Найман баллын бүсэд оршдог барилгын хана жирийн үед нурж байна


Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах "Москва” хороолол дотор олон хүнд аюул учруулж болзошгүй орон сууц байна. Уг нь орос ах нар барьсан, чанартай барилгатай хороолол гэж боддог байлаа. Гэвч ашиглалтад ороод тавхан жил болж буй есдүгээр байрны гаднах өнгөлгөөний тоосго нурж унан, оршин суугчдад аюул учруулахаар болжээ. Тоосго нь хананаасаа хөндийрөөд, цүлхийчихсэн байх үед нь тус хорооны Засаг дарга Ж.Болорсүрэн холбогдох газруудад хандан, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг албан бичгээр 2014 оны зургадугаар сард мэдэгджээ.

Гэтэл түүнээс ердөө арваадхан хоногийн дараа нөгөө товойж байсан хэсэг нураад уначихсан байна. Тус хорооны Засаг дарга удаа дараа нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын, Цагдаагийн, Мэргэжлийн хяналтын газар гээд холбогдох бүх байгууллагад хандсан ч өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил алга.

29 дүгээр хорооны Засаг дарга Ж.Болорсүрэн "Бид удаа дараа хүсэлт хүргэж байж энэ зовлонгоо удахгүй шийдүүлэхээр болж байгаа. Манай тойргоос сонгогдсон Л.Эрдэнэчимэг гишүүн энэ байрнуудын гадна өнгөлгөөний ханыг шинэчилж засах төсөв, хөрөнгө шийдэж өгнө гэсэн. Яаралтай засвар хийхгүй бол энэ байрнуудад амьдардаг 400 өрхийн 1360 хүнд аюул учруулахгүй гэх баталгаа алга. Бид хаалт, хашилт хийж, оршин суугчдадаа анхааруулдаг.

Өнгөлгөөний тоосго өмнө нь хэд хэдэн удаа нурж унахад аз болж хохирол учраагүй. Бид үүнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын буруу гэж хэлнэ. Барилга баригдаж байх явцад мэргэжлийн хяналтын байгууллага зайлшгүй хяналт тавих ёстой. Тэгээд гаргаж буй зөрчлийг нь тухай бүрт нь илрүүлээд, гүйцэтгэгчээр нь засуулсан бол өдийд ийм байдал үүсэхгүй байсан шүү дээ” хэмээн ярив.

Энэ барилгын өнгөлгөөний тоосго гурван жилийн өмнөөс нурж эхэлжээ. Өмнө нь ганц нэг тоосго унадаг байх үед СӨХ нь засдаг байж. Сүүлдээ хэсэг хэсгээрээ нурж эхлэхэд Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газраас тус СӨХ-нд "Бүүр их хохирол учруулах эрсдэлтэй тул СӨХ засаж болохгүй” гэдэг анхааруулга өгчээ. Саяхан арав хоногийн өмнө есдүгээр барилгынх нь гадна хана дахин нуржээ. Энэ үеэр "уламжлал” ёсоороо цагдаа, онцгойгийнхон нь ирээд туузаа татан хэсэг харж байгаад л явцгаасан байна.

Нурах болгонд нь албан бичиг илгээсээр, авч, өгч байгаа талууд нь залхаж эхэлсэн юм байх. Хорооны Засаг дарга нь албан бичиг хүргүүлснийхээ дараа "Мэдэж байхад юун их цаас явуулдаг юм бэ” гэсэн үг ч сонссон удаатай гэнэ.

