Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа


Монголчуудыг уурхайн талбарт очиход нэг л сонин угтаж авна. Хүндлээд байгаа ч юм шиг эсвэл яагаад ч байгаа юм бүү мэд. Шинэ орчин, шинэ соёл, олон гадаад хүмүүс, гадаад шиг болсон Монгол хүмүүс дунд учраа олохгүй, ямар ажил хийхээ ч мэдэхгүй хэсэг урсгалаараа явна. За тэгээд өнөөх Монгол нэг л өдөр хэн ч биш болсон байдаг юм. Харамсалтай нь өөрийгөө хэн ч биш гэдгээ мэддэг ч хүн байна, мэддэггүй ч хүн байна.
Яагаад хэн ч биш гэснийг тайлбарлая.
Хөдөлмөрийн гэрээн дээрх үндсэн ажил үүргээ гүйцэтгэхдээ гадаад даргаасаа зөвшөөрөл, гарын үсэг авна. Өдөр бүр авна, өдрийн хэд хэд ч авна. Тэр бүү хэл ээлжийн амралт хэзээ авахыг хүртэл гадаад даргын гарын үсэг шийднэ. Ажлын хувцас, гутал авахад хүртэл гадаад даргын гарын үсэг хэрэгтэй. Ер нь гадаад дарга нар гарын үсэг зурах л ажилтай. Мэдээж гарын үсэг зурах нь тэдэнд бөөн кайф.
За тэгээд Монголчууд баахан гарын үсэгтэй болж аваад ажлаа хийнэ дээ. Ядартлаа хийнэ. Өдөржин, шөнөжин хийнэ. Гадаад дарга хараад сууж байна. Хааяа нэг ингэ тэг гэж зааварчлах ба тэр нь ихэнхдээ ажлын буруу арга барил байна. Учир нь тэд юм хийдэггүй учраас аргаа сайн мэдэхгүй. Гадаад дарга нар интернетийн онлайн худалдаа харж сонирхсон зүйлээ худалдаж авна. Мөн хоббигоо хөгжүүлнэ. Өөр шигээ гадаад найз нартайгаа машин, мотоцикл, буу, завь, нохой, муур, загасны уурга гэх мэт зүйлсийнхээ тухай байнга ярилцана. Монгол хүн ажлаа бодсоор бараг стрессд орж гүйцнэ. Ажил нь амжаагүй бол буруудах учраас.
Гадаад дарга дуу сонсоно, кино үзнэ. Байсхийгээд зааварчилгаа өгнө. Өрөөндөө л суудаг, бодит байдал дээрх ажлын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй учраас шууд хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй эсвэл Монголчуудын хийж байгаагаас хэцүү арга зам заана. Түүнийг нь заавал дагах ёстой гэнэ. Дагахгүй уурыг нь хүргэвэл сануулга өгнө, хална гэж дарамтална. Өнөө муу Монголчууд таван төгрөгөө бодоод ам ангайхгүй үгийг нь дагана.
Гадаад дарга компьютер дээрээ нислэгийн билетүүд харна. Учир нь амралтаараа хаашаа, аль улсруу хэнтэй аялахаа байнга төлөвлөнө.
Бие бялдар булчин шөрмөс бол гайхамшигтай. Учир нь сайн унтаж амрахын тулд ядрах шаардлагатай. Гэвч ажил хийхгүй учраас ядрах боломжгүй. Ядрах ганц боломж нь төмөр өргөх. Ингээд бие нь хөгжинө. Монголчууд ажил дээрээ ядарна. Юун бэлтгэл хийх. Хөлс, тоосноосоо салаад гэр бүлтэйгээ утсаар ярьчихаад унтахаа л бодно.
