Энэ удаагийн сонгууль явуулах хуулиар жижиг намууд дан дангаараа өрсөлдөөд амжилт олохгүй нь нэгэнт ойлгомжтой. Тиймээс том намууд нь жижгүүдээ өөрсөддөө нэгтгэх санаачилгууд гаргаад байна. АН, угшил нэгт МҮАН, ИЗНН-уудыг нэгдэхийг хүссэн бол МАН, МАХН хоёр ч нэгдэх, эвсэх тухай ярьж эхэлсэн.
Үүнээс гадна Сонгуулийн саналын хуудсанд бичигдэх дарааллаар намууд хэдэд бичигдэх асуудлаар ч хэнтэй хамтарч эвсэж байж хэдэд жагсах дээр наймаа тохироо явж эхэлснийг зарим улстөрчид ярих боллоо. УДШ-д бүртгүүлсэн дарааллын хувьд МАН нэгд, хоёрт АН, гуравт МНН, дөрөвт ИЗНН, тавд МУНН байгаа. Эдгээрийн тухай багц мэдээг хүргэж байна.
АН бусад намтай эвсэхгүй харин нэгтгэж авна
Өнөөгийн гол эрх баригч АН-ын хувьд 2012 оны сонгуульд "Олуулаа ялах” уриатай ороод УИХ-д олонхи болоогүй ч олон болсон. Тиймээс тэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Энэ удаагийн сонгуульд АН олонхи болгож өгөөч хэмээн сонгогчдоос гуйж байгаагаа илэрхийлээд буй. АН-ын дарга З.Энхболд мэдэгдэхдээ "АН ямар ч намтай эвсэхгүй. Бусад намууд манайд нэгдэх хэрэгтэй” хэмээх мэдэгдлийг хийсэн. Тэгвэл АН-аас манайд нэгдээч хэмээн урьсан ИЗНН, МҮАН-ууд яах нь тодорхойгүй байна. Хэдий санамж бичигт гарын үсэг зурсан ч ИЗНН-ын гурван даргын нэг Ц.Ганхуяг нөхдийн хамт АН-д нэгдэхээс цаараглаж өөр бусадтай яриа хийж яваа. МҮАН-ын дарга М.Энхсайханы хувьд АН-д нэгдэж бурантаглуулахгүй гэсэн бодолтой яваа гэх. М.Энхсайхан, З.Энхболдтой хонь, чоно болоод удаж байна. Тэгэхээр энэ хоёр нам АН-д нэгдэхдээ тулбал асар их ам өчиг авч байж л нэгдэх боломжтой.
МАН, МАХН-тай эвсэхээс илүүтэй нэгдэхийг сонирхож байна
Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас нэг хэсэг нөхдүүд нь тусгаарлаж хуучин МАХН нэрийг авчихсан нь саналыг нь хувааж ялагдахад хүргэсэн гол шалтгаан болсон. Тэгвэл энэ удаа тийнхүү саналаа хуваахгүй байх үүднээс тус хоёр нам нэгдэх эсвэл эвсэх асуудлыг ярилцаж эхлээд байна. Сүүлийн дөрвөн жил байнга яригдаж ирсэн ч энэ удаагийнх шиг нухацтай яригдаж байгаагүй тухай ч ярьцгааж байгаа юм. МАН-ын хувьд МАХН-ыг намаа татан буулгаад нэгд гэж байгаа бол нөгөөх нь эвсэх нь зөв гэж үзэж байгаа аж. Гэхдээ МАХН-ынхан 76 нэр дэвшигчийн гуравны нэгийг өөрийн болгосон тохиолдолд л асуудлыг шийднэ гэж байгаа сураг байна. Харин түүнийг нь МАН-д багтаж ядаж байгаа амбицтай нөхдүүд хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Үүний зэрэгцээ МАН, ХҮН-ыг сонирхож байсан тухай ч яриа сонсогдож байна. Бас М.Энхсайхан ч тус намтай яриа хэлцээ хийж байгаа тухай АН-ын дарга З.Энхболд чуулган дээр ярьж байсан.
МАХН-ын хувилбарууд
МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд намаа хэрхэн оролцуулах тухай өнгөрсөн оноос эхлэн хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгасаар ирсэн. Тэдний хувьд МАН-тай нэгдэх, эвсэх асуудлаас гадна бусад намуудтай хамтрах асуудлыг бас судалж, хэлэлцэж байгаа гэдэг. МАН-тай тохиролцож чадахгүй, тусдаа сонгуульд орохоор болвол сонгуулийн саналын хуудсанд дээгүүр бичигдэх намтай хамтрах сонирхолтой байгаа. Тиймээс ч сар шинийн өмнөхөн УДШ-д бүртгүүлсэн бүртгэлээрээ гуравт жагсах МНН-тай эвсэх тухай санамж бичиг үзэглэсэн. Мөн ХҮН-тай ч наана цаана гэж байгаа тухай яриа бий.
