Хөгжлийн түгжээ ба соёлгүй жолооч


Дийд, дийд, диииийд...Хотын өглөө ингэж л эхэлдэг. Хаа сайгүй дуут дохио хангинана. Хувийн унаатай нь явган зорчигчдод дээрэлхүү гэж. Жолооч нарын цөөнгүй нь явган хүний гарцан дээр ногоон гэрлээр дайрч орж ирчихээд “Хөөш, чи бэлчиж яваа мал уу. Дайруулж үхэх чинь дутаа юу” гэхчлэн доромжлох. Өөр эгнээнд болон ард яваа жолооч руу хоббитой нь аргагүй “Толиндоо хараач, юундаа дайраад байгаа юм” гэх зэргээр хүний аманд багтахааргүй түмэн хараал урсгахыг яана. Нөгөөдүүл нь ч юу гэж мөчөөгөө өгөх билээ. 

Өөдөөс нь арсалдаж, бүр болохгүй бол замын тэхий голд барьцалдаад зогсчихно. Эгнээ байраа ээлжлэн сольж, ар, өвөр, хажуу хавиргаар дайран давхилдах нь Шумахераас ч “хурдан” гээч. Жолооч нарын энэ мэт ааш, харилцаа, хандлага, амиа хичээсэн зангаас болж хотын зам, уулзварууд хаа сайгүй түгжрэн, хэчнээн хүн ажил, сургуулиасаа хоцорч, цаашлаад улсын хөгжилд ямар үр дагавар авчирдгийг тэд мэддэггүй.

Нийслэлчүүд бид өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд замын хөдөлгөөнд оролцдог. Эх орныг минь тольдохоор ирсэн жуулчид, олон улсын болон улс төрийн шалтгаанаар томоохон арга хэмжээнд уригдсан гадаадын зочид, төлөөлөгчид ч нисэх буудалд газардангуутаа л манай хотын замтай биечлэн “танилцдаг”. Тэд замын цагдаа нарын биеэ авч яваа байдал, хөдөлгөөний ачаалал, жолооч нарын харилцаа, хандлага зэргийг ажиглаж, улсын минь хөгжилд эхний “дүнгээ” тавьдгийг та мэдэх үү. Тухайн улсын соёл, хөгжлийг илтгэх наад захын жишээ ердөө л энэ. Бид уг “үзүүлэлт”-ээрээ дэлхийн хаана яваа бол. Яг үнэндээ нийслэлээ хөгжүүлэхийн тулд бид жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж өгөх шаардлагагүй. Дор бүрнээ жаахан л хичээчихвэл нийслэлчүүдийн толгойны өвчин болсон авто замын ачааллыг бууруулж чадна.

НЭГ АЛХАМ УРАГШИЛЪЯ

Яаж гэж үү. Нийслэлийн Тээврийн цагдаагийн албаны өнгөрсөн наймдугаар сард гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо 1.2 саяд хүрчээ. Жолооч 1.1 сая орчим байна. Үүнээс Улаанбаатар хотын авто замд өдөр бүр 500 мянган машин зорчих болсныг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх хэллээ. Тэрбээр “Жил бүрийн есдүгээр сарын 1-нээс эхлэн хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ жилээс 500 мянган автомашин замын хөдөлгөөнд байнга оролцдог боллоо. Урьд нь “Нарантуул” зах амрахад, ажлын өдрүүдээр үд дунд замын түгжрэл багасаж, манайхан жаахан ч атугай амсхийдэг байсан бол одоо өдрийн турш “оволзож” байна. Улаанбаатар хотын замын зохион байгуулалт муу биш. 

Гүүр нэмж барин, авто замын гарц, уулзаруудыг өргөтгөн, шинэчилж буй. Гэсэн ч түгжрэл буурахгүй байгаа гол шалтгааны нэг нь явган зорчигч болон жолооч нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж байгааг судалсны үндсэн дээр ингэж хэллээ. Үүнд чухам стратеги төлөвлөгөө боловсруулж, давхар гүүр, агаарын зам барих шаардлагагүй. Угтаа бид сэтгэхүйгээ “нэг алхам” урагшлуулахад л шийдэгдэх асуудал” гэсэн юм.

Түүний хэлснээр жолооч нар хайхрамжгүй, соёлгүй, замын хөдөлгөөний наад захын дүрэм баримталдаггүйгээс нийслэлд хаа сайгүй зохиомол түгжрэл үүсэх болжээ. 500 мянган хүн суурьшихаар төлөвлөсөн Улаанбаатар хот өдгөө 1.3 сая иргэн, 500 мянган машинтай гэх зэргээр “цоллохоо” больцгооё. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ яагаад барьж болдоггүй юм бэ. Наад зах нь нийтийн эзэмшлийн зогсоолд унаагаа байрлуулж чаддаггүй, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа хэнэг ч үгүй тавьж болох уу. Үүнээс болж бусад чинь хөдөлгөөнд оролцохын тулд таны машиныг тойрч, өөр эгнээ рүү шилжсээр гэрлэн дохион дээр гацах нь хэвийн үзэгдэл болов. 

Аравхан секунд хүлээж, зам тавиад өгөхийн оронд улангассан бух шиг урдуур дайрч, давшилдгаас болж хэчнээн машин шүргэлцэж, мөргөлддөг бол. Замын голд тэрэг чинь “бүтэлгүйтсэн” бол хөдөлгөