Байгалийн баялаг нийтийн мэдэлд гэдэг нь яг жинхэнэдээ юу гэсэн үг вэ?


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг рүү халдахгүй, зөвхөн засаглалын асуудал руу л орно гэж мэдэгдсэн ч эрх баригчид Үндсэн хуулийн эхний бүлгийн нэг заалтыг онилоод байна. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг дэх “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт руу. Товчхондоо газрын хэвлийн баялгийг төрийн биш нийтийн өмч болгох өөрчлөлт яригдаад эхэлчихсэн. Эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан хөлтэй манай улсын хувьд нийтээрээ анхаарах учиртай өөрчлөлт мөнөөсөө мөн. Энэ өөрчлөлт ямар үр дагаварт хүргэх, ийм өөрчлөлт орвол сайн нь юу, муу нь юу болох тухай яриа хөөрөө өдийд бол жинхэнэ халуун сэдэв.

Эхлээд нийтийн өмч гэж юу вэ гэсэн асуултад хариу хайя. Нийтийн өмч гэдгийг социализмын зах зухыг гадарлах хүмүүс “Хэний ч өмч биш, хэн нэг дарга нь өмчилдөг эзэн биегүй зүйл” гэж эргэлзэх юмгүйгээр тодорхойлчихно. Хэний ч биш өмч үнэ цэнэгүй, өгөөжгүй, ашиггүй гэх мэт өчнөөн сул талтайг мөн л хуучин нийгмийн өчнөөн жишээгээр тайлбарлаж болно. Мэдээж нийтийн гэдэг тодотголыг сонгодог утгаар нь ашиглавал, дэлхий ойлгодог тэр хэлээр ойлгож амьдралын хөрсөнд буулгавал “хадны мангаа” шиг хэцүү ойлголт биш л дээ. Гэхдээ засаглал нь дархлаагүй, эрх барьж буй хэн нэг нөхрийн ааш аягаар бодлого нь явчих гээд байдаг манай улсын хувьд яг сонгодог утгаараа ашиглагдана гэдэгт энгийн ямар ч сэхээтэн эргэлзэнэ. Ёстой нөгөө “Нэг үгнээс мянган утга цацарна” гэдгийн тод үлгэр болчих эрсдэлтэй.

Эдийн засгийн ойлголтоор хүний гар хүрээгүй бэлчээр, байгалийн баялгийн нөөц гэх мэт зүйлс эхлээд дундын өмч байдаг. Дундын өмч гэдэг бол яг нарийндаа өмч биш. Өмчийн харилцаа ч биш. Ямар ч өмч нэмүү өртөг шингээд ирэхээрээ л өмчийн харилцаанд ордог. Өгөөж ашиг нь хүнд ирсэн үед хувийн өмч, хүнд ямар нэг хэлбэрээр өгөөжөө өгөөгүй бол нийтийн өмч гээд ойлгочихож болно. Өмчийн харилцааны тухай энэ мэт онцлог ялгаа, нарийн логикийг анзаарч хандах шаардлага бий. Гэхдээ энэ удаа public property буюу нийтийн өмч гэсэн тодотгол өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулаад хэргээ өгөх үү, сонгодог утгаараа хэрэгжээд явах бололцоотой юу гэсэн асуултад хариу хайя.

Хэрвээ төрийн тэргүүний энэ санал дэмжигдээд Үндсэн хуулийн заалт болчихвол Ашигт малтмалын хууль дахь газрын хэвлий доорх баялаг төрийн өмч гэсэн утга өөрчлөгдөж таарна. Гэхдээ үүнээс ч том “өөрчлөлт” хийгдэж мэднэ гэсэн болгоомжлол бас дуулдаж байна. Давтаад хэлэхэд сул засаглал, попорсон улстөржилттэй энэ үед нийтийн өмч гэсэн ойлголт сонгодог утгаараа хэрэгжинэ гэдэг бараг л боломжгүй. Баабар сонгогчдын дунд улстөрдчийн рейтинг ямар байгааг тандсан судалгааныхаа дүнг саявтар сонирхуулсан юм. Хэд хэдэн аймгийг онцолж хийсэн тэр судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр Ерөнхий сайд тодорсон байсан. Шалтгааныг нь ухаад сонирхтол хувийн компанийн хөрөнгийг хураана гэсэн мэдэгдэлд нь олон нийт алга ташсан байсан гэдэг. Ийм сэтгэл зүйтэй хэсэг давамгайлсан сонгогчдын дунд “Нийтийн өмч гэж юуг хэлэх вэ” гэсэн асуулттай санал асуулга явуулбал ямар хариу өгөх бол? Бодох л асуудал. “Ард түмнээсээ саналыг нь асуулаа. Санал асуулгаас харахад нийтийн өмч гэдэг бол ерөөсөө л энэ юм байна. Тэгэхээр манай улс байгалийн баялгаа ингэж ашиглана” гэж ирээд эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайн салбарт популизмыг цэцэглүүлбэл яах вэ? Уул уурхайн салбарт төрийн эрхийг атгасан хэдхэн хүн, цөөхөн бүлэглэл “нийтийн” гэсэн гоё тодотголыг ашиглаад эзэн суугаад эхэлбэл ямар үйл явдал өрнөх бол. Хариу нь тун тодорхой. Зах зээлийн замаас илт гажсан ямар ч салбарт бизнесийн том төслүүд амжилттай хэрэгжихгүй. Төрийн нөлөө ихэссэн ямар ч салбараас гадны хөрөнгө оруулалт үргэх нь жамын үзэгдэл. Эрсдэл өндөртэй, хөрөнгө мөнгө их шаарддаг уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулалтгүй бол элгээрээ хэвтэнэ.

