Чанар мөнхөд оршихуй уриатай “Жем Интернэшнл” ХХК 20 нас хүрлээ. Ойг тохиолдуулан эцсийн хэрэглэгч, харилцагч, дотоод ажилчид гэсэн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, нийгэм олон нийт рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Түүний нэг нь “Хамтдаа хөгжсөн 20 жил-Харилцагчиддаа баярлалаа” талархлын аян байв.
“Жем Трейд” ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний албаны захирал М.Солонготой аяны талаар ярилцлаа.
-“Хамтдаа хөгжсөн 20 жил - Харилцагчиддаа баярлалаа” талархлын аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компани өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй аль ч салбартаа зөвхөн ашиг орлогыг нэн тэргүүнд тавилгүй хэрэглэгч, харилцагч нартаа хамгийн чанартай, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг нэн тэргүүнд анхааран ажилласаар ирсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн зүйлс, гаргасан ололт амжилт бүхний ард харилцагч байгууллагуудын маань оруулсан хувь нэмэр, дэмжлэг туслалцаа хамгийн их нөлөөтэй гэж бид үнэлдэг. Тийм ч учраас 20 жилийн ойн хүрээндээ харилцагч нартаа талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон “Хамтдаа хөгжсөн 20 жил” талархлын хүлээн авалтыг зохион байгууллаа. Энэхүү хүлээн авалтанд манай компанийн Улаанбаатар хот дахь 500 гаруй харилцагч хүрэлцэн ирж хамтын ажиллагаа, амжилт бүтээлээ дүгнэн, нэгэн үдшийг хамтдаа баяр хөөр дүүрэн өнгөрүүллээ.
-Компанийн хамт олондоо ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Юуны түрүүнд өнөөдрийн “Жем групп”-ийг үүсгэн байгуулахад өөрийн ур чадвар, сэтгэл зүрх, залуу халуун насаа харамгүй зориулан хөдөлмөрлөсөн, одоо ч бидэнтэй мөр зэрэгцэн ажилласаар байгаа ахмад ажилтнууд болон үе үеийн удирдлагууддаа талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийн ёслоё. Мөн биднийг байнга дэмжин ажилладаг харилцагчид болон үнэнч хэрэглэгчиддээ, нийт ЖЕМ-чүүддээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Уг аяны хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-тай хамтран ажиллаж хөгжлийг хөтөлж, түүхийг бүтээлцэж буй 3500 гаруй харилцагчиддаа талархал илэрхийлж, шинэ бүтээн байгуулалт болох олон улсын “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт “үнэ төлбөргүй” амрах эрхийн бичгээр шагнажээ.
“СЭКҮ” хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Батбаяр:
Миний хувьд “Жем Интернэшнл” компанитай 2008 оноос хойш хамтран ажиллаж байна. Бүтээгдэхүүний үнэ боломжийн, чанарын хувьд маш сайн. Хаяг, шошго, савалгаа нь огт өөрчлөгдөөгүй тогтвортой байгаа мөртлөө зах зээлд голлосон хэвээр. Бид нар шиг хувиараа жижиглэнгийн худалдаа эрхэлж буй иргэдэд өгөөжийн хувьд бусад компаниудаас хамаагүй өндөр. Компанийнхаа хамт олонд 20 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье. Та бүхэнтэйгээ хамтарч ажилладагтаа туйлын их баяртай байдаг шүү.
“СМАРТ” супермаркетын худалдагч Т.Хишигт:
“Жем Интернэшнл” компанитай сүүлийн 10 жил хамтарч ажиллаж байна. Хамтарч ажилладагтаа сэтгэл маш өндөр байдаг. Харилцагчийн хувьд компаниас гарсан бүтээгдэхүүн болгоныг дэлгүүртээ өрж тавьдаг. Их урамтай байдаг гэх үү дээ. Компанийнхаа ойн баяраар “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын газарт амрах эрхийн бичгийн эзэн болж, сая гэр бүлээрээ амраад ирлээ. Өрөөнүүд нь интернэтэд холбогдсон, тав тухтай. Яг л олон улсын стандартад нийцсэн гэмээр эмчилгээ, үйлчилгээ, хоол унд сайтай газар юм байна лээ. Ялангуяа хоолны өргөн сонголттой, эрүүл эко хоолтой байсан. 20 жилийн ойг тохиолдуулан “Жем Интернэшнл” компанид ажиллаж буй арын алба, түгээгч, худалдааны төлөөлөгч, борлуулалт маркетингийн алба гээд бүх ажилчдад арвин их амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
“Жем Интернэшнл” ХХК нь 1999 онд дотоод гадаад худалдаа, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө салбар бүрт 10 гаруй харьяа компанитай болж, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг, томоохон “групп” компани болтлоо өргөжин хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд тус компани шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд 2018 онд улсын төсвийн бүрдүүлэлтэнд нийт төлсөн татвараар топ 28-т жагсжээ.
Сэтгэгдэл