АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Хэргийн учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдаад арав хоночихлоо. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт, олны нүдэн дээр ил цагаан болсон энэ хэргийн учрыг манай цагдаагийнхан тайлж чадаагүй л байна.
Тиймээс АН-ын зүгээс хэргийн шалгалтад хөндлөнгийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолын үндсэн дээр Олон улсын парламентын холбооноос тусламж хүсч, хөндлөнгийн хяналт тавиулахаар хандсанаа мэдэгдлээ.
Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бас нэг ноцтой баримтыг хэлжээ. Хэрэг гардаг өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, үйлчлэгчдийг дуудан цэвэрлэгээ хийлгэсэн гэж. Тиймээс сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалах гээд хэргийн мөрдөн шалгалтанд тээг болох вий, улс төржилт явах вий хэмээн болгоомжилж буйгаа, үүнээс шалтгаалан ОУПХ-нд хандсан гэв.
Тэгвэл гишүүн асны болгоомжлоод байгаа тэр тээг саад чинь хэдийн тавигдчихсан гэж хэлж болохоор байна. Угаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаанд зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан, гэмтлийн улмаас нас барсан гээд тогтоочихсон байгаа. Харин унасан шалтгааныг олох нь л цагдаагийн байгууллагын ажил байв.
Хамгийн гол нь уг хэрэг төрийн тусгай хамгаалалттай газар, олны нүдэнд ил газар болсон. Засгийн газрын хуралдааны танхимын өмнөх хоёрдугаар давхрын гонхноос хүн унаж (санаатай эсвэл санамсаргүйгээр унагаасан ч байж магадгүй) нас барсан. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан шөнө дөлөөр хэргийн газар очиж ажилласан. Тухайн үед төрийн ордонд байсан, ордноос гарсан бүх хүмүүсийг бүртгэж, дараа өдөр нь мэдүүлэг, байцаалт авсан.
Мэдээж энэ олон хүнээс гэрчийн мэдүүлэг байцаалт авах, өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад нэг, хоёр хүний хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага яаравчлан ажлын хэсэг байгуулсан байх. Үүндээ тагнуулын байгууллагыг ч бас татан оруулсан (учир нь төрийн ордонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ТТХГ нь тагнуулд харьяалагддаг) байх. Тэгээд хэзээ мөдгүй хэргийн үнэн мөн илрэх байх гэж олон нийт харж, хүлээж байлаа. Ядаж л “гаднын нөлөөгүй, гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг жижүүрийн үгээ хэлэх болов уу? гэж.
Гэсэн ч тийм юм болсонгүй. Ямар нэг ажлын хэсэг байгуулсан, хэргийн мөрдөн шалгалтад ач холбогдол өгч, хүн хүч дайчилсан талаар хэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэр тусмаа гэмт хэрэгтэй тэмцэх чих үүрэг бүхий Хууль зүйн сайд нь ганц үг амнаасаа унагасангүй. Хэргийг шалгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга ч ус балгасан мэт дуугүй байна.
Тэгэхээр энэ хэргийн шалгалтад ямар нэг улс төрийн нөлөө оржээ гэдэг нь бараг л тодорхой болоод байна. Тэр тусмаа энэ хэргийн учрыг олох сонирхол цагдаагийн байгууллагад ч, Хууль зүйн сайдад ч байхгүй байна.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийхдээ “Хэрэг гарах үед хэсэг бүлэг хүмүүс муудалцсан байж магадгүй” гэж хэлсэн. Мөн олон хүн согтуу, хөлчүү байсан, агсан согтуу тавьсан (хэргийн материалд авагдсан байх учиртай) тухай ч ярьсан.
Өөр нэг эх сурвалжийн хэлснээр хэрэг гарахаас 20 орчим минутын өмнө Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд гаднаас ажил хэргээр дуудагдаж орж ирсэн олон хүмүүс байсан. Сэтгүүлчид ч мөн байсан гэдэг. Мөн Г.Батхүү агсныг унасан, цус алдсан байдалтай байхыг анх харсан гэрчүүд цагдаа болон эмнэлэг дуудаагүй байсан. Гэх мэт сэжиг таамаг, сэжмүүд олон бий. Хамгийн гол нь уг явдал хүний нүднээс далд, хэнд ч мэдэгдэхгүйгээр болсон байх боломжгүйд хамаг учир байна.
Гэвч энэ хэргийг шалгахад гудамжинд ажилладаг цагдаа төрийн тусгай хамгаалалттай газар ороод бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байж магадгүй гэх агуулгатай яриаг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгсөн байна. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх, илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд юу хийж, юу ярьсан бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?
Томоохон мөнгө, хөрөнгөтэй холбоотой, ашиг сонирхлыг нь хөндсөн асуудал болгон дээр хөхөөтэй цаг шиг гарч ирж донгоддог энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий эрхэм цаг бусаар амиа алдаад, түгшүүр төрүүлээд байхад яагаад ам нь үдээтэй явна вэ?
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл