Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. Угтаа бол өнгөрсөн долоо хоногоос эхэлж Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намынханд маш том анхааруулга, сануулга хоёрыг хамтад нь сонордуулсаныг хүн бүхэн мэднэ.
Үүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбумаар нь "хуссан” УИХ-ын гишүүд одоог хүртэл ямар ч ёс зүйн хариуцлага хүлээгээгүй учраас УИХ-ыг сайн дураараа огцор гэх сануулгыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дохь удаагаа өгчихөв. Үүнийг баталсан жагсаал ч өнгөрсөн пүрэв гарагт төв талбайд болж маргааш нь буюу баасан гарагийн УИХ-ын чуулганы үеэр АН-ын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах санал хүргүүлэв. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэд хэлэхдээ "Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгуурууд ганхаж эхэллээ. Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг туйлдуулж, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байна. Үүнийг АН эрс эсэргүүцэж байна. Тиймээс Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүллээ. Авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцруулах ёстой” гээд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ ийнхүү тайлбарласан юм.
-ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа
-Иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байна.
-Төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна” гэжээ.
Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн хугацаа дуусгавар болсон гэдгийг болж буй үйл явдлууд харуулсан. Одоо ирэх сараас эхэлж Ерөнхийлөгчийн акц идэвхжиж У.Хүрэлсүхийг Засгийн газартайгаа огцрохыг шаардсан жагсаал өдөр болгон төрийн ордныг гороолж эрх баригч намыг амар тайван байлгахгүй нь лавтай. . Хэдийгээр энэ үйл явдал нь сөрөг хүчин хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс хийж буй анхааруулга ч гэлээ МАН-ын хэрүүлийг хөндлөнгөөс ажвал, 2016 онд АН ялагдах болсон шалтгааныг дэлгэрэнгүйгээр харж болно.
Тухайлбал, 2012-2016 онд АН УИХ-д 34 суудалтай, олонхын байр суурьтай, ихэнх аймгийн удирдлагыг гартаа авсан байсан. Гэтэл зөвхөн дотоодын хэрүүлээсээ болж 2016 онд есхөн суудалтай хоцорч, ганц л аймагт ялалт байгуулсан. Тэд одоо тэмцье гээд ч босох тэнхэлгүй байгаа. Харин энэ гашуун түүхийг МАН давтах гэж байна. Энэ уналт нь АН-д сайхан боломж гаргаж өгөх нь ойлгомжтой. Угаасаа 2021 онд МАН-ынхан эрх баригч болж чадахгүй бол түүхт зуун жилийн ой тэмдэглэхийн оронд намаа татан буулгасан этгээдүүд болж түүхэнд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалын төлөө өөрийн үнэт зүйлсээ гаргуунд нь гаргасан тус намын энэ мэт увайгүй үйлдэл 2020 онд МАН-ыг ялагдалд хүргэх гол шалтгаан нь болно.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл