“Буянт Ухаа 2” хороолол гэр хорооллын иргэдийн өдрийн бодол, шөнийн зүүд болсоор эхний ээлжийн цахим бүртгэл дууслаа. Зарим иргэн бүртгүүлж ч чадаагүй. Нэг хэсэг нь өөрсдийн ухамсараас болж хоцорсон бол нөгөө хэсэг нь регистрийн дугаар бүртгэлтэй гэх зэрэг алдаанаас болж бүртгүүлж амжаагүй. Юутай ч өчигдөр НОСК-иас анхны цахим бүртгэл амжилттай явагдлаа хэмээн их л сүр дуулиантайгаар хэвлэлийнхэнд хандан, олон нийтэд зарлаж байна. Гэвч энэхүү цахимаар бүртгэх, сонголт хийх ажлыг өмнө нь ТОСК зохион байгуулж л байсан ажил.
Түүгээр ч зогсохгүй цахим бүртгэл, түүнээс сонголт хийх гэх зэргээр ярьвал Нийслэл газар олголт, цэцэрлэгийн бүртгэл гэх зэргээр иргэдийнхээ хувь заяаг цахимд даатгаж үзчихсэн үе. НОСК-ийн цахим санд 35 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлжээ. “Буянт Ухаа 2” хорооллоос шүү дээ. Гэтэл тэнд улсын комисс ч хүлээж аваагүй 972 айлын орон сууц сүндэрлэчихээд байсаар л. Тэр хэсгийн 972 орон сууцны 60 хувийг л энэ удаагийн бүртгүүлэгчдэд олгоно. Мэдээж олгохдоо олон шалгуураар шүүж, унагаж байж давуулж, арайхийн түрээсийн орон сууцтай болох эрхийг нь иргэнд өгнө. Мэдээж дээр байрны 600 гаруйг нь 2 төрлийн түрээсийн орон сууцныханд олгоно. Харин үлдсэн 300 гаруй нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох өрхүүдэд олгохоор тусгагдаад байгаа гэнэ.
Улсын комисс эцсийн байдлаар ч хүлээж аваагүй 600 гаруйхан орон сууцны төлөө 35 мянган иргэн бүртгүүлнэ гэдэг ёстой л алаагүй баавгайн арьсыг хуваана гэгч болж. Хамгийн энгийнээр тооцоход л 1 орон сууцны төлөө 590 орчим иргэн өрсөлдөнө. Хэрвээ сонгогдож чадаагүй бол гэр бүлдээ аз, эзгүйгээрээ дуудагдаад хөлсний байр эсвэл гэр хороололдоо амьдарна. Уг нь эндээс харахад эрэлт хэр байгаа нь илхэн тоологдож, тооцоологдохоор байгаа юм. Иргэдэд боломжийг олгож, итгэл хүлээлгэвэл хэн ч хөрс, агаарын бохирдолтой гэр хороололд амьдраад байхыг хүсэхгүй. Түрээсээр ч болов өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болохоор ажиллаж, амьдарна. Гадны туршалагыг нэвтрүүлэхдээ гарамгай, түргэн манай улсын хувьд орон сууцжуулах хөтөлбөрийг яаж ч нэвтрүүлсэн болохоор. Учир нь өмнөд хөршийн хувьд л гэхэд зарим бүс нутагт нь үл хөдлөх хөрөнгө нь эзэнгүйдэж байх жишээтэй. Мэдээж хүн ам олон, цаг агаарын хувьд өөр гэх мэтээр үлгэрлэж болохгүй хэмээн зүтгэх л байх.
Гэхдээ тэдний хувьд иргэдээ ядуурлаас гаргахын тулд элдэв шалгуур ч тавихгүй орон сууцаар хангаж, тухайн өрхөөс 1 хүнээр нь ажил хийлгэж байрных нь хөлсийг төлүүлж байна. Энэ бол манай иргэдийн хувьд ёстой л “өлхөн хийх” боломж. Ая тухтай амьдрах нөхцөлийн төлөө монголчууд гадны орныг зорьж байгаа. Түүний оронд боломжийг нь олговол ажиллах хүч, сэтгэл байсаар байгаа. Гэтэл шинэ байрыг насных нь мөрөөдөл болгож, цахимаар хүртэл өрсөлдүүлэх эмгэнэлд хүрчихээд байгаа.
Анх моргейжийн зээл гэх үг нийтэд дэлгэрсэн үеэс л орон сууцжуулах хөтөлбөрийг төрийн бодлогоор зөв зохицуулсан бол өдийд агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, барилгын компаниуд хоосон “арга ясаа” харж, зээл, хөрөнгө оруулалт хайхгүй байх боломж байсан. Одоо үүнийг хэрэгүүлэхэд оройтоогүй. Түрээсээр орон сууцтай болохыг хүсэн иргэдийн тоо бэлэн байна. Борлуулагдаагүй орон сууцны тоо ч бэлэн. Гол нь төр, нийслэл зөв бодлого хэрэгжүүлж чадвал эрүүл, аюулгүй орчинд иргэд амьдрах нөхцөл бүрдэнэ. Ажилтай, орлогтой, ирээдүйд итгэлтэй гэр бүлүүд ч нэмэгдэх нь гарцаагүй.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл