БНХАУ, АНУ-ын удирдагчид худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцлоо Э.Хулан


БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар бямба гарагийн үдэд уулзаж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцжээ. 

Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан энэхүү уулзалт Японы Осака хотноо зохион байгуулж буй "Их 20"-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон юм. Уулзалтын эхэнд Си Жиньпин 1971 онд Япон Нагоя хотод болсон БНХАУ, АНУ-ын тоглогчдын нөхөрсөг тоглолт "Пин-Пон дипломат ажиллагаа"-ны эхлэл болсон талаар дурсжээ. Энэхүү явдлаас найман жилийн дараа 1979 онд БНХАУ, АНУ дипломат харилцаа тогтоож байсан билээ. "Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдал болон БНХАУ, АНУ-ын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсныг үл харгалзан огт өөрчлөгдөөгүй нэг зүйл бол Хятад, АНУ-ын хамтын ажиллагаа үр өгөөжөө өгдөг бол сөргөлдөөн алдагдал авчирдаг явдал юм" гэж Си Жиньпин хэлжээ.

Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй сүүлийн үед тогтмол утсаар ярьж, цахим шуудангаар холбогдож байснаа онцлоод, түүнтэй хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцоход бэлэн болсон хэмээн хэлсэн байна. Уулзалтын үр дүнд хоёр орны удирдагчид тэгш байдал, харилцан хүндэтгэсэн зарчимд тулгуурласан худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцсон байна. Мөн АНУ-ын тал Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулахгүй гэдгээ илэрхийлжээ. Цаашид худалдааны нарийвчилсан асуудлуудыг хоёр талын төлөөлөгчид хэлэлцэнэ. 

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.