Гадаад дарга нар Монголчуудаас өөр хоол идэх ба Монгол хүн тэр хоолыг идэж үзэхийг хүснэ, мэдээж идэж чадахгүй. Харин өнөөх гадаадууд тусгайлан бэлдээд өгсөн нөгөө хоолоо голно гээд бод. Гадаад дарга нарын байрлах байр нь бас л Монголчуудынхаас өөр. Өөр гэдэг нь мэдээж гоё. Өрөөндөө ганцаараа байхаас гадна дотроо ариун цэврийн өрөөтэй. Монголчууд өрөөндөө гурваас дөрвүүлээ байх ба нийтийн жорлон болон, ариун цэврийн өрөө ашиглана. 21 дүгээд зуунд ялгаварлан гадуурхагдсаар.
Юу ч хийхгүйгээр өдрийн 1000-аас 3000-н америк доллар авч байгаа гадаадыг харахаар өөрсдийгөө хэн ч биш гэж бодно. Өөрсдийгөө гэдэгт ажилчид болон, Оюу толгойн муу гэрээ, Монголын төр хамаарах шиг санагдана.
Энэ гадаадууд чинь цалингаараа хөрөнгө оруулалтаа зөөгөөд дуусгах давхар төлөвлөгөөтэй.
1 гадаад сард дунджаар 30.000$,
1000 орчим гадаадын сарын цалин 30.000.000$,
жилийн 360.000.000$,
10-н жилийг ардаа үдсэн гэхээр 3.600.000.000$.
Цаашдаа ч зөөнө гээд бод доо.
Монголчуудын нийт цалин эд нарын авсан цалингийн талд ч байхгүй гэсэн судалгаа хийсэн хүнтэй таарч байлаа.
Цаашид ингээд зөөлгөөд байх уу? Зөвхөн цалин ийм л байна. Бусад зүйл дээр "цалин цаашаа" мөнгө яригдана.
Аа нээрээ яг мартах гэж байна Монголчууд цаасан аяга нийлүүлнэ.

Англи, Австрали, Америк, Канад дарга нарын Монголчуудаас давуу нэг юм бий. Тэр нь төгс Англи хэл. Давуу тал ч гэж дээ төрөлх хэл нь юм байна. Монголчууд бараг бүгд Англи хэлээр нь халтар бултар ч болтугай ярина. Гадаад дарга Монгол хэлээр ярих бүү хэл Монгол хүний нэрийг ч зөв хэлэхгүй.
Эх нутаг дээрээ хэдэн шар толгойтноор дарамтлуулаад, өвгөдийн амиараа хамгаалж үлдээсэн баялагаа ухуулаад, дээр нь өрөнд ороод байж байна гэдэг эмгэнэл мөн биз?
Монгол хүн Оюу толгой уурхайн талбарт очоод олон юм сурч байгаа л гэдэг. Гэхдээ нэг буруу зүйлийг маш сайн сурч байна. Тэр нь юу вэ? гэвэл дарлуулж л сурч байна, хүлцэж л сурч байна.
Ийм хүлцэнгүй ард түмэн гэж үү?
Энэ хэдхэн шар толгойтууд Монголчуудыг дарлачих боломжийг хэн, хэзээ эдэнд өгчихсөн юм бэ? Ийм тэнэг хогийн, хөгийн гэрээ гэж хаана байдаг юм бэ?
Энэ бүхнийг ярьсан, дуугарсан болгоныг харлуулдаг, хавчдаг тусгай баг хүртэл байдаг л гэсэн. Энэ нийтлэлийн доор Оюу толгойг өмөөрсөн, гадаад даргын "бөгс долоосон бууны нохойнууд" хог нэгээрээ сэтгэгдэл бичнэ, харж л байгаарай.
Гадаадуудыг, гэрээг, энэ төслийг өмөөрөх сэтгэлтэй хүмүүст хандаад нэг юм хэлчихье.
Чиний цалин, энэ боломжийн амьдралыг чинь Роберт Фридланд өгөөгүй юм, Жан Себастиан Жак өгөөгүй юм. Харин өвөг дээдэс, газар шороо, Эх орон минь өгч байгаа юм.
Оюу толгойн гэрээг заавал өөрчлөх ёстой. Монгол Улсад ашигтай болгох ёстой. Заавал. Эх нутаг дээрээ дарлуулж залхаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.