Ажлын байрны дарамттай тэмцэх хууль хэрэгжиж эхэлснээр Өмнөд Солонгост тагнуулын төхөөрөмжийн эрэлт нэмэгджээ


Энэ зунаас Өмнөд Солонгост ажил олгогчийн зүй бус дарамттай тэмцэх шинэ хууль хэрэгжиж эхэлсэн юм. Үүний улмаас тус улсын зах зээлд нууцаар бичлэг хийх зориулалттай аудио, видео төхөөрөмжийн худалдаа огцом нэмэгдсэн байна.

Үүнд бичлэг хийх төхөөрөмжөөр тоноглогдсон тэлээ, нүдний шил, үзэг зэрэг эд зүйлс багтдаг. Ажил олгогч нь ажилтантайгаа хатуу ширүүн харьцдагаараа Өмнөд Солонгосын нийгэм алдартай. Солонгос хэлээр габжил гэж нэрлэдэг дээд хүн нь доод хүнээ дарамтлах соёл дунд сургуулиас эхлээд томоохон компаниуд хүртэл нийгмийн бүх шатанд амь бөхтэй оршдог.

Жишээ нь 2014 онд Korean Air компанийн ерөнхийлөгчийн охин нисэх онгоцны ажилтныг зодож, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв. Өөртэй нь хүндэтгэлгүй харьцсан гэх онгоцны үйлчлэгчийг зодсон эмэгтэй сүүлд албан тушаалаасаа огцорч, хэдэн сарын турш хоригдоод суллагдсан юм.

Долдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу ажилтантайгаа зүй бус харьцсан ажил олгогч гурван жил шоронд хоригдох, эсвэл 30 сая хүртэл воны торгууль төлөх болж байгаа.

Дуу хоолойн бичлэгийг нууцаар үйлдэх төхөөрөмж зардаг Auto Jungbo дэлгүүрийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар өссөн тухай эзэн нь хэвлэлд ярьжээ.

Тэрээр энэ оны борлуулалтын хэмжээ нь өмнөх оноос хоёр дахин өсөх төлөвтэй байгааг бас ярьсан байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруй хугацаанд нийт 572 ажилтан гомдол гаргасан тухай Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яам мэдээлжээ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Reuters

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.