Улсын цолд ойрхон бөхчүүд хэн бэ?


Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ цагт хүн бүр л наадмын тухай бодож эхэлдэг. Тэр дотор бөхийн хорхойтнууд сэтгэл нь аль хэдийнэ ногоон талбайд оччихсон хэн нь цолоо ахиулдаг бол, хаанахын ямар бөх улсын цолтны эгнээнд шилждэг бол гэдгийг төсөөлөн ярилцаж байгаа. Тэдний бодол санаанд тулгуурлан улсын цол горилж барилдах бөхчүүдийн тухай бэсрэгхэн яриа өрнүүлэхээр шийдлээ.

Наадамд хэн түрүүлэх бол гэдэг асуулт бол хариулахад хэцүү юмны нэг л дээ. Харин цолоо ахиулах боломжтой бөх бол олон бий. Тэдний нэг нь Увсын бөх, аварга Н.Батсуурь. Түүнийг гурав дахиа түрүүлээд даян аварга болоод зогсож байхыг хэн ч хорьж чадахгүй байж болох. Тун ч барилдаанч бөх. Заалны барилдаан бүхэнд оролцож ирсэн. Голдуу түрүүлчихнэ. Энэ нь түүнд байнгын бэлтгэл болдог биз. Зарим нь томоохон цолд хүрчихлээрээ барилдах нь цөөрч хааяа л харагдах төдий байдаг. Тэгвэл Н.Батсуурь аваргын гол чанар нь ямар ч барилдаанд барилдаж л байдаг. Тиймээс үзэгчид ч түүнийг хайрлаж хүндэтгэдэг нь үнэн. Сая Харзтайд хэд хэдэн галынхан оролцсон сорилго барилдаанд арслан П.Бүрэнтөгсийг хаяад түрүүлсэн байна лээ. Бас түрүү бөхийн нэрэнд байнга явдаг улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нар байна. Ховдын хоёр л доо. Тэднийг дөрөв, тавын даваанд л гай нь таарч уначихгүй бол их шөвөгт гараад л ирнэ гэж бөх сонирхогчид ярьж байна. Үнэхээр тэр хоёрт харцага цол багадаад байгаа харагддаг.

Олны анхааралд орсон, бор зүрхээрээ гарамгай сайхан барилдаж байгаа нэг бөх бол Дорнод аймгийн арслан Д.Анар юм. Ноднингийн наадмаас хойш болсон хэдэн ч барилдаанд түрүүлэв дээ. Түүнийг цолоо ахиулна гэдэгт наадамчид бүрэн итгэж байгаа байлгүй. Бас улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарыг аварга цолд хүрчихээсэй л гэж наадамчид хүсдэг байх. Аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нарыг үзэгчид барил­даасай л гэж харж байдаг юм билээ. Даанч тэд хаагуур “нисээд” байгаа юм мэдэхгүй. Барилдахаа март­сан шиг л. Энэ насандаа цолоо ха­на­сан гэж бодоогүй л баймаар юм.

Тэгвэл наадмын бөхийн гол дуулиан хэн гэдэг аавын хүү улсын цол авав гэдэг л байдаг даа. Энэ талаар бөх сонирхогчид юу гэхийг жаахан сонирхлоо. Хэн ч хорихгүйгээр улсын цолд хүрэх бөхийн нэгийг Төв аймгийн Баянчандман сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаярыг гэж байна лээ. Бяр, бяд хоёр эн тэнцүүхэн өдрөөс чангарч байгаагаас аварга, арслангууд ч түүнийг амлахаас жийрхдэг шиг байгаа юм. Бас Өвөрхангайн О.Наранбаатар тэнхээгээ зөв гаргаж барилдвал, Булганы Б.Түмэндэмбэрэл бие хаа, барилдаж байгаа нь улсын гарьд Баяраа агсныг сануулдаг тун мэдрэмтгий чанараараа, Хэнтийн Д.Аззаяа нямбай барилддагаараа мөн Булганы Э.Сумьяабат бариа зөрөөн дээр юу ч хийж магадгүйгээрээ тав давчихыг хэн ч байг гэхгүй л байх. Бөх сонирхогчид улсын цолд тун ойрхон бөх гэж Дорноговь аймгийн арслан М.Бямбадоржийг онцлоод байналээ. Түүний дархан мэх хонгодоод дайрчихдаг. Энэ мэхэнд нь улсын харцага Б.Бат-Өлзий л  лав хоёр удаа уначихсан. Өнгөрсөн хавар нэг томоохон барилдааны дөрвийн даваанд улсын харцага О.Хангайг мөн харваж суйлаад өвдөг шороодуулж харагдсан. Тун ч уран барилдаантай залуу даа. Баянхонгорын бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж тун  удахгүй улсын цолд хүрнээ. Энэ жил ч байж мэднэ.

Дэндүү шийдэмгий, авхаалжтай барилддаг бөх. Бие хаа нь ч нэг л өөр. Саявтар болсон Ш.Ванчинхүүгийн нэрэмжит барилдаанд улсын арслан П.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч нарын амаргүй бөхчүүдийг тун хөнгөхөөн давчихаж байна лээ. Мөн Завханы Т.Дүгэрдорж гэж чамбай залуу бий. Энэ жил цэргийн арслан болохдоо ухаалаг хийгээд уран сайхан барилдсныг нь харсан. Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү удамтай л бөх болж таарч байгаа юм. Аймгийн хурц арслан О.Гантулга гэж нэг сайхан бөх байдаг.

Түүнийг улсын цол авчихаасай гэж бөхийн хүрээнийхэн харж л байдаг. Уг нь Увсынхан ч хэнийгээ дэмжихийг бусдаар хэлүүлэхгүй л дээ. Бас Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү байна. Өнгөрсөн жилийн наадмаар тавын давааны өрсөлдөгч улсын гарьд Н.Ганбаатар допингийн шинжилгээнд бүдэрсэн учир түүнд азын цол ойртож л байгаа сурагтай. Тэр улсын начин цолд дүйхээр л бөх дөө. Тиймээ. Улсын цолд ойрхон өөр ч бөхчүүд ч байгаа. Гэхдээ наадмын барилдаан өөр л дөө. Юу нь өөр вэ? гэвэл цол бодсноос бөхчүүд биеэ барьж барилддаг тал бий. Бас нутаг орных нь том цолтнуудын дэмжлэг гэж ч байх. Нуулгүй хэлэхэд найраа ч их.

Тиймээс дээр дурдснаас огт өөр бөхчүүд ч цолонд хүрчихсэн байхыг үгүй гэх газаргүй л юм. Бөхийн мэргэжилтнүүд, сонирхогчдын яриагаар энэ жил 7-8 начин төрнө гэцгээх юм. Гагцхүү цолоо батлах л начингууд төрөөсэй билээ.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.