З.Энхболд: Манай улсын гадаад бодлого зогсолтгүй сайжирч байгааг дэлхий харлаа


Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна. Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг яагаад энэ удаагийн айлчлалын гол асуудал болгосон юм бол. Ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт гэхээр зарим хүн жижиг зүйл ярилаа гэж шүүмжлэх хандлага байна?

-Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан. Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна. Тиймээс бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай буюу татварын асуудал байгаа юм. Мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, бүтээгдэхүүн болгож хувиргах олон мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас хамгийн чухал сэдэв болоод байгаа юм. Конгрессын доод танхимд 40 гаруй гишүүн, дээд танхимд 10-аад сенатын гишүүн манай хуулийг дэмжиж гарын үсэг зурсан. Гүйцэтгэх засаглалын дэмжлэг байгаа учраас энэ хууль ирэх есдүгээр сард багтаж батлагдах магадлалтай боллоо гэж сая уулзалтын үеэр хэлсэн.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдвал малчин өрхөд ирэх бодит үр дүн нь юу байх вэ?

-Ноолуурын ханш өсөх гэх мэт жижиг үр дүн биш. Манай ноолуур одоогоор аравхан хувийн боловсруулалт хийгдэж цамц болж байгаа бол цаашдаа 100 хувь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход гол ач холбогдол нь байгаа юм. Мөн үйлдвэрийн ажлын байрыг 50 мянга болгох тухай яригдаж байгаа. Зөвхөн үйлдвэрийн ажлын байрны тухайд энэ тоог хэлж байгаа шүү. Харин малчдын орлого үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр баталгаажиж, өсөх боломжтой болно.

-Дэлхийн улс орнуудын барьж байгаа бодлого бол массыг ажилтай, орлоготой болгох. Энэ хууль нь Монголын эдийн засгийг солонгоруулах бодит гарц болж чадах болов уу?

-Хамгийн түрүүнд эдийн засгийг солонгоруулах цорын ганц алхам мөн. Яагаад гэвэл бид дэлхийд ганцхан улстай л ноолуураар өрсөлдөнө. Тэр нь Хятад улс. Түүхий эд байгаа учраас үүнийгээ бүтээгдэхүүн болгож гаргая. Ингэснээр удаан хугацаанд буюу 50-100 жилээр ажлын байрыг хадгалах гол хөшүүрэг болно. Уул уурхай валютын орлогыг ихээр олдог ч харамсалтай нь ажлын байр нэмж чадахгүй байна. Харин ноолуурын салбар яагаад чухал байна гэхээр маш олон хүнд хүртээмж нь хүрч байна.

-Төрийн тэргүүний айлчлалаар АНУ-тай тогтоосон харилцаагаа нэг шат ахиулсан. Хоёр улсын Стратегийн түншлэлийн талаар тодруулахгүй юу?

-Айлчлалын үеэр шийдэгдсэн хамгийн том асуудал бол Монгол Улс болон Америкийн нэгдсэн улсын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд хүрсэн гэдгийг зарласан. Манай улс дэлхийн 192 орноос ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрвөн улстай Стратегийн түншлэлийн харилцаатай байсан. Одоо АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай боллоо.  Энэ нь өөрөө харилцан итгэлцэл, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа, хамгийн их дутагдаад байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь нь болж өгч байна. Айлчлалын үйл явцыг сурвалжилж байгаа сэтгүүлчид та бүхэн ажигласан байх. Манай өмнөх Ерөнхийлөгч нарын айлчлалууд зууван танхимаас хэтэрдэггүй байсан бол таван минут төлөвлөсөн уулзалт 40 минут болж үргэлжилсэн гэх мэт хэвлэлд гарч байгаа гарахгүй байгаа гээд онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа.

-АНУ-тай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бусад улсууд хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Манай улсын гуравдагч хөршийн бодлогыг дэлхий даяараа мэдэж байгаа.Одоо бид гуравдагч хөршүүдээсээ гурав дахь хөрштэй нь стратегийн түншлэлтэй болчихлоо. Энэтхэг, Япон дээр нэмээд манай гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Харин хоёр хөршийн хувьд Стратегийн түншлэл дээр иж бүрэн гэдэг үг нэмэлтээр бий. Өөрөөр хэлбэл стратегийн түншлэлээс урагш нэг алхам алхсан гэсэн үг. Энэ онд тохиож байгаа Халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ. Тэгэхээр манай улсын гадаад бодлого зогсолтгүй үргэлжилж, сайжирч байгаа нь энэ процессоос дэлхий дахинд харагдаж байгаа байх. Бид бүх харилцаа холбоогоо нэг шатаар ахиулж чадсан гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.СОЛОНГО


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.