Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан билээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 хүн усанд унаж осолдсон бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулжээ.
Тиймээс компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хоёр хүний амь үрэгдсэн гэж болохоор байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа.
Сэтгэгдэл