ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А269 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт шалгалтын ажлын хэсэг, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийх ажлын хуваарийг тус тус батлав.

Ойн тухай хуулийн хэрэгжилт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийн талаар телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг бэлтгэж иргэд, олон нийтэд тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 41 сая 210 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.