Гүүний саам сувиллын хүнс, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох манай орны томоохон, өвөрмөц нөөцийн нэг юм.
Зуны улиралд гүүний айраг, саам гардаг билээ. Судалгаагаар саалийн 3 сарын хугацаанд нэг гүүнээс 500-600л саам гардаг байна.
Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад маш өвөрмөц найрлагатай. Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой болохыг мэдэж, хэрэглэсээр иржээ.
Айрганд хүний бие махбодод ашигтай маш олон төрлийн амин дэм шим тэжээлтэй бодисууд байдгийг монголчууд эртнээс мэддэг.
Тиймээс айргаар бие махбодоо эмчилж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад уураг тослог эрдсийн агууламж бага лактоза буюу сүүний чихрийн хэмжээ ихтэй байдаг. Энэ чанараараа гүүний сүүг исгэхэд хамгийн тохиромжтой юм.
Айраг нь ходоодны хүчлийн шүүрэлтийг өдөөж, хоол боловсруулах ажиллагааг сайжруулах бодисын солилцоог түргэтгэж, элэг ходоодны өвчтэй хүнд сайн нөлөө үзүүлдэг хүнсний нэг бүтээгдэхүүн юм.
Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй.
Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой.
Монголчууд эрт дээр үеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр үед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бvх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хvний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний үйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.
Айрагны сайн тал, эмчилгээний ач тусыг дурьдаад байвал барагдахгүй ч, нэг сөрөг тал нь харшлыг сэдрээдэг тухай мэргэжилтнүүд зөвлөж байна. Ерөнхийдөө төрөл бүрийн харшилтай хүмүүс аль болох исгэлэн чанарын идээ ундыг уухаас татгалзах хэрэгтэй байдаг аж. Ялангуяа зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг бөгөөд айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай байдаг учир аль болох бага хэрэглэх хэрэгтэй гэнэ шүү.
Айраг найр бол зөвхөн наргиан цэнгээний төдий зүйл биш, эвсэг найртай өөдрөг бадрангуй амьдрахын утга учрыг агуулдаг.
О.Гэрэл
Оллоо.мн
Сэтгэгдэл