Жуулчдын хөл тасардаггүй Чингисийн гурван нуур


 Жуулчдын хөл тасардаггүй Чингисийн гурван нуур

Г.СОНИНБАЯР

Зуны дэлгэр цагт эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалуудыг үзэж, амарч аялахаар төлөвлөсөн олон хүн байгаа. Эрхэм уншигч та ч гэсэн тэдний нэг гэдэгт эр­гэл­­­зэхгүй байна. Хэрвээ хаана амрахаа төлөвлөөгүй бол танд эзэн Чингисийн өлгий нутгаар аялахыг санал болгож байна. Түүнч­­­лэн Хэнтийгээр аялна гэж төлөвлөсөн хүмүүст бага ч ату­гай хөтөч болох мэдээллийг бид энэ удаагийн дугаартаа бэлтгэлээ. 

Гадаад, дотоодын жуулчдын хамгийн их явдаг аялал жуулч­лалын гурван үндсэн чиглэл бий. Үүнд нэгдүгээрт Хангайн чиглэл буюу Улаанбаатар, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Бул­ганы чиглэл. Харин хоёр дахь гол маршрут нь Улаанбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговь гэсэн говийн чиглэлээр 3000 орчим километр аялна. Гурав дахь гол маршрут бол Хэнтийн чиглэл. Улаанбаатар, Төв, Хэнтий гэсэн энэ чиглэлд 900 орчим километр аялна. Их эзэн Чингисийн төрж өссөн газар, их хааны амьдрал, тэмцэлтэй холбоотой домог түүхт нутаг ус энд л бий. Мөн байгалийн сайхныг үзэж нүд, сэтгэлээ баясгах боломжтой. Дэл­хий дахинд эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавьж үзэхсэн гэж хүсдэг хэдэн зуун сая хүн бий. Тэгэхээр Хэнтийн чиг­­лэлийн аялал бол асар  ирээдүйтэй. Монголчууд бид ч гэсэн их хааныхаа мэлмий гийж, өлмий батадсан тэр сайхан нутаг усыг үзэж, Ононгийн усыг амсч, Бурхан Халдунд бараалхан, Дэлүүн болдогийн салхинд илбүүлж, Чингисийн Гурван нуурт умбаж, Хөдөө арал, Хар зүрхний Хөх нуур, Хорхунаг Жубур буюу Хурхын хөндий, алдарт Өглөгчийн хэрэм, монгол төрийн голомт  хэмээн  өргөмжлөгдсөн Биндэрийн Рашаан  хад, Бодон­чар богдын отоглож асан Тэнхлэг горхи тэргүүт түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар нутагт хөл тавихыг хүсэлгүй яах вэ. Ингээд Хэнтий нутаг, тэр тусмаа их хааны мэндэлсэн тоонот Дадал сумаар хамтдаа аялцгаая. 

 

ЧИНГИС ХААНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ. Хүн төрөлхтөний хоёр дахь мянганы хүн, их эзэн Чингис хаанд зориулсан хамгийн анхны гэрэлт хөшөө Гурван нуурын дунд нуурынх нь хойт дэнж дээр сүндэрлэн байдаг. Энэхүү хөшөөг 1962 онд их хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан нэрт эрдэмтэн, улс төрч Д.Төмөр-Очирын санаачилгаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийд­вэр гарч, уран барималч Л.Махбалын удирдлагаар барьж босгожээ. Хөшөө 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, дөрвөн метр зузаан. Монголчууд эрт­нээс нааш галыг бадран мандахын бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбон, бадам­лан асаж буй галыг бэлэгдэн дүр­сэлсэн байдаг. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төв шударгуу байдлаар ховилдуулан сийлж гаргасан буй. Чингис хааны бо­соо хөргийн баруун дээд хэсгээс тө­рийн цагаан сүлдийг цухуйж байгаа байд­лаар дүрслэн Чингис хааны зүүн талд
Алд бие минь алжааваас алжаатугай 
Ахуй төр минь бүү алдартугай хэ­мээсэн алдарт сургаалыг нь монгол бичгээр бичсэн байдаг. 


