“Гэтэл банканд мөнгө байдаг бус уу” гээд асуучихад нээх их буруудахгүй байх.
Гадаадын хөрөнгө оруулалт даллахыг амны уншлага болгосон эдийн засагчид, ялангуяа гадаадаас бонд босгох талаар байнга сэтгэж явдаг улстөрчдөөс.
Гэвч тэд гаднынхны мөнгөнд дуртай мөртлөө гаднын банканд дургүй аж. Энэ сэдвийг хөндөхөөр банкны эзэд, банканд хувьтай улстөрчид гадаадын банкуудыг нүд үзүүрлэн бизнесийн талбараа хамгаалсаар ирсэн.
Эзэн нь хойно, эдээ хамгаалах нь яалт ч гүй алхам. Тэдний эсрэг бизнесийн салбарынхан их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт, бага хүүтэй зээл л байвал Монгол Улс хөгжих нь өнөө, маргаашийн асуудал ухааны юм хэлдэг.
Ерөнхийдөө 30 гаруй, эдийн засгийн идэвхжил өндөртэй үед буураад 18 хувийн хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг тэд ингэж хоёр гараа өргөхөөс өөрцгүй.
Гэхдээ хамгийн бага хүүтэй зээл харьцангуй төлбөрийн баталгаатай цөөн тооны томоохон компаниудад олддог гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Жижиг, дундчуул нь дотоодын банкуудын өндөр хүүг даалгүй дампуурдаг.
Даваад гарсан хэд нь улстөрчидтэй холбогдох, эсвэл уул ухахгүй л бол томордоггүй нөхцөл байдал үндсэндээ 25 жил үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд гаднын банк орж ирснээр хөрөнгө оруулалтын салбарт өрсөлдөөн бий болж, монголчуудын олон жилийн мөрөөдөл зээлийн хүү нэг оронтой тоонд орно.
Эсвэл Монголынх шиг жижигхэн эдийн засгийг гадаадын акулууд ганцхан ангайлтаар зажлахгүй залгичихна гэх мэтээр хоёр талцаж, олон жил мэтгэлцлээ. Төр засгийн түвшинд ч гаднын банк оруулж ирэх замаар хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр олон ч парламентын бүрэн эрхийн хугацаанд улстөржлөө.
МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эдийн засгийн хямралыг оношлоод, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дэвшүүлсэн. Түүнийх нь тэргүүнд “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх”, “Банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зэрэг эрүүл зорилтууд багтсан байдаг юм.
Энэ хүрээнд УИХ-ын 30-аад гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлэв, хөөрхий. Хөөрхий гэхээс ч өөр аргагүй.
40 хүрэхгүй гишүүнээр ирц бүрдүүлээд, 20 хүрэхгүй хүн хэлэлцэн хууль баталчихдаг улс өөрсдийнхөө санаачилсан төслийг хууль болгон төрүүлж дөнгөхгүй байгаад хамаг учир бий. УИХ-д өргөн баригдаад гурван жил орчим болж байгаа ч хэлэлцэх эсэхийг нь дэмжих маягтай болоод замхрах шинжиндээ оров.
Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгож, зарчмын хувьд дээрх хуулийн төслийг дэмжсэн УИХ-ын гишүүд Хятадын банканд хаалгаа нээсэн эрлийз, хурлийзаараа цоллуулахаас айсан уу, яасан таг дуугүй болсон.
Уг нь МАН-ын Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжсэн байдаг. Намын бүлэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалыг нь дэмжсэн.
Гэтэл анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд оруулмагц дарга нь алх цохиод хугацаагүйгээр хойш тавьсан юм. Тухайн үед УИХ-ын эдийн засгийн асуудал эрхэлсэн байнгын хороог банк санхүүгийн салбарын либералчлалыг харьцангуй ойлгодог, баруунд боловсрол эзэмшсэн Д.Тэрбишдагва даргалж байсан бол өнөөдөр шинэ үеийн бизнесмэнүүдийн төлөөлөл Ж.Ганбаатар алх цохих эрхтэй даналзаж байгаа.
