АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос саяхан пуужин туршсанд онц ач холбогдол өгөөгүй атлаа 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Жо Байденийг Пхеньян үг хэлээр дайрсныг наргиа болгожээ.
Тэрбээр twitterтээ “Пхеньян жижиг зэвсгээр галласан явдал манай зарим хүмүүсийг түгшээсэн боловч намайг биш. Удирдагч Ким надад өгсөн амлалтаа дагана гэдэгт итгэлтэй байна. Жо Байденийг iQ муутай, түүнээс дор гэсэн нь инээд хүргэв. Надад дохио өгөөд байгаа юм биш үү?” хэмээн бичжээ.
Байден Умардын удирдагчийг дарангуйлагч хэмээн нэрлэсний дараа Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн KСNA агентлаг түүнийг “Энгийн хүн чанар байхгүй гажиг нөхөр. Доогуур iQтай тэнэг амьтан” хэмээн доромж үгээр дайрсан аж. 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж, Трамптай өрсөлдөж магадгүй байгаа Байдений эсрэг Ерөнхийлөгч үг хэлээ хурцалж байна. Тэрбээр Хятадын тал худалдааны хэлэлцээг сунжруулж, Байдентэй хэлэлцээ хийхийг найдаж байгаа бололтой хэмээн ярьсан.
Зэвсгийн шинжээчид ойрын зайн хатуу түлштэй шинэ пуужингуудыг нуух амархан бөгөөд Өмнөд рүү харвасан тохиолдолд унагахад бэрхшээлтэй хэмээн тайлбарлав.
Өмнөх хоёр хэлэлцээ амжилтгүй болсон ч Цагаан ордон Пхеньянтай дахин ярилцахыг хүсэж байна хэмээн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэв. Тэрбээр Токиод ирснийхээ дараа сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ энэ сарын эхээр хийсэн хоёр пуужингийн туршилт ойрын ба богино тусгалынх байсан гэжээ. Гэвч энэ удаагийн туршилт 2017 онд АНУ-д хүрч болзошгүй алсын пуужин туршсанаас хойш хамгийн том цэргийн арга хэмжээ боллоо гэж шинжээчид дүгнэсэн байна.
Түүнчлэн саяын туршилтын улмаас Трамп Хойд Солонгосын зэвсэглэлийг хурааж чадах эсэхэд эргэлзээ төрж эхэллээ. Ноён Болтон “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг баллистик пуужин харвахыг хориглосон. Саяын туршилт НҮБ-ын хоригийг зөрчсөнд эргэлзэх зүйлгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ ноён Трамп болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарах болно гэсэн юм.
Сэтгүүлчид түүнээс Абэ удирдагч Кимтэй ямар нэг урьдчилсан болзолгүйгээр уулзахад бэлэн байна гэж мэдэгдсэнийг тайлбарлахыг хүсэхэд Болтон “Ерөнхий сайдыг хүлээн авах нь Хойд Солонгосын эрх ашигт нийцнэ” хэмээн хариулав. Уг уулзалт Умардад хоригдож буй Японы иргэдийг суллах болон цөмийн пуужингийн асуудлыг шийдэхэд дэмжлэг болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Пхеньян зөвлөх Болтон болон төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарыг хатуу байр суурьтай, дээрэмчин маягийн тактик хэрэглэдэг хэмээн шүүмжилдэг.
Одоо дээр нь “хайхрамжгүй, мэдрэмжгүй” Байден нэмэгдэж байгаа бололтой. Гэхдээ Умардынхан Трампын тухайд эерэг талаас нь мэдээлж, Кимтэй “нууцлаг, гайхамшигтай” нөхөрсөг харилцаа тогтоосон мэтээр дүрсэлж буй. Туршилтууд НҮБ-ын хоригийг зөрчсөн хэдий ч АНУ уг асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх санал тавиагүйг нэрээ хэлэхийг хүсээгүй хоёр дипломат мэдээллээ. Зэвсгийн шинжээчид ойрын зайн хатуу түлштэй шинэ пуужингуудыг нуух амархан бөгөөд Өмнөд рүү харвасан тохиолдолд унагахад бэрхшээлтэй хэмээн тайлбарлав.
Изабел Рейнолдс
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин
Сэтгэгдэл