Б.МАХБАЛЫН ҮЙЛДСЭН ГЭХ ХҮН АМИНЫ ХЭРЭГ МАРТАГДАХ ВИЙ ДЭЭ


Б.МАХБАЛЫН ҮЙЛДСЭН ГЭХ ХҮН АМИНЫ ХЭРЭГ МАРТАГДАХ ВИЙ ДЭЭ

 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тухайн үед  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй жил бараг жил боллоо. Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэллээ.

Цагдан хоригдож байгаа Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал одоогоор таван удаа хойшилсон бол зургаа дахь хурал нь тодорхой хугацаагаагүйгээр мөрдөн байцаалтад буцсан байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр нь: 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан. 

Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.  

Учир нь дээрх хавтаст хэрэгт нэмж шалгах зүйл байна гэсэн үг юм. Яагаад хийсэн хэрэг нь тодорхой байхад яллалаад зохих ёстой ял зэмийг нь  оноочихож болдоггүй хуулийнхан бэ.

Томоохон албан тушаалтан биш, өөр хэн нэгэн жирийн иргэн өнөөдөр хүний амь санаатай болон санамсаргүй байдлаар хохироосон байсан бол хэдхэн сарын хугацаанд гурван шатны шүүхээр хэргийг нь аль хэдийнэ шийдвэрлэчихсэн байгаа даа. Гэтэл томоохон албан тушаалтан, ардаа нэр нөлөө бүхий хүмүүстэй хүний хэрэг гэхээрээ ингээд шийдэгдэхгүй цаг хугацаа хожоод байх юмуу.

Бүхэл бүтэн жил болоход шууд гэрчтэй, гэгээн цагаан өдөр Монгол Улсын яамны гадаа хүний аминд хүрсэн этгээд тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж завааруулаад удаашруулаад байх цаад сонирхол юу юм бэ. Хэргийг үнэн зөвөөр шүүж шийдэх үү гэж бүтэн жил хүлээлээ.

Магадгүй хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших болов уу гэсэн хардлага сэрдлэгэ байгаа ч нуухгүй юм. Эхэндээ хэдэн сар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан энэ хэрэг ингэж явсаар Б.Махбалын үйлдсэн гэх хүн амины хэрэг мартагдах вий дээ.


О.Гэрэл
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.