Х.Баттулга: АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс боллоо


АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Конгрессын номын санд сенатын гишүүд, засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Өнөөдөр ийнхүү АНУ нэмэгдэж байгаад баяртай байна.

Өчигдөр Ерөнхийлөгч Трамп бид хоёр цаг сунган, илэн далангүй ярилцлаа. Ярилцсан нэг чухал асуудал бол стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсынхаа эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон явдал юм.

Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэг байгаа” гэсэн юм.

Мөн 2018 оны байдлаар манай улсын нийт худалдааны эргэлтийн 1.7 хувийг АНУ эзэлж байгаа нь нэн чамлалтай гээд эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт хамтран ажиллах боломж, нөхцөлийн хүрээнд ярилцав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конгрессын номын сангийн Азийн номын танхимд зочилж, сан хөмрөгийн зарим хэсгийг үзэж, сонирхлоо.

Тус номын сан дэлхийн хамгийн том номын санд тооцогддог, 470 хэлээр хэвлэгдсэн 39 сая гаруй ном, хэвлэл, 3.6 сая бичлэг зэрэг хадгалагдаж байдаг байна.

Мөн Конгрессын номын санд монгол, төвд номын цуглуулга байдаг бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй зохиол, 170 орчим ном, 600 гаруй ховор ном бүтээлүүд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.