Нью-Йоркт болсон буриад наадам


Энэ сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк хотод буриад зон олон “Наадан – Сурхарбан” баяраа тэмдэглэлээ. Нийт зуу гаруй хүн цугласан тус наадмаар хүчит бөх барилдаж, харваачид мэргээ сорьж, үндэсний дуугаа дуулан, ёхор бүжиглэн, өргөн дэлгэр наадам болж өнгөрсөн байна. Бууз хуушуураас гадна америк хот-догоор ч зочдоо дайлж байв.

Зохион байгуулагчдын нэг Аюна Ширеторова Буриадын “Информ Полис” агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ жил зөвхөн буриадууд наадамд оролцсон. Өөр үндэстэн байгаагүй. Их сайхан хөгжилтэй баяр болсон. Халуун байсан ч өвгөд хөгшид гэрийн сүүдэрт суугаад хүүхэд багачууд усан санд сэлээд сайхан байсан” гэж ярьсан байна.

Хамгийн хөгжилтэй уралдаан нь хүүхдүүдийн дунд явуулсан “Буриад үг хэн сайн мэдэх вэ” уралдаан байлаа.

Мөн үзэсгэлэнт буриад бүсгүйчүүд үндэсний хувцасны загвар үзүүлж, сонирхуулсан байна.

Нью-Йорк, Нью-Жерси хотын “Ая-Ганга”, “Амар Мэндэ” хамтлаг ая дууны мэнд хүргэсэн нь үзэгчдэд ихэд таалагджээ.

Мэдээж лам нар ном уншиж, Америк дахь буриад олноо даатгалаа.

М.Сугар-Эрдэнэ 
Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.