Есүхэй баатрын гэрийн буурь Дунд нуурын дунд хэсэгт байсан гэж үздэг учраас энэхүү гэрэлт хөшөөг Гурван нуурын хөвөөнд босгосон түүхтэй. 

ДЭЛҮҮН БОЛДОГ. Дунд нуурыг Есүхэй баатрын гэрийн бууринаас гарсан гэдэг. Дунд нуурын голд Чингисийн төрсөн Дэлүүн болдог толгой байжээ. Одоо нуурын гүнд живж үзэгдэхгүй болсон байна. Гартаа нөж атгаж морин жил морин цагт төрсөн ууган хүүгээ баатар хүү төрлөө гэж Есүхэй баатар бэлэгшээж тэмдэггүй шарагч гүү гарган Өүлэн хатанд шөл уулгаж, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан гэдэг. Түүнээс хойш тэр газар нь дэлүү булдаг гэж нэр­лэгдсэн нь сунжирсаар Дэлүүн Болдог нэртэй болсон  байна. Зүүн нуурыг Дэлүүн, дунд нуурыг Болдог нуур гэж нэрлэдэг байсан гэдэг домог бий.Одоогийн байгаа Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно модтой толгой дээр бий. Энэхүү овоон дээр Чингисийн мэндэлсний дурс­галын бичигтэй таван тонн жинтэй бай­галийн чулуун самбар босгожээ.     


ЭНЕРГИЙН ОВОО. 2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж судалгаа хийсний үндсэн дээр Дэлүүн бол­догийн овооны урд толгой дээр энэ­хүү энергийн овоог босгосон. Энер­­гийн овоо байрлах газар нь 99.6 ху­­вийн үзүүлэлттэй гарсан гэдэг. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд улс төрийн зүтгэлнүүд, урлаг соёлын алдартнууд зэрэг улсууд сүсэглэн биширч ажил үйлс, амьдрал юугаа даатгадаг болсон. Дэлүүн болдогийн ард байх Хүслийн модонд хүслээ шивнээд Энергийн овоо­­­ноосоо энерги аваад буухад ту­хайн хүний хүсэл бүхэн биелэх учир­тай гэж нутгийн зон олон бишрэн хүндэт­гэдэг.


ЧИНГИСИЙН ХҮЙН ЧУЛУУ. Дунд нуурын дундах Болдогийн урд хэ­сэгт том хар чулуу байдаг байж. 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Нуурын усны төв­шин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн Хүйн чулуу нь ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярилцдаг.


ЧИНГИСИЙН ХЭРМЭН ЗАМ. Онон голын урд талын Улз голын урт хөндийгөөр зүүн тийш Манжуур хүртэл үргэлжилсэн шороон даланг Чингисийн хэрмэн зам гэдэг. Бэр хүн хадам эцэгтээ тэр бүр харагдаад байдаггүй ёс заншлын дагуу өндөр далан босгож хоёр талаар нь их нүүдэл хийж, далангийн гонзгой зураастай газарт амарч, гурвалжин зураастайд үдэлж, дөрвөлжин зураастайд хоног­лодог байсан гэдэг домогтой. 


САНГИЙН ТАВИУР. Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөгдөх их ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэр толгойг Сангийн тавиур гэж нэрлэж ирсэн байна. 


ТУГИЙН ОВОО БУЮУ БАЯН-ОВОО. Чингис хаан аян дайнд мор­дохын өмнө Их хар тугаа энэ уулын оройд залаад бөө мөргөлийн ёс үйл­дэж зүг, цагийг үзэж, тэнгэр сүлдээ дуу­дан мөргөж, хийморь лүндаагаа сэр­гээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас Тугийн овоо гэдэг байжээ. Хо­жим Баян овоо гэж нэрлэх болжээ. Одоо ч Тугийн овоонд мөргөл үйлддэг, мөрөө гаргадаг ахмадууд байдаг гэсэн. Баян овоо уулын өвөр энгэрт Дадал сум суурьшжээ. 