Энэ хорооллын 10 байрны есийг нь "Зарубежстрой в Монголии” компани 2009-2011 онд барьж ашиглалтад оруулжээ. Гэхдээ барилгын зураг төсөл, ашиглалтад оруулсан Улсын комиссын акт зэрэг техникийн баримт бичиг нь ашиглагч байгууллагад байгаагүй аж. Барилгын 1-12 дугаар давхрыг дуустал хучилтан дээр өрөх ёстой өнгөлгөөний тоосгыг хучилтын ирмэгийн гадна талаар тасралтгүй үргэлжлүүлэн өрсөн байх магадлалтай байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл, 12 давхар барилгын хананд тогтоох суурь хийлгүйгээр тоосгоо зүгээр л наагаад явчихсан. "Москва” хороолол газар хөдлөлийн найман баллын бүсэд оршдог. Хүчтэйхэн салхинд тоосгууд нь нурж унаад байхад юун найман балл. Газар нэг шилгээхэд үлдсэн тоосго нь хуураад унах нь дамжиггүй. Зөвхөн ес биш долоо, наймдугаар байрны гаднах тоосго ч бас нурж эхэлжээ.

Одоогийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд судалж үзээд дараах эвдрэл гэмтлийг илрүүлсэн байна. "Барилгын хэсэг газрын нийлмэл бүтэцтэй, гадна ханын 12 см зузаан тоосгон өнгөлгөө нь үндсэн хана, дулаалганаасаа хөндийрч ховхорсон, ойролцоогоор 10 ам метр талбайн тоосго тэр чигээрээ нурсан, өнгөлгөө нь хөндийрч цүлхийсэн, дулаалгын хөөсөнцөр нь урагдаж, унасан, тоосгууд нь хагарч, цуурсан” гэжээ. Үүнээс болж дахин нуралт үүсэн, осол гарах нөхцөл бүрдсэн байна.

Энэ талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Цээлээ "Москва” хорооллын орон сууцны гадна өнгөлгөөний хана нурсан тухай анхны гомдол 2014 оны зургадугаар сард ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид шалгалт хийгээд дүгнэлтээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн юм. Одоо засвар хийхийн тулд зөвхөн есдүгээр байрыг бус долоо, наймдугаар байрыг ч хамтад нь техникийн нэгдсэн шийдэлтэйгээр засахгүй бол болохгүй. Тэр байрнуудын гадна хана ч бас нураад эхэлсэн.

Хөрөнгө мөнгө нь шийдэгдэх тийшээ хандаж буй юм билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Засвар хийх төсвөө батлаад ир. Хөрөнгийг нь шийдэж өгье” гэсэн байсан. Бидний харж байгаагаар орон нутгийн засаг захиргааны байгууллага нь энэ байдалдаа анхаарахгүй, юу ч хийхгүй байна. Манай байгууллагаас зөвлөмж аваад дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэстэй хамтарч ажиллавал болохоор байтал одоог хүртэл юу ч хийгээгүй.

Бидний гаргасан дүгнэлтээр тус барилгыг зураг төслийн дагуу бариагүй болох нь тогтоогдсон. Зураг төслийг нь "Тамирын шугуй” гэдэг компани гаргасан. Актанд нь "Зарубежстрой в Монголии” гүйцэтгэсэн гэж гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ хүмүүсийн хэлж байгаагаар "Зарубежстрой” гэсэн нэртэйгээр энд тэндхийн эрээвэр хураавар хүмүүс барьсан гэсэн. Гэхдээ бид үндсэн баримт бичгийг л үндэслэн, дүгнэлт гаргадаг. Улсын комисс ч бичиг баримт үндэслэн дүгнэлт гаргаж байгаа. Зураг төсөл гаргасан байгууллага нь барилгын ажил зургийнхаа дагуу явагдаж байна уу гэдэгт алхам тутамд нь хяналт тавих ёстой.

Гэтэл "Тамирын шугуй” тийм хяналт тавиагүй юм шиг байна лээ. Учир нь бэхэлгээний торыг 600 мм-ийн алхамтайгаар, тасралтгүй байрлуулахаар зураг төсөлд тусгасан байсан. Гэтэл нуралт үүссэн байдлаас харахад торыг харилцан адилгүй зай, хэмжээнд алдаг оног байрлуулсан, бетон гулдмайг өнгөлгөөний тоосгон ханатай холбосон торыг дутуу байршуулсан байсан” гэж ярив.

