"Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” энэ бол ЭКО-гийн барилгын үнэн төрх. Нийслэлийн өнгөтэй өөдтэй газар болгоны эзэн суусан "ЭКО констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа гэх хүний балаг өчигдрөөс өнөөдөрт үргэлжилсээр байна. "Эко констракшн” ХХК барилгын салбарын хамгийн муу компани гэдгийг дээр доргүй мэддэг ч хэн ч хариуцлага тооцдоггүй нь үнэхээр сонирхолтой. Барилгын салбар бол иргэдийн тав тух, аюулгүй байдал, амь насыг хариуцах учиртай чухал салбарт тооцогдоно. Гэтэл өнгө мөнгөнд дурласан С.Нямдаваа мэтэд ийнхүү иргэдийн амь нас, эд хөрөнгөөр тоглох эрх байгаа юу. Тэрээр МАН тэрдундаа М.Энхболдыг нийслэлд засаглаж байх үед хөл дээрээ бат зогсож, НИТХ-д дөрвөн жил суухдаа өөрийн бизнесээ улам бүр цэцэглүүлж амжсан зальжин нэгэн.
"ЭКО констракшн” ХХК чанаргүй барилгуудаа рекламны сайнаар борлуулдаг нь өнөөдөр нууц биш болсон. А зэрэглэлийн байрлал болоод "РЕКЛАМ”-нд хууртсан иргэд бодит амьдрал дээр эд хөрөнгө болоод эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Амьдралыг зоосны нүхээр харж, хүний алтан амийг юман чинээ тоохоо байсан барилгын салбарын "үхлийн эзэн” С.Нямдаваа гэх хүнд хэн хариуцлага тооцох вэ. "Элитүүдэд” гэх тодотголтой тэдний байр үнэ ханш, үзэмж хийцийн хувьд яахын аргагүй элит. Үүний нэг нь 2010 онд ашиглалтад орсон даруйдаа 1200 ам.доллараар шоо метр нь үнэлэгдэж байсан Хан-Уул дүүргийн XI хороон дахь "Маршал таун” 216 айлын орон сууц. Харин дараагийнх нь 2011 онд ашиглалтад орсон Баянгол дүүргийн IV хорооны нутагт сүндэрлэсэн 1150 айлын багтаамж бүхий "Голден парк” хотхон, Баянзүрх дүүргийн VIII хороонд баригдсан 240 айлын орон сууц, Баянгол дүүргийн IV хороонд 374, тус дүүргийн VII хороонд 240, V хороонд боссон 264 айлын орон сууц гэх мэтээр үргэлжилсээр байна.
" Маршал таун”
Хана, шат нь цуурч хагарч, үе үе цахилгаан тасрах нь ч юу ч биш өвөл цонх нь цантаж, паар нь хагардаг бол зундаа борооны ус таазнаас дусна гээд энэ хотхонд оршин суугчдыг зовоох асуудал мундахгүй их. Түүнчлэн крантны ус нь зэвтэй гардгаас 30-аад минут усаа гоожуулж байж нэг цэвэр устай золгодог нь өрхийн зардалд нэрмээс болсоор. Тус барилгын шугам буруу холбогдсон, хана, тааз нь тэгш бус хэмтэйгээс тавилга тавихаар бүтэн хүн орох хэмжээний зай ард нь гардаг гэх мэт нүдэнд ил харагдаж байгаа зөрчил ч их аж.
Тус хотхоны 111 дүгээр байранд оршин суудаг нэгэн иргэний Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргажээ. Иргэн С 2010 онд тус компаниас 80 шоо метр талбай бүхий хоёр өрөө байрыг 88 мянган ам.доллараар худалдан авчээ. Тэрээр мэргэжлийн компанид хандан өөрсдийн зардлаар байрны талбайг хэмжүүлэхэд хэмжээ нь 71.32 шоо метр байгааг тогтоожээ. Цонхыг буруу суулгаснаас хананд ан цав үүссэн, өвөлдөө мөстөж, мөсөн давхарга бий болдог. "Цонхны байрлалыг буруу тооцоолсноос агаарын солбицолгүй. Энэ байдал хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг аж. Байрны ханан завсараар ан цав гарсан. Мөн паркетан шал боссон, цэвэр усны шугам эрүүл ахуйн шаардлага хангахгүй, зэв бүхий шар ус байнга гоожиж байна” хэмээн ноцтой баримт бүхий гомдлоо гаргасан байна.