ТЭНГЭЛЭГ ГОРХИ. Дэлүүн болдогоос баруун тийш 10-аад кило­метрт оршино. Энэ голыг "Монголын нууц товчоо”-нд гардаг Бурхан Халдун уул дээрээс харагддаг Түнхэлиг гор­хи мөн гэж ярилцдаг. Үүнтэй хол­бог­дуулж хэлэхэд энэ Тэнгэлэг гол бол Бодончирын амьдарч бай­сан Балжийн арлын Тэнгэлэг гол мөн хэ­мээн "Сувдан сондор” аял­лын­хан тог­тоожээ. 


БУРХАНТ БУЮУ БАЯНХААН УУЛ. Бурхант, Шургадай, Оргойт гэ­сэн гурван оргилтой энэ уул Дэлүүн Болдогоос баруун тийш 30 орчим километрт байдаг. Баянхаан уул бол Чингис хаан мэргидүүдээс зугтаж нууг­­дан амьд гарч цацал өргөж үеийн үед тахиж байя гэж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг. Зарим судлаач ч үүнийг түүхэн үндэстэй гэж баталдаг.


МАРААНЫ ТАЛ. Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойт талд урт, уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг байна. Энд Бартан баатрын хатан Маралын амь­дарч байсан гэх домогтой. 


ДУВА СОХОР, ДОБУ МЭРГЭ­НИЙ ХӨШӨӨ. Дэлүүн бол­догоос баруун тийш 12 км-т Тэнгэлэг горхи­ны адаг хавийн хойт талын дэнжид маш эртний хэсэг бүлэг босоо чулуун хөшөө байдаг. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээн нэрлэдэг.

БАЛЖИЙН АРАЛ. Дэлүүн бол­догоос 11 км-т Тэнгэлэг горхины адаг Балж голын нэгэн тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончир богд өвсөн эмбүүл босгон аж төрж байсан түүхтэй. Энэ газрыг "Сувдан сондор”аяллын эрдэм­тэн судлаачид олж тогтоон дурсгалын самбар, өвсөн овоохой босгон тохи­жуулжээ.


СЭЛБЭГИЙН ДЭВ. Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газрыг Сэлбэгийн дэв хэмээн нэрлэдэг болсон гэдэг. Энэ газар Дэлүүн болдогоос баруун хойш хориод километрт байдаг. 


УГАЛЗАР ГОЛ. Онон голын хойт талаар урсах жижиг голыг Уул­захын гол гэдэг байсан түүхтэй. Энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярил­­цаж зөвлөдөг байсан домогтой. Бүр хожуу үед Галдан бошигт хаан Уул­захын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзаж байсан баримт байдаг. Уулзахын гол олон зууны хугацаанд сунжирч Угалзарын гол гэдэг болжээ. 


Алдарт Гурван нуурын амралтад алжаалаа тайлаарай

Эзэн Чингисийн нутагт хөл тавьж өмнө өгүүлсэн эртний түүхийн дурс­галт газруудыг үзсэнээр эх түү­хээрээ бахархах сэтгэл хүн бүрт төрнө. Түүнч­­лэн байгалийн сайханд нүд сэт­­гэл баясч, алжаал тайлах буй заа. Хэнтий аймгийн Дадал суманд очсон хүн бүхэн Гурван нуурын амралтад очдог. Энэ бол социализмын үеэс үйл ажиллагаагаа явуулж ирсэн томоохон амралт сувилал юм. 


Дадал сумын төвийн зүүн талд байрлана. Сувиллын орчин нь бүхэл­дээ битүү нарсан ойн дунд Гурван нуу­­рынхаа эрэг дээр байрлах учир байгалийн эмчилгээний цогц газар бол­но. Нарсан ой нь цэвэр хүчил­төрөгчийн био уур амьсгалын орчин болдог. Нуурын шавар нь хи­мийн бүт­цээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Энэхүү шавар нь эмчилгээний үр дүн өндөртэй бөгөөд үе мөчний өвч­лөл зэрэгт нэн тустай. Рашаан ус нь их эзэн Чингис хаан  анх умдаалсан ус болох Хажуу булагийн рашаан болно. Энэ рашааныг ходоод, дотрын өвчинд эмчилгээний журмаар уулгадаг.  


