С.Амарсайхан: Нэг айлаас болж хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж болохгүй


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна.

Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

 

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга.

Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

 

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.