Гацууртыг шарж идэх төлөвлөгөө ба сонгуулийн хуулийн тохироо...?


Гацууртыг шарж идэх төлөвлөгөө ба сонгуулийн хуулийн тохироо...?Парламентийн хүрээнд бүтэн жил гацсан Гацууртын ордын асуудалд өчигдөр гишүүдийн олонх кноп дарав. Гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл байнгын хороонд шилжиж, даарчийн хэлэлцүүлэгтээ бэлтгэхээр болж буй нь энэ. Уг нь Гацууртын асуудал  өнгөрсөн хаврын чуулганаар буцаагдсан. Гэтэл засгийн  газраас яаралтай хэлэлцэх төслийн жагсаалтад багтаан дахин оруулж ирсэн билээ.

Энэ удаа төрийн эзэмших хувь 34 гэсэн хуучин тоон дээр ашигт малтмалын нөөц ашиглах 3 хувийн төлбөр авна гэх шинэ тоо нэмсэн байлаа. Ингэснээр Монгол Улс нийт ашгийн 68 хувийг авах боломжтой бөгөөд 432 тэрбум төгрөг халааслана гэж хууль санаачлагчид тайлбарлав. Ерөнхий сайдын тайлбараар энэ удаа л парламент Гацууртыг дэмжихгүй бол алдарт Сентерра голд компани манай улсаас гарна гэдгээ мэдэгджээ.

Гацууртын асуудлаар бие даагчид үндсэндээ цөөнх болов. Уг нь өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ зэрэг  АН, МАН-ын гишүүд  хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж, чуулганы танхимд уриалга хүртэл хийж байсан удаатай. Гэтэл өнөөх луугарууд өчигдөр микрофоноос зугтаагаад, үг хэлэх хүсэлтээ ч гаргасангүй. Бүр Гарцууртаар  хоёр дараалж завсарлага авсан "Шударга ёс” эвслээс танхимд ганц хүн алга байх жишээтэй. Одоо нэгэнт Н.Энхбаярыг Ч.Сайханбилэг шадар сайд болгохгүй нь тодорхой болсон тул завсарлагын үр дүнгийн талаар үг унагаад ч яах билээ. Улстөр ийм хогийн байдгийг тэд жинхэнэ утгаар үлгэрлэсэн нь энэ байлаа. Ц.Оюунбаатар Гацууртыг эсэргүүцэж хэлсэн үгээ өчигдөр лав тас мартсан бололтой.

Харин МАН-ын хувьд сонгуулийн хуульд ашигтай заалтууд оруулахын тулд Гарцууртад бөөрөнхий хандана гэсэн хардлагыг батлаж өгөв. МАН жинхэнэ утгаар нь сөрөг хүчин хийж болох байтал амаа үдүүлсэн мэт чимээгүй байж, эцэст нь алга цоог байдлаар дэмжив. Угаасаа тохироо нь ийм байж.  

АН-ынхан зөвхөн улстөрийн лидер хоёр намд ашигтай Сонгуулийн хууль баталж, хариуд нь Гацууртыг дэмжих асуудлыг МАН-д тулгасан нь ингэж батлагдлаа.

МАН хар машинаар тоолсон бүх саналыг гараар тоолно гэж даналзаж байсан.  Харин одоо бол  хяналтын тооллогыг 50 хувьд хийнэ гэх санал дээр  эрх баригчтай нэгдсэн. Нөгөө талд АН гар аргаар огт тоолох шаардлагагүй гэж байв. Гэтэл бүр 50 хүртэлх хувь дээр гараар баталгаажуулах хүртлээ сөрөг хүчинд буулт хийв. Энд маш том тохироо явагдсан нь тодорхой. Хэн хэндээ буулт хийх замаар Гацууртыг  шарж идэх төлөвлөгөөнд тэд нэгдэж.

Нөгөө талаас сонгуулийн хуулийг өөрчлөхгүйгээр дайрах нь эцэстээ эрсдэлтэй болж ирэхийг АН ч анзаарсан. Энэ тохиолдолд гуравдагч хүчин гарч ирж,  тэдний зай төсөөлснөөс хумигдах байв. Сүүлийн үед ХҮН хэт хүчирхэгжиж, мөнгөтэй эрхмүүд  шил дараалан тус намд элсэх болов. Үзэл санааныхаа хувьд харьцангуй хүчтэй гарч ирсэн ХҮН эдийн засаг талаасаа баттай болоод ирэхээр АН, МАН-ынхан айх нь аргагүй юм. Н.Энхбаяр ахлан  оролцох МАХН цаашлаад ИЗНН ч  бас  хатуу самар.

Дээрээс нь ирэх сонгуулийн  судалгааг өнгөлж яваа С.Ганбаатар, Г.Уянга нар гуравдагч хүчнийг бий болгоно гэж ярих болсон. Шинээр батлагдах сонгуулийн хуульд бие даагчдын орон зайг хэтэрхий  хязгаарлаж буй тул тэд хүссэн хүсээгүй нам эвсэлд орох нь тодорхой болж буй юм.

АН, МАН-ынхан ганц хар машин дээр үгсээгүй. Тэд 48:28 дээр санал нэгдэж, тойргийн системийг хөндөхөөр болсон байна. Тодруулбал, тойргийг бүсчилсэн таван хэсэгт хувааж, тэндээсээ жагсаалт гаргах асуудал дээр нэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ тохиолдолд жижиг намууд анигдаж, сураггүй гарууд жагсаалтаар гарч ирэх боломжгүй болно.  Жинхэнэ улс төр гэж энэ. Том тохироон дээр том төслийг явуулна. Тэд үндсэндээ 50:50 хувиар буулт хийж байж, Гацууртыг урагшлуулахаар болж.

Энэ жимээр Гацуурт урагшлах бололтой. Гэвч нийгмийн байдал, иргэдийн бухимдал, өвөг дээдсийн ариун дагшин сүнс  асуудалд хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд бэрхтэй юм.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.