Энэ адууг Тэсийн голын сав нутагт үржүүлдэг. Тэс адуу нь бие томтой, мах ихтэй, уналгын чадвар сайн, хурдан зэрэг сайн чанаруудаар монгол адуунаас ялгаатай. Уг адуу нь Тэсийн голын сав газрын байгаль, орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь их халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бөгөөд бие том, чацархаг, урт өтгөн дэл сүүлтэй, сахлаг хөөвөртэй, том далбагар туурай, цээжин бие, хөл мөч сайн хөгжсөн, хурдны шинж илүү тод илэрсэн байдаг.
Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завханы Баянтэс, Баян-уул, Увсын Зүүнговь, Тэс суманд энэ адууг цэврээр үржүүлж байна. Тэс адууны үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд байна. Тэс адууны удмууд нь уналга-мах, мах-уналганы хэвшлээр ялгаатай. Тэс адуу нутгийн монгол адуунаас сэрвээ хондлой 1-8 см-ээр өндөр, бие урт, ясархаг бөгөөд цээжний өргөн, гүний хэмжээ ялимгүй дутуу байдаг.
Бэлчээрээр маллагдаж байгаа Тэс гүүний сүүний гарц хоногт 3.3 л, бэлчээрийн даац, усан хангамжаас хамаарч хоногийн саам 2.2-3.9 л-т хэлбэлздэг. Саалийн 90 хоногт нэг гүүнээс дунджаар 222-224 л сүү саадаг. Хавар унага эхээс төрснөөс хойших 10 хоногт дунджаар 33.4 л сүүг эхээс хөхөж 1.2 кг жин нэмдэг. 1 кг жин нэмэхэд 15.1 кг сүү зарцуулдаг.
Тэс адуу нь хурд, уналгын чадвараар баруун аймагт төдийгүй улс даяар алдартай. Нэгж хугацаанд Тэс омгийн их насны морь 10.04, азарга 10.2 м/сек хурдалдаг. Алтай, Хангай, Говийн янз бүрийн бүс нутагт хоногт дунджаар 9-10 цаг идээшлүүлэн, 3 цаг уяж сойж дунджаар 8 цаг уналга эдэлгээнд ашиглах замаар 1082 км зам туулахад анхны жингээ дунджаар 14 кг буюу 4.2 хувиар алдаж байжээ. Энэ нь цаашдаа уналга эдэлгээнд ашиглах чадвар хэвийн гэсэн үг.
Тэс адуу алхаагаар 5-6 км, хатираагаар 10-14 км, морины сүүл хөдөлгөж шогшиход 8-9 км замыг нэг цагт туулдаг. Тэс адууны өндөр 134-138, биеийн ташуу урт 135-140, цээжний тойрог 163-173, амьдын жин 340-380 кг, гүүний мундааны өндөр 128-135, биеийн ташуу урт 130-138, цээжний бүслүүр 160-168, амьдын жин 310-360 кг байна. Тэс адуу бие томтой байдаг нь гүүний сүүг ашигладаггүй, унагыг нь эхлээр бойжуулдагтай хлоолбоотой. Мөн зуны халуунд ялаархан голын усанд орж зогсдог ба ингэхдээ өдөрт 10-20 км-т холоос усанд ирдэг, унага нь нялхаасаа эхийгээ даган байнга давхих дасгал хийдэг зэргээс шалтгаалан нь бие нь чийрэгжих, өсөлт хөгжилт түргэсэх гол нөхцөл болдог байна.
Сэтгэгдэл