П.Анужин: Хэзээ хаана байсан нь мэдэгдэхгүй эрс ар араасаа арсалдан дайрч байна


П.Анужин: Хэзээ хаана байсан нь мэдэгдэхгүй эрс ар араасаа арсалдан дайрч байнаХэвлэлийн бага хурал хийснээс хойш бүлэглэн дайрч, зориудаар худал мэдээ явуулж, элдвээр дарамталж, ээлжит гүтгэлэгээ эхлүүллээ.

Алдагдсан бичлэгийн хувьд би яахын аргагүй хохирогчийн нэг мөн. (олон баримтын цөөхнийг дор оруулав) Гэхдээ үл гоншигонон даагаад гарсан! Тэр үед түшсэн хүн бүхэн, найз нартаа баярлалаа. Хэвлэл мэдээллийн бүсгүй хүчирхэгүүд Л.Мөнхбаясгалан, Б.Ганчимэг нараас эхлэн олон олон эмэгтэйчүүд мөн намайг дэмжсэн! Баярлалаа та нартаа!!!

Жил хагасын өмнө юм уу даа, Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн эвлүүлэг дуусаад, Херогоос хянаад гарсан юм. Маргааш нь цэнхэр дэлгэцээр гэртээ үзтэл миний үзээгүй хэсгүүд орсон байж билээ! Надад халтай. Найруулагчаас асуутал нэмж оруулсан эзэн нь тогтоогдолгүй би чи гээд л үлдсэн юм. Энэ мэт үл итгэлцэл, ёс жудгийн олон зүйлээс болоод би нэвтрүүлгээс холдсон.

Нэвтрүүлгийг том бүлэглэл хулгайлсан гэдэгт итгэж, найруулагчдаа, энэ үед чинь би түшнэ,итгэнэ, сайхан бүтээл хийнэ ээ бүгдээрээ гэж хэлж байсан билээ! (энэ үед миний бие нэвтрүүлгээс завсарласан байсан үе л дээ) Хэвлэл мэдээлэл, нам төргүй л балбуулж байсан ч гомдол үл дуугаран хамтран ажилласан багтаа итгэхийг хүссэн юм. Хэзээ ч хаалгыг нь татаж үзээгүй мөрдөн хэмээх газарт хохирогчоор бус гэрчээр дуудагдан, байцаагдан суухдаа гэгээн л зүйл хийхийг зорьсондоо хэмээн бодох бүрийд нулимс урсаад тогтохгүй байсан даа. Бичлэг тардаг өдрийн маргааш нь өвлийн цаснаар, алга дарам мөсөн дээр хальтирч нуруу, ууцаа гэмтээчихээд хэл ам гайгүй дараасай билээ хэмээн залбирч байж билээ. "Мухар сүсэг" ч бол доо.

Хэдхэн хоногын өмнө, том бүлэглэл гэж хоосон зүйл байсныг монголын цагдаагийн газар тогтоолоо! Би ухаан тэвчээр зааж, энэ хэрэг эцэслэн шийдэгдтэл эхлүүлсэн ажлаа эрхийнхээ дагуу түр зогсоосон! Би хэн рүү ч дайраагүй, хэнийг ч хардаагүйг хэвлэлийн хурлаас харж болно. Эрх гэдэг нь, энэ төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргаж, үргэлжлүүлэн авч явахад ч эдийн засгийн асуудлуудыг шийдэж, мөн өөрөө нүүр царай нь болсон учир хуулийн хэллэгээр барааны тэмдэгт нь над дээр байдаг юм. Энэ бол дэлхийн жишиг хэдий ч бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдсэн! Бүтсэн бүтээлүүдийн хувьд найруулагч болоод над дээр оюуны өмчийн гэрчилгээ байдаг билээ! Бүтээлийн хувьд олон хүний ур ухаан, хүч хөдөлмөр шингэдэг учраас найруулагчийн нэрийг оруулах нь зүйн хэрэг хэмээн үзэж, иргэний үнэмлэхийг нь өөрөө хөөцөлдөн, хамт ажилладаг эгчээс нь авч бүртгүүлсэн байдаг юм!

Энэ бүтээл монгол түмний өмч, хэн нэгэн зогсоох ёсгүй гэсэн тайлбар хийж байна Ус агаар, далай тэнгис биш дээ. Ингэж хийрхээд яахав. Ард түмний хайр хүндэтгэл, оролцсон зочдынхоо итгэлийг алдчихаад жаахан ч гэсэн зогсолт хийж, дүгнэж цэгнэхгүй юм гэж үү?!! Учрыг гаргаж, хужрыг тунгаагаад хаа хаанаа цэнгэг, ариун сэтгэлээр ханцуй шамлан ороход юундаа ингэтлээ адгана вэ? Хүний гараар бүтсэн бүхэнд хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байх ёстой!

Манай баг хүний хийдэггүй гайхамшгийг хийсэн биш шүү дээ бас. Болсон будаа мэт бөхийж, шахсан бяслаг мэт хийгүй болох ёстой байсан. Энэ сайхан санааг биднээс илүү аваад явах 1000 Анужин, 100 Хэро бий!

Сүүлийн үед, Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг мэддэг мэт төлөөлөн ярих улс юу юугүй сандран гарч ирсээр. Борхүү гэж хүн сүүлийн хичнээн жил үзэгдээгүй, Батзориг гэж хүн миний үед ерөнхий редактор энэ тэр байгаагүй л юм! Санаачилсан гэх Мөнхжаргал гэдэг хүнийг бүр анх удаа л сонслоо! Мэддэг мэт л итгэл үнэмшилтэй ярих, яамаар ч юм. Мэдэх зүйлээ мэддэг мундаг улс биз ээ, энэ нэвтрүүлгийн түүхийг арай л өөр улс ярих учиртай. Энэ багт байсан цөөн бүсгүйн нэг нь би. Хэзээ хаана байсан нь мэдэгдэхгүй эрс ар араасаа арсалдан дайрахаар заримдаа яах учиртайг үл ухна. Твиттэр, фэйсбүүк, хэвлэлээр зохион байгуулалттай дайруулчих юм. Хүчээ, цагаа ингэж барахаар хаа хаанаа тайван байгаад, энэ нэг хулгай зэлгий, худал хуурмагаа нэг мөр шийдье л дээ!!! Ирэх зочид хүртэл үргэж бусгаад байна шүү дээ энэ чинь! Би нэвтрүүлгээсээ холдоё, хожмын залуус хийг гээд хэвлэлийн хурлаар мэдэгдээд байгаагүйсэн бил үү?!! Тэгээд ч бид улс төрийн сонгуулийн үед нэвтрүүлгээ хааж ирсэн.

Нэгэн цагт мөр мөрөө түшин хатуу хөтүүг давж явсан анд найз, хамтрагч, уран бүтээлч бид нүүр нүүрээ харан аливааг шийдчих боломж их бий. Хийлцсэн ажлаас нь нэрийг нь хүртэл устгаж, хэвлэлээр хэн нэгнийг түлхэж, худал үнэн өгүүлүүлэхийн учир надад буй энэ орон зайд үнэнийг бичиж үлдээв!

Энэ хүртэл тэвчээртэй уншсан танаас би асууя, ингэтлээ доромжлуулах яг ямар муу үйл энэ оронд, энэ хүмүүст би хийсэн бэ?

П.Анужин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.