“Сул гишүүд” суудлаа сэлгэхээр яаравчилж байна


 

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-д элсэнэ

Оны өмнөхөн батлагдсан сонгуулийн хууль болон улстөрийн нөхцөл байдалтай уялдуулан ирэх сонгуульд нэр дэвших сул гишүүд ерөнхийдөө намын харьяалалд орох нь эхнээсээ тодорхой болж байна. Сонгуулийн хуульд ерөнхийдөө бие даагч байдлаар нэр дэвших боломж бүрдсэн. Хэлэлцүүлгийн шатанд асуудлуудаа тавьсаар холбогдох заалтуудыг тусгуулсан гэх утгатай мэдээллийг бие даагчдын зөвлөл хийж байв.

Гэсэн хэдий ч   одоогийн  парламентад сууж буй бие даагчид  сонгуулиар намд элсэх нь тодорхой болж байна. Тодруулбал, Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун бүрэн эрхийн хугацаанд бие даагчаар ажиллана гэсэн утгатай мэдээлэл хийх болсоор удаж байна. Саарал ордноор түгэж буй мэдээллээр бол ирэх сонгуульд МАН-д элсэхээр яригдаж байгаа аж. 

Тэрээр  С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нартай хамтран нам байгуулахаар  ярьж байсан ч хуулиар нэг жилээс дээш үйл ажиллагаа явуулсан нам сонгуульд өрсөлдөхөөр болсон тул мөрөөдлөө орхисон байна. Х.Болорчулуун гишүүн тойргоо харин солихгүй бололтой. Түүнтэй Зам тээврийн сайд М.Зоригт АН-аас өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.

Харин Ц.Даваасүрэн гишүүний хувьд эргээд намдаа орохгүй гэж огт дуугарддаггүй нэгэн. Нийслэлийн МАН-аас Ц.Даваасүрэнг хөөх шийдвэрийг өмнөх сонгуулийн өмнө гаргаж, шарандаа бие даагчаар Хөвсгөлөөс дэвшсэн эрхэм энэ удаа намын хаяага түшихээр хүлээзнэж байгаа гэх. Тодруулж хэлбэл, парламентийн бүрэн эрхийн хугацаанд бие даагч статусаа хадгална гэсэн үг.

МАН нэгэнт шийдвэрээ ухвар мөчид байсныг хүлээн зөвшөөрч, буцааснаа мэдэгдсэн. Ц.Даваасүрэн гишүүн "Намайг МАХН-д элсчихлээ гэж буруу ойлгоод л нам маань хөөсөн” гэх ойлголцлын утгатай тодруулга өгдөг билээ. Мэдээж  улс төрийн жижиг намуудаас  бие даагчдыг намдаа элсээч гэх хүсэлт илгээж байгааг тэд нуугаагүй. Гэхдээ  тэд хүндээ хөнгөнөөс өгөхгүй. Луугар намаа бараадан сонгуульд оролцох нь бие даагчдын хувьд илүү бодит үр дүнтэй гэдгийг мэдэж байгаа.

 

УИХ-д бүлэг байгуулах ХҮН-ын зорилтыг С.Ганбаатар биелүүлэх үү?

Сонгуулийн хууль батлагдахтай зэрэгцэн С.Ганбаатар ХҮН-д элсэж, намын дарга нь болон залрав. Ингэснээр ирэх сонгуульд С.Ганбаатар ХҮН-ыг удирдан оролцох боломж бүрдсэн. ХҮН-ын хувьд С.Ганбаатар Дархан-Уул аймгаас, дэд  дарга С.Боргил  Баянзүрхээс нэр дэвшинэ гэдгээ зарласан билээ. 

