Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр Орхон аймаг тэргүүлж, Архайнгай удааллаа


Аймгуудын өрсөлдөх чадварын ээлжит индекс гарчээ. Уг индексийг Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлж, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд сүүл мушгисан байна. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эрхлэн гаргаж байгаа юм байна. Хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад уг судалгаа хувь нэмрээ оруулдаг аж.

Түүнчлэн судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох явдал гэнэ. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлжээ.

Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломж олгох аж. Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох гэнэ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ийн хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашигласан байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын индекс гарчээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.