Будилаантай нам, “баар”-тай улстөрчид


Төрийн албаны зөөлөн суудлаасаа эс хүссэн ч түр хөндийрч улиран сонгогдохоор ард иргэд рүү нүүдэллэдэг  улс  төрийн цаг хугацааны гарман дээр улстөрчид, намууд зогсч байна. Сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд хуулийн хугацаанд нь мөрийн хөтөлбөрөө боловсруулан аудитын газар хянуулахаар өгсөн. Эхнээсээ мөрийн хөтөлбөрийн төслөө аудитаас авсан дуулдана. Эдүгээ улс төрийн хүчнүүдэд сонгуульд нэр дэвшигчээ тодруулах том ажил бий. Одоогийн үйлчилж байгаа хуулиар пропорцианаль 28 намын жагсаалтаар мажоратори 48 тойргоос нэр дэвших юм. Тиймээс намын жагсаалтад орлоо гэхэд дээгүүр бичигдэх гэсэн, тойрогт нэр дэвших эрхээ авах гэсэн өрсөлдөөн улс төрийн намуудад өрнөж, сэм хуйвалдах хор найруулга жинхэнэ утгаараа явагдана. Намаас сонгуульд нэр дэвших эрхийг хэн хүчтэй бүлэглэлтэй, бэл бэнчинтэй, татаастай нь авдаг хойно. Эрх ашгийн төлөөх тэмцэл намуудын дотоод зөрчлийг гадагшлуулж ил гаргадаг гэмтэй.  

 

 

АН-ын "толгойны өвчин”

 

Эрх баригч хүчин АН сонгуульд дангаар оролцохоо мэдэгдэн, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар хянуулсан. Тус намынхан энэ сарын 23-нд ҮЗХ-ны хурлаа хуралдуулахаар зарласан ч хойшлуулав. Ер нь АН-ын ҮЗХ-ны хурал товлогдсон хэдий ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдах нь сүүлийн үед ердийн үзэгдэл болжээ. Энэ нь тус намын дотоод асуудалтай холбоотой. Сонгуулийн тойрсон бус түүнээс давсан ширүүхэн зөрчил АН-д хэдэн жилийн өмнөөс үргэлжилж, тогооноосоо халиад байгаа. Эдүгээ сонгуулийн циклийн энэ үед дотоод зөрчил нь АН-ыг хэдэн хэсэгт хувааж, задарч, бутрахад хүргээд байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ-ны хуралд намын дарга З.Энхболдын бус экс дарга Н.Алтанхуягийн "Алтангадас” фракцынхан давамгайлдаг. ҮЗХ-ны хурлын өмнө зөвшилцөж, ойлголцохгүй аваас шийдвэр "Алтангадас”-ын талд гарах магадлалтай.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр гэхэд өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчээр явж ирсэн. Тиймээс АН-ын гишүүд намын удирдлагуудаа албан ёсны бус хэмээн эсэргүүцэх нь байдаг. Үүнийг АН-ын хурлын үеэрх гишүүдийн дарга нарыгаа огцруулахыг уриалсан эсэргүүцлийн лоозон, Эдийн засгийн форумыг намын хуралтай эндүүрч спикер рүү шидсэн оймс, "Женко” Х.Баттулгын МоАХ-ын гишүүдээ "өмнөө барьсан”  тоглолт зэргээс харагдана. Тус намын ҮЗХ-ны хурлын тов цуцлагдаад байгаа нь ч үүнтэй холбоотой. Тиймээс ч АН-ын удирдлагууд гишүүддээ эвээр хандахгүй бол хальтрахад нь түших бус түлхэж унагачихаад өөрсдөө тамга булаалдах журмын нөхөд ч байгааг бусдаар хэлүүлэлтгүй мэдэрч байгаа биз. Ийнхүү эрх баригч хүчинд төрийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө зарим нөхдийн биеийг гэртэйгээ хамт засах асуудал тэдний толгойны өвчин болоод буй.

 

 

МАН-аас  бэлтэй нь нэр дэвших үү, бядтай нь уу?

 

Сөрөг хүчин МАН ирэх сонгуульд ялбал эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж байна лээ. Энэ шинэ уриа биш МАН-ын хэлж л байдаг мартагдаагүй лоозон. Сөрөг хүчин МАН эрх баригчдад улсыг өрөнд унагалаа гэж шүүмжлэлтэй ханддаг. Хариуд нь эрх баригчид зээл бол өр биш гэсэн тайлбар хэлдэг. Гэхдээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд "Чингис бонд”-ыг босгосон эрх баригчид  аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, Амгалан ДЦС-ыг барьж, нийслэлийн гудамж, замыг тохижуулж, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулан 888 төслийг санхүүжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг орон сууцжуулж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эдгээр нь сөрөг хүчин МАН-ыг 2000 оноос хойш  тасралтгүй 12 жил парламентад олонх, олон суудал авч эрх барихад нь бүрэн хэрэгжээгүй төсөл хөтөлбөрүүд гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз.

 

Цаашлаад МАН-ыг энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд албан тушаал улайран сөрөг хүчний байр сууринаасаа ухарч, эрх баригчидтай нийлж Засгийн газарт хамтраад хөөгдсөн гэж зэмлэх нэгэн байдаг. Саяхны халуун сэдвийг сөхөхөд МАН сонгуулиар МАХН-тай эвсэнэ гэж  экс намын гишүүндээ дөнгүүлэн барьц алдав. Гэвч хууртагдсан тэд сонгуульд дангаар орох болсноо зарлаж, залруулга хийлээ. Энэ  бүхэн сөрөг хүчин МАН-ын рейтингэд эсрэгээр нөлөөлөх магадлалтай гэж үзэх ажиглагчид байна.