Үндсэн хуулийн 6.2-д орж буй өөрчлөлтийг үгчилж бичвэл их урт. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараахь ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт Үндсэн хуульд тусах эсэх нь өнөөхөндөө хэлэлцүүлгийн төвшинд байна. УИХ толгой дохивол энэ заалт Үндсэн хуульд тусна. Энэ удаадаа азная гэвэл өмнөх заалт хүчин төгөлдөр үлдэнэ. Сая онцолсон урт өгүүлбэрийн эхний өгүүлбэрт л эрх баригчид онцгой анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл газрын доорх баялаг төрийн биш нийтийн өмч гэж өөрчлөгдөх эсэх л улстөрчдийн хувьд халуун сэдэв болсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Харин УИХ-ын ажлын хэсгээс нэмж орж ирсэн сүүлийн өгүүлбэрүүдэд анхаарал тавьж суугаа улстөрч бараг алга. Анхаараад Үндсэн хуульд тусгана гэвэл бас л поп, сүржин өгүүлбэрүүд л дээ. Ямартаа ч Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тойрсон сүүлийн үеийн мэдээллээс “Төрийн биш нийтийн өмч гэсэн өөрчлөлт эрх баригчдын амин сэдэв болчихож” гэсэн дүгнэлтийг төвөггүй хийчихэж болохоор байна.

Дэлхийн жишгийг анзаарахад газрын доорх байгалийн баялаг нэг бол төр, эсвэл нийтийн гэсэн тодотголтой байдаг юм билээ. Манай улсын тухайд “төрийн” гэдэг үгийн цаана бусад орных шиг Засгийн газар бий. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад Засгийн газар юуг хийж, юуг болохгүйг парламент шийднэ. Парламентын тухайд 76-уулаа учраас бас ч гэж илэрхий хачин, байж боломгүй шийд гаргахгүй. Харин нийтийнх гэчихвэл Үндсэн хуулийн энэ заалтыг яаж ашиглахыг тоймлож тодорхойлох аргагүй. Яг одоо ид дундаа яваа хэлэлцүүлгээс анзаарахад хэдэн ч утга гарч ирж мэдэхээр байна. Бүр хожим нийтийн гэдэг тодотголоос үүдсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр очлоо гэж бодъё. Цэц ямархуу дархлаатай, улстөрөөс хэр хамааралтай болсныг бултаараа харж суугаа. Улстөрчдийн дохио зангаагаар шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэлийг хуульчдаасаа эхлээд улстөрчид нь хүртэл Цэцэд хаягласаар байгаа.

Үндсэн хуулийн өнөөгийн хямралыг засаглалаас үүдэлтэй гэж тодотгож буй. Хэрвээ нийтийн гэдэг тодорхойлолт байгалийн баялагт хамаатай болчихвол байгалийн баялгаас үүдэлтэй Үндсэн хуулийн хямрал руу гулсах эрсдэлтэй. Нэг өөрчилсөн л бол найман жилдээ хөндөх аргагүй гэсэн бодит үнэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана бий. Тэгэхээр “нийтийн” гэх тодотголыг нэг л буруу хэрэглэчихвэл эдийн засгаа самрах аюул ойрхон байна. Алдаагаа сэхээрээд урагшилъя гэх нь ээ нэгэнт оруулчихсан өөрчлөлтөө засч чадахгүй дор хаяж найман жил дороо хий эргэх эрсдэл харагдаад байна.

Нийтийн гэдэг өөрчлөлт оруулаад дэлхийн жишгээр зөв явах боломжгүй хэрэг үү гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн уул уурхай тойрсон улстөржилтүүдээс анзаарахад ингэж эргэлзэх хангалттай шалтгаан харагдана. Уул уурхай эдийн засагт ямар том орон зай эзэлснийг хэдэн тоогоор нотолъё. Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны хоёрдугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн статистик гарч байв. Төгрөгөөр яривал 400 гаруй тэрбумаар өссөн юм. Энэ өсөлтийн 300 тэрбум гаруй нь уул уурхайн салбарт хаяглагдана. Товчхондоо аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73 хувийг эзэлдэг. За тэгээд уул уурхай экспортын 80-90, ДНБ-ний дөрөвний нэгийг эзэлдэг. Дам нөлөө энэ тэрийг нь тооцвол нийт эдийн засгийн 60 гаруй хувь энэ салбараас шууд хамааралтай. Сая дурдсан тоонуудаас уул уурхайн салбар эдийн засагт ямар орон зайтайг харчихаж болно. Ноолуур, махны экспорт гэх мэт доллар олдог бүтээгдэхүүнүүд бий ч уул уурхай шиг экспортод жин дарсан салбар болтол дор хаяж 10, 20 жил шаардагдана. Зэс, нүүрс зарж олсон мөнгөө ухаалаг зарцуулж, зөв бодлогоор урагшилбал наад зах нь 10, цаад тал 30, 40 жилийн дараа эдийн засаг солонгорч, ноолуур, мах, хүнсний эко бүтээгдэхүүний экспорт дэлхийд гялалзаж магадгүй. Өнөөгийн поп улстөрчдийн эрин үе ч улирч таарна. Тэр үед л Үндсэн хуульд газрын хэвлий доорх баялаг нийтийн өмч гэсэн өөрчлөлт, тодотгол хийвэл илүү зөв шийдэл болж мэдэх юм.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.