Олноо "Цэнхэр үст” Цэрэн хэмээн танигдсан иргэн Э.Цэрэндолгор буюу "Цэрэн Турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд "Мүүн” хэмээх гаж урсгалтай хүчтэй тэмцэж, олон нийтэд энэхүү буруу урсгалыг таниулан мэдүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн бөгөөд тиймдээ ч "Мүүн”-ий шашны Монгол дахь томоохон төлөөллүүдтэй ихээхэн тэмцэлтэй байгаа юм. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хувьд Багануур дүүрэгтэй нэг тойрог болж байгаа бөгөөд ингэснээр 4 мандаттай болсон. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар-Багануур дүүргээс 4 хүн УИХ-ын гишүүн болно. Тэгвэл иргэн Э.Цэрэндолгор өөрийн твиттер хуудастаа "Сүхбаатар дүүрэгт Лу.Гантөмөр нэр дэвших нь. Би л зэрэгцэж залуу үеээ аврахаас. Гантөмөр надад няц гишгүүлнэ дээ” хэмээн жиргэжээ. Боловсролын сайд Л.Гантөмөрийн хувьд АН-аасаа нэр дэвших бол Э.Цэрэндолгорын хувьд бие дааж нэр дэвших нь бараг тодорхой байна. Ямартай ч, Э.Цэрэндолгор Монголын боловсролын салбарын доройтол болон энэ салбар дахь "Мүүн”-ий шашинтнуудын үйл ажиллагааг ихээхэн шүүмжилдэг нэгэн юм. Эцэст нь, "Мүүний аюул занал" сэдвээр Монголын нийгэм, Боловсролын салбарт жинхэнэ хуй салхи /tornado/ болж чадсан "Цэнхэр үст" Цэрэн Л.Гантөмөр сайдыг хар салхи шиг дайраад гарч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ирэх сонгууль л мэдэж дээ.
Сэтгэгдэл