 

Нөгөөтэйгүүр МАН хэнийг нэр дэвшүүлэхээс ихээхэн хамаарна. Нэр дэвшигчдийг өв залгамжлагчид давамгайлах нь уу, өнөөх л хуучин кадрууд шигшигдэх нь үү эсвээс анхан шатнаасаа бэлтгэгдсэн шинэ залуу үе зонхилох уу. МАН-аас ирэх сонгуульд бэлтэй нь нэр дэвших үү, бядтай нь цойлон гарч ирэх нь үү гэдгийг ирэх өдрүүд харуулах биз. 

 

 

Н.Энхбаярын дэглэлт

 

"Н.Энхбаяр бол алсын хараатай бус алсын шуналтай хүн” хэмээн нэгэн эрхэм хүмүүний хэлсэн үг эдүгээ ч нотлогдсоор байх шиг. Ерөнхийлөгчийн өндөрлөгөөс буусныхаа маргаашаас л албан тушаалд дахин дэвших гэж энэ эрхэм тасралтгүй тэмцэж, нарсанд ч сууж, наранд ч гарч үзлээ. Уг нь тэрбээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөр албан тушаалыг эрэмбэ дараалалтайгаар хашсан цорын ганц улстөрч. Харин тэрбээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө унаж, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй хэмээн туньж, нэгэн цагт удирдаж байсан намдаа гомдон өрх тусгаарлан гарсан нэгэн. Тээр жил МАХН-ын дарга С.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэж гомдоллож байгаад гайхан байна. Хэрвээ би түүний оронд байсан болон УИХ-ын нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Надад тийм ёс зүй байхгүй” хэмээн учирласан байдаг.

 

Өршөөлийн хууль батлагдсанаас хойш  МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаалыг горилж өнөөдрийг хүрлээ. Харамсалтай нь түүнийг АТГ-аас "зарчмын хувьд эрх ашгийн зөрчилтэй хүн” гэж тодорхойлчихсон. Тиймээс Засгийн газрын тэргүүн сайдын албан тушаалд МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилвол хууль зөрчсөн болно.  

 

Н.Энхбаяр даргыг Шадар сайдад томилоогүйгээс ЭМС-ын сайдын томилгоо гацсаныг, сайдгүй салбарын хариуцлага суларч улаанбурхан дэгдсэнийг иргэд эдийн засгийн хямралтай тэмцэх буй энэ үедээ илүүтэй ухамсарлаад байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ирэх сонгуульд эрхээ эдлэхээр эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын аль алинтай нь хоёр талд яриа хэлэлцээ хийсээр байна. Уг нь МАХН-ын хувьд МАН-тай эвсэх нь хамгийн зөв хувилбар. Сонгуулийн саналын хуудсанд №1 бичигддэг. Тиймээс ч МАХН-ын гишүүд давхар баяртай явсан биз. Гэвч энэ нь АН-ынханд сонгуулийн дунд сөргөөр нөлөөлөх таагүйгээр үл барам мэдээ. Тиймээс ч энэ завсар МАХН-ын даргын төрийн үйл хэрэгт гардан оролцох хуулиараа нээгдээгүй эрхийг нь сануулж,  хоёр намын эвлийг задлахын тулд Ялгүйд тооцсон УИХ-ын тогтоолыг боловсруулан Хуульзүйн байнгын хороогоор дэмжүүлсэн байна.

 

Дээрх тогтоолын төслийг санаачлан боловсруулах үүргийг МАХН-ын дарга Н.Энхбаярын "буян”-аар өнөөдөр УИХ-ын гишүүн, Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч гэсэн "гурван давхар дээл”-дээ түүртэн манарч яваа Ц.Оюунбаатарт хүлээлгэжээ. Харин өнөөдрийн байдлаар Н.Энхбаярыг ялгүйд тооцсон тогтоол УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээгүй, МАН ч сонгуульд дангаар оролцохоо мэдэгдээд байгаа. МАХН-ынхан МАН-тай эвсэх урилга хүргүүлсэн, хариу хүлээж байна гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч МАН сонгуульд дангаар оролцоно гэсэн мэдэгдлээсээ буцахгүй байлтай. Гэвч баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг улстөрчдийн урвалт шарвалт дуусахгүй хойно. МАН-тай эвсэхгүй ч Н.Энхбаярт бусад хүчинтэй эвсэх дараагийн хувилбар байгаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүйд тооцох тогтоолыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталлаа гэхэд Ерөнхийлөгчид хориг тавих эрх нь бий. Нөгөөтэйгүүр хуулиас давж үйлчлэх УИХ-ын тогтоол гэж байдаггүй.

 

Улс төрийн гурав дахь хүчнүүд их эвсэл болон сонгуульд оролцохоо мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй зарим улстөрчийн байгуулах эвсэл МНН-тай эвссэнээр сонгуулийн саналын хуудасны дээгүүр бичигдэх боломжтой юм билээ. Улс төрийн хүчнүүдээс УДШ-д бүртгүүлсэн байдлаар МНН гуравдугаарт жагсдаг байна. Энэ нь сонгогчдын саналыг авахад ч эвслийнхэнд эерэг тусах биз.  

 

Ямартай сонгуулийн цаг тоолол хуваарийн дагуу явагдаж байна. Сонгогдох эрхээ эдлэхээр өрсөлдөх намууд будилаантай, нэр дэвшигчид ч "баар”-тай байна шүү. 

 

Эх сурвалж: Shuud.mn    Н.Энхлэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.