Банкны салбарын өрсөлдөөнийг либералчлах асуудал дээр энэ хоёрын байр суурь төстэй л дөө. Тэдний байр суурийг эргэн сануулахад, Д.Тэрбишдагва “Дэлхийн нийтэд гадаадын банк оруулж ирээгүй улс бараг байхгүй. Олон улсын банкны менежментийг оруулж ирээд, арилжааны банктай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллах нь олон эерэг нөлөөтэй.
Ялангуяа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд чухал ач холбогдолтой. Гэхдээ хязгааргүй олон банк оруулж ирэх бус Монгол Улсын мөнгөний бодлогод тулгуурласан, хатуу шаардлагатай, хууль эрх зүйгээр тодорхой үйлдлийг хязгаарлаж чадсан байх ёстой.
Ингэснээр нийт аж ахуй нэгжид тулгарч байгаа хүүний дарамтаас ангижрах давуу талтай” хэмээж байсан бол Ж.Ганбаатар “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль бол цаг үеэ олсон, ач холбогдол өндөртэй хууль. Би 100 хувь дэмжиж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт хандаж байгаа өнөөдрийн арилжааны банкнуудын асуудал хэцүү байна. Хүүгээ төлөөд цаанаа ашгаа гаргаж чадахгүй байна.
Томорч чадахгүй байгаа учраас өөртөө ашигтай зээлдээ хамрагдаж чадахгүй байна. Том зээлдэгч нарт бол боломжтой зээл санал болгодог. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн 24 хувийг давж гарч чадахгүйн улмаас ажлын байрны тоог нэмж чадахгүй байна” гэж байлаа.
Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Харин одоо дотоодын банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байгаа.
Өөрөөр хэлбэл, манай улсын дотоодын банкуудын дүрмийн сангаас 10 дахин их хэмжээний эх үүсвэртэй том тоглогч уг хууль төрснөөр орж ирэх үүд нээгдэх нь. Харин олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх босго тогтоон өгч байгаа.
Ингэснээр Монголын банкуудын тоглох орон зайг дархалж өгч байна гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын банк иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэхгүй, хараат болон охин компани байгуулж болохгүй.
Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор зээл олгодог байх бөгөөд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах эрхтэй байна.
Мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ гэсэн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа эрхлэх боломжтой гэж хуулийн төсөлд тусгаад байгаа.
Үүнээс гадна санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулах боломжтой аж.
Одоогоор Монголд гаднын банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа аж.
Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрх эдэлдэг. Уг журмаар зөвхөн гаднын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гаднын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй гэнэ.
Бусад үйл ажиллагааг хориглосон хуулийн зүйл заалт байхгүй. Мөн дотоодын гэх тодотголтой арилжааны 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай.
Манай үндсэн том гурван банк буюу ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Харин гаднын таван банкны төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. БНХАУ-ын “ICBC”, Голландын “ING”, БНХАУ-ын “Bank of China”, Японы “Sumimoto Mitsui Banking Corporation”, “Tokyo Mitsi-bushi UFJ” банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс “ICBC”, “Bank of China” хоёр БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой, бусад нь арилжааных юм байна.
Тиймээс гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Хөрөнгө оруулалтын банк байгуулахын тулд Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж, нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай аж.
Ерөнхийдөө Хөрөнгө оруулалтын банк байгуулах шаардлага нөхцөл нь ингэж тусгагдаад байгаа. Харин зарим эдийн засагч гаднын банк орж ирэхийг хоёр гараа өргөн дэмжинэ гэж байгаа ч үндэсний аюулгүй байдлын түвшинд гадаад улсын төрийн өмчит оролцоотой банк оруулж ирэхийг эсэргүүцэж ирсэн.
Мөн дэлхий дээр гаднын банканд хаалттай Хойд Солонгос, Монгол гэсэн хоёрхон улс үлдсэн гэдгийг сануулах нэгэн ч бий. Эцэстээ “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэгчээр зах зээлээ нээлгүй айж бэргэсээр өдий олон жил өнгөрлөө.
ЭХ СУРВАЛЖ: Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Сэтгэгдэл