ХЭНЭЭС ГОМДЛОО НЭХЭХ ВЭ
Барилгын компани засвар үйлчилгээг нь гурван жил хариуцдаг. Энэ нь дуусмагц тэр барилга өөрсдөд нь падгүй болж хувирдаг. Дээрх барилгын хувьд ОХУ-ын "Зарубежстрой” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн захиалгаар "Зарубежстрой в Монголии” компани барьсан гэх. Ерөнхий зураг төслийг "Тамирын шугуй” хариуцжээ. Мөн "Эрхэс арт” ХХК, "Марс констракшн” оролцсон юм байна. Харамсалтай нь, дотоодын компаниудынх нь тусгай зөвшөөрөл хэдийнэ дуусаж, гадаадууд нь Монголоос алга болжээ.

Уг барилгуудыг байнгын ашиглалтад оруулах хурлаар захиалагч компанийн захирал Г.О.Оганисян, гүйцэтгэгч "Зарубежстрой в Монголий” компанийн захирал А.Г.Потатурко болон "Тамирын шугуй” ХХК-ийн захирал, зургийн ерөнхий инженер О.Жамъянсүрэн нар "Барилга зураг төслийнхөө дагуу баригдсан. Байнгын ашиглалтад оруулах саналтай” хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байжээ. Одоо тэднийг хайгаад ч олдохгүй бололтой.

"Зарубежстрой в Монголий” компанид ажиллаж байсан Энхтуяа гэдэг эмэгтэй Монголд байдаг ч гар утасныхаа дугаарыг ойр ойрхон солиод, зугтдаг гэнэ. Эрэл сурал болж байж арай гэж дугаарыг нь олоод залгахаар "Бид гүйцэтгэгч авч ажиллуулсан. Нэрийг нь санахгүй байна. Тэгээд ч манайх гурван жилийн хугацаагаа дуусгасан” гэдэг юм байх. Тэгвэл тэр барилгыг хүлээж авсан Улсын комиссын гишүүд хариуцлага хүлээх хэрэгтэй болно.

Тэд ямар хүмүүс байгаа нь бас л тэмдэглэгдэж үлдээгүй байдаг ажээ. Иргэд гомдол гаргаад шүүхэд хүртэл хандсан ч хариуцагч нь олдохгүй байна гээд үр дүнгүй болдог талаар Засаг дарга Ж.Болорсүрэн ярьсан. Ингээд эцэст нь хувийн компани ашиг олж, халаасаа түнтийлгээд явсны хариуг улс төлөхөөр болж байна.

"МОСКВА” ХОРООЛЛЫН ДЭРГЭДЭХ БАС НЭГ АСУУДАЛТАЙ БАЙР
"Москва” хорооллын баруун талын 137 дугаар байр мөн л хана туурга нь цуурч, оршин суугчдаа айдаст автуулж эхэлжээ. Тэр орон сууцыг "ЗД констракшн” барьж, 2014 оны тавдугаар сард ашиглалтад оруулсан юм байна. Ингээд бас л нөгөө баталгаат хугацаа нь дуусаж байгаа тул оршин суугчид өөрсдөө СӨХ-гоо байгуулан засвар үйлчилгээгээ хийхээр болж. Гэхдээ барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын компани нь хариуцах ёстой аж.

Тус байранд оршин суудаг Г (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) манай сонинд хандан, "Манай гэрийн хана, байрны дам нуруу цуурч эхэллээ. Барилга барьсан компанидаа хэлэхэд хариуцах хугацаа дууссан гэж мэдэгдсэн” хэмээн ярьсан юм. Тус байрны суурь болон хананы хооронд зай гарч, хагарсан байв. Энэ оны хоёрдугаар сарын 5-нд байгуулагдсан СӨХ-ны дарга Г.Чинзориг "Манай байрны хана цуурч эхэлсэн нь үнэн. Үүнийг барилгын компани "Нойтон блокоор барьснаас боллоо” хэмээн тайлбарласан.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.