Түүнчлэн "Скайтел" компанийн захирал Д.Болор, "OTTEGEN holding"-ийн захирал Н.Отгонбат, "Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг, " Баясах фүүдс"-ийн захирал Н.Энхболд нар ХҮН-ээс нэр дэвших нь тодорхой.  Сонгуулийн шинэ хуульд аливаа улс төрийн нам пропорционалиар сонгогчоос санал авч хуулийн таван хувийн босго давсан байлаа ч мажоритар тойргоос заавал  төлөөлөл нь УИХ-д сонгогдож байх заалт бий. Өөрөөр хэлбэл, шинэ намуудаас тойргоос төлөөлөл нь гарч ирээгүй тохиолдолд жагсаалтаар парламентад суух эрх нь хаалттай гэсэн үг.

Уг хаалттай эрхийг ХҮН-д С.Ганбаатар, С.Боргил тэргүүтнүүд нээж, бизнесийн нөлөө бүхий эрхэмүүддээ мөн давхар итгэл хүлээлгэж, тойргоос нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа.  Ингэснээр ХҮН жагсаалтаар гишүүн оруулж ирэх эрх эдлэнэ гэсэн үг. ХҮН-ын  туйлын зорилго бол дараагийн парламентад бүлэг байгуулах. Тэгэхээр С.Ганбаатарын сөрөг мэдээллүүдийг  сонсоогүй мэт өнгөрөөж, ирэх сонгуулийн үр ашгаа бодон тэвчих хүндхэн сонголт ХҮН-д  тулгарсан гэхэд болно.

 

О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга  нарын хувь заяа тодорхойгүй

Шуудайнд хийсэн эвэр шиг "Шударга ёс” эвслийнхэн сонгуулиас өмнө тарчихгүй гэж уг нь их хичээж байгаа. Г.Уянга гишүүн бие даагчидтай хамтран мэдээлэл хийхийн зэрэгцээ улстөрийн гуравдагч хүчинг гаргаж ирэхийн төлөө ажиллахад бэлэн гэдгээ ч ил цагаан мэдэгдсээр удаж байна.  

Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндсөн  учраас Н.Энхбаяр  намаасаа ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх сануулгыг ч өгсөн. Тэр утгаар ХҮН-д элсэж магадгүй гэх таамаг үндсэндээ батлагдаж байна. Н.Энхбаяраас  Г.Уянгатай хамт хатуухан сануулга авсан хоёр гишүүн бол Л.Цог, О.Баасанхүү нар.  Тэр дундаа хувь заяа нь хамгийн бүрхэг байгаа гишүүн бол О.Баасанхүү. Жагсаалтаар гарч ирсэн О.Баасанхүүг  "Шударга ёс” эвсэл бүлгээсээ хөөсөн тохиолдолд түүний УИХ гишүүн байх эрх давхар түдгэлзэнэ. Энэ тохиолдолд эвслээс О.Баасанхүүгийн дараачийн хүнийг УИХ-д ажиллуулна гэсэн үг.

Ямартай ч О.Баасанхүү гишүүн бүлэгтэйгээ таарахгүй байгаа тул ирэх сонгуулиар хэрхэн яаж нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм. Түүнд бие даагч байдлаар нэр дэвших хамгийн зовлон багатай сонголт байгааг эрх сурвалжууд онцолж буй.

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн даргаас өгсүүлээд МАХН-д элсэж, Ардчилсан хүчний холбооноос Хуульзүйн сайдын суудалд хүртэл тухалсан Л.Цог гишүүн нэлээд дээрээс Н.Энхбаяртай таарамж муутай байсан. Тэр ч үүднээс гурван нам сольж, туршлагажсан, байр суурь нь "урвамтгай” Л.Цог гишүүн ирэх сонгуулиар "Шударга ёс” эвслээс нэр дэвшихгүй гэх яриа ч бий. Тэгээд ч Н.Энхбаярын банга туршлагатай улстөрчөө хүртэл бүлгээсээ хөөчих хэмжээний хүчтэй тул өөрөө учраа олох сонголт Л.Цогт үлдсэн  байна.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.