ИЗНН ч ийш тийш хандсаар
Хэдийгээр АН-д нэгдэх тухай санамж бичиг үзэглэсэн ч ИЗНН-ынхан бусад намтай ч яриа хэлцээ хийсээр байна. Саяхан ХҮН-ын Төв хорооны хуралд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг оролцож мэндчилгээ дэвшүүлэн хамтрах тухай ярилцсан. Үүнээс өмнө тэд М.Энхсайханы МҮАН-тай хамт сонгуульд орох тухай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл ИЗНН-ын орон нутгийн зарим намын хороо АН-д нийлсэн тухай болон зарим дүүрэг, аймгийн намын хороо нь АН-д нэгдэхгүй гэсэн мэдэгдлийг хийсээр байна. Тус намын хэрхэхийг удахгүй болох Их хурлынх нь төлөөлөгчид шийдэх юм.
МҮАН, АН-д сохроор нэгдэхгүй, тус намтай биш өөр бусадтай эвсэж магадгүй
10 жилийн өмнө АН-аас хөөгдөн ҮШН байгуулж байсан М.Энхсайханы ба түүний нөхөд өнгөрсөн сонгуулийн өмнө Н.Энхбаярын МАХН-тай хамтарч "Шударга ёс” эвсэл байгуулж УИХ-д бүлэгтэй болж, сүүлийн хэдэн жил төр барилцлаа. Эдүгээ уг эвсэл нэгэнт тарж бутрах нь тодорхой болж, тэд дараагийн хамтрагчаа хайж байна. АН хэдий тэднийг намдаа нэгдээч гэж хүсч байгаа ч М.Энхсайхан үүнийг нь онолын хувьд болох юм гэж байгаа ч яг тодорхой хариу өгөөгүй л байна. Түүний хувьд цагтаа хөөгдөж гарсан намдаа өөрсдийг нь хөөсөн хүмүүс удирдаж байгаа нөхцөлд эргэж очих нь юу л бол. Тиймээс М.Энхсайхан намууд олноороо цугласан газар заавал очиж бусдыг тандаж яваа. Тэр МАН, ИЗНН-уудаас эхлээд бусад жижиг намуудыг ч сонирхож байгаа гэдэг. Гэхдээ тэр цагийг нь тулгаж байж л шийдвэр гаргах байх.
ХҮН жинхэнэ ХҮН болох эсэх тодорхойгүй байна
ХҮН-ын тухайд сүүлийн хоёрхон жилд олны дэмжлэгийг нэлээд хүлээж эхлээд байсан ч хоёр даргатай болж, бөөн хэрүүл уруулд хүрч улмаар асуудлаа шүүхээр шийдүүлэхэд хүрээд байна. Энэ нь тэднийг улстөрд яагаа ч үгүй жулдрай байгааг харуулж байна гэх хүн олширчээ. Энэхүү ХҮН-ыг МАН, АН-ын томчуудаас эхлээд ИЗНН, МҮАН гээд бүгд л сонирхож буй. Гэвч намын дарга нь С.Ганбаатар уу, Б.Найдалаа юу гэдэг тодорхой болсны дараа хэнтэй хамтрах эсэх нь тодрох байх.
МНН сонгуулийн хуудсанд гуравт бичигдэх эрхээ үнэлжээ
МНН УДШ-д бүртгэлтэй 24 намаас гуравдугаарт бүртгэгдсэн гэдгээрээ нэлээд "үнэтэй” болох нь тодорч эхэллээ. Тус намын дарга О.Бум-Ялагч намуудтай эвсэх тухай яриа хэлцэл хийж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд МАН, МАХН, МҮАН, ХҮН-уудыг сонирхсоноо илэрхийлж. Тус намын хувьд МАН, АН-тай л хамтрахгүй бол сонгуулийн хуудсанд гуравт бичигдэх боломжоо ашиглан МАХН зэрэг намтай хамтрахыг хүсч байгаа аж. Тэгэхдээ тэд намын жагсаалтын эхний 10 дотор хоёр нэр дэвшигчээ багтааж, 8 мандатад хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэдгээ О.Бум-Ялагч дарга нь илэрхийллээ.
Энэ бүхнээс харахад улстөрийн намууд сонгуульд амжилт гаргаж, эрх мэдлийн зах зухаас атгаж авахын тулд чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн байх шиг.
Г.Самбаа
Сэтгэгдэл