"Баянзүрх”
"Баянзүрх” хотхон 2006-2009 онд баригдсан ч тав арван жил болчихсон мэт хана нь халцарч, лифт нь зогсчихдог. Уг байранд 2500 гаруй иргэн амьдардаг атал нэг ч хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд амарч суух саравч сүүдрэвч байдаггүй. Мөн зуны гурван сарын туршид уг хотхоны ус тасардаг. Үүнтэй оршин суугчид бүр эвлэрчихсэн гэхэд болно. Мөн энэ хороололд өнгөрсөн зун орсон борооны үерийн усны улмаас жижүүрээр ажиллаж, гараашид амьдарч байсан иргэн тогонд цохиулж насбарсан хэрэг гарсныг санаж буй биз ээ.
"Голден парк”
2010 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд орсон "Голден парк” цогцолборын 101 дүгээр байрны цахилгаан шат долоогоос гурван давхар хүртэл унаж, оршин суугчид гомдол гаргасан ч тус хотхоны цахилгаан шатны засвар, шинэчлэлийг хариуцдаг "Хуягт ил баатар” ХХК-ниас цахилгаан шат унана гэж байдаггүй юм гэх хариуг өгсөн байна. "Чандмана хайрхан” СӨХ-ны дарга Н.Уранцогт уг цахилгаан шат гурав дах удаагаа унаж буйг баталсан байдаг.
Мөн Голден паркийн барилгыг гаднаас нь харсан мэргэжлийн бус хүний нүдээр хана нь цууралт өгч арматур төмөр нь ил гарсанд өнгөлөн далдлалт хийсэн нь нүдний өмнө илхэн. Хамгийн аймшигтай нь гэвэл айлуудын тагтны суурь болоод барилгын сууринд цууралт өгч хэдийн ангайсан нь айдас төрүүлмээр.
"Тэмүүлэл”
2009 онд ашиглалтанд орсон "Тэмүүлэл” хотхоны 101-104 дүгээр байрны далд монтажны асуудал сэтгэл түшээсээр өдийг хүрчээ. Учир нь хятад чанаргүй барилгын материалаар хороолол сүндэрлэсэн бөгөөд халуун хүйтэн усны даралт ихсэх л юм бол далд хоолойнууд хагарч 1-12 давхарын айлууд бүхэлдээ усан далайд живдэг гэж байна. Оршин суугчдын ихэнх нь жилд 2-7 удаа хананыхаа цаасыг сольдог бол усны цорго, цахилгааны утас, паркетан шал, гэрлийн чийдэнгээ сольдог гэнэ. Түүнчлэн тус хотхоны 105 дугаар байр гурван жилийн өмнө ашиглалтанд орсон ч өдгөө дээвэр туурга, хана, хаалга бүгд цуурч, нурахад энүүхэнд иржээ.
Энэ бол ЭКО-гийн барилгууд чанарын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйн тод жишээ. Гэвч С.Нямдаваа гэх нөхөр олон мянган иргэдийн амь нас эрүүл мэндээр тоглосон нь багадаж дараагийн балгаа эхлүүлэхээр зэхэж байгаа сурагтай. Эко констракшн ХХК гэр хорооллыг барилгажуулах үйлсэд гар дүрэхээр нэрээ өгч, тэнцсэн гэнэ. Харин энэ төслийг хэрэгжүүлэх компанийг сонгох эцсийн сонголт иргэн таны гарт бий. Тиймээс С.Нямдаваа гэгчийн сайхан үгэнд бүү автаасай гэдгийг танд сануулах юун. С.Нямдаваа барилгын чанартай матераилаас харшилтай гэхэд болно. Хамгийн хямд хятадын чанаргүй материалаар барилгаа барьж иргэдийн мөнгөөр өөртөө ашиг олж өнөөдрийг хуурч байгаа ч ирээдүйг хуурч чадахгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Ийнхүү Эко-гийн ашиглалтанд оруулсан тэнгэр баганадсан барилгууд эхнээсээ цуурч, ганхаж эхэллээ. Гэтэл хэзээ дээрээс нурж ирэхийг нь хүлээсээр суух уу. Энэ мэт гоё рекламны цаана нуугдсан үнэнийг бид та бүхэнд цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: Амжилт. сом Б.МАРАЛ
Сэтгэгдэл