Гол төлөв амьсгалын эрхтэний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэд­­­рэлийн сульдал, үе мөчний өвч­нүүдийг эмчлэхэд онцгой тохи­ромж­той. Харин тархины судасны ха­туур­лын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шиг­­дээсийн дараахь үед тохиромжгүй гэж үздэг. Түүнчлэн Гурван нуурын су­­вилалд бариа засал, зүү төөнүүр, шавар эмчилгээ, усан эмчилгээ, фи­зик эмчилгээ, элсэн шарлага, агаар эм­чил­гээ, гүүний саам, биеийн тамир эм­чил­гээ, цахилгаан эмчилгээ зэргийг хийдэг. 


Рашаан сувилал болон аялал жуулч­­­лалын чиглэлээр хавсарсан үйл ажил­лагаа явуулдгаараа уг амралт су­вилал онцлог. Мөн уламжлалт бо­лон  европ эмчилгээг хослуулан эмчил­гээ үйлчилгээ үзүүлдэг. Амрагч хү­лээж авах хүчин чадал болон суурь бааз, сур­­галт семинар явуулах өрөө тасал­гаа­ны хувьд хүрэлцээ сайтай ажээ. 


Түүх сөхөх аваас 1949 онд их эзэн Чингис хааны төрсөн нутаг болох Дэлүүн болдогийн өвөр энгэрт, хүн ардын шүтээн болсон байгалийн эм­чил­гээний хосгүй цогцолбор Гур­ван нуурын хөвөөнд анхын амралт сувиллыг байгуулжээ. Уг амралт су­вилал 2002 онд "Чингисийн Гурван нуур” ХХК болж рашаан сувилал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажил­­­­­лагаагаа өргөжүүлсэн юм байна. Ингэс­нээр хүн ардын эрүүл мэндийг хам­гаалах, сайжруулах, гадна дотны орны жуулчдыг хүлээн авч үйлчлэх зориулалттай эрүүл мэнд, аялал жуулч­­лалын хавсарсан үйлчилгээ үзүү­­­лэх болжээ. "Чингисийн Гурван нуур” рашаан сувилал, аялал жуулч­лалын бааз нь нэг ээлжиндээ 250-300 хүн хүлээж авах хүчин чадалтай. 


Эзэн Чингисийн нутгаар аялахаар төлөвлөж байгаа хүмүүст дуулгахад энэхүү рашаан сувилал, аялал жуулч­лалын бааз нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Улаанбаатар хотоос 600 км-т, Хэнтий аймгийн төв Чингис хо­тоос 270 км-т Хэнтийн нурууны хойд хэсэгт, далайн төвшнөөс дээш 1300 метр орчим өргөгдсөн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүн бол­догийн өвөр энгэрт, Гурван нуурын хойт эрэг дээр байрладаг. Хэнтий аймаг хүртэл 330 км засмал замаар, Хэнтий аймгийн төвөөс 270 км шороон замаар явж хүрнэ. Бусад дэд бүтцийн хувьд уг амралт сувилал 80 КВт-ын өндөр хүчдэлд бүрэн хол­богдсон 24 цагийн цахилгаантай бө­гөөд бүх үүрэн телефоны сүлжээ ба­ри­хаас гадна 3G сүлжээ ордог юм байна. 


Дадал суманд очсоноор дээр дурд­сан Чингис хааны түүхт газруу­даар аялахаас гадна явган аялал, морин аялал, уулын аялал хийж болно. Мөн халх, буриад айлын зан заншилтай танилцах аялал хийх боломжтой. Онон, Балж голд загасчлах ч бас таа­тай. Өвлийн улиралд цана, чаргаар аялж болдог ажээ. 

 

Чингис хааны төрсөн нутаг Дадал сум орох замдаа Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудаар аялах бо­ломжтой. Тухайлбал "Монголын нууц товчоо” зохиогдсон Хэрлэнгийн Хөдөө арал, Тэмүүжинийг хаан ши­рээнд анх өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуур, Тэмүүжин, Боорчи нар уулзан нөхөрлөсөн Хөхүүрийн хөндийн гэ­рэлт хөшөө, Чингисийн Хэрмэн зам, Баян-Адарга суманд бай­гуулагдсан Хат­дын өргөө зэрэг олон түүхэн дурс­галт газруудыг үзэж сонирхох болно. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.