыг завдаж, Н.Мадурог албан тушаалаас нь буулгахыг оролдсон юм. Мөн тэрбээр Засгийн газрыг түлхэн унагаахын тулд жагсаал цуглаан өрнүүлэхийг төрийн албан хаагчдад уриалсан билээ.

 

Гэсэн хэдий ч Н.Мадуро цэргийн албан хаагчдын үнэнч байдлыг магтан сайшаагаад, бидний ариун газар нутагт хэн ч гар хүрч, дайн дажин авчирч зүрхлэхгүй гэж хэлжээ.

 

Сөргөлдөгч хүчнүүдийн мөргөлдөөний үеэр дөрвөн хүн амиа алдсаны дунд өсвөр насны хоёр хүүхэд байжээ.

 

Өнгөрсөн нэгдүгээр сард Х.Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны бус хэмээн мэдэгдсэн юм.

 

Сөрөг хүчнийхэн олонхын суудал эзэлдэг Үндэсний ассамблейн дарга Х.Гуайдог АНУ, Их Британи, Латин Америкийн дийлэнх орнууд зэрэг 50 гаруй улс хүлээн зөвшөөрөөд байна.

 

Харин Н.Мадурог ОХУ, БНХАУ болон Венесуэлийн зэвсэгт хүчний удирдагчид дэмжиж байгаа юм. “Н.Мадуро Венесуэлээс зугтан гарахад бэлэн байсан” гэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг тэрбээр няцаагаад, төрийн эргэлт хийх оролдлогыг зааварчилсан хэмээн АНУ-ыг буруушаажээ. 

 

КАРАКАС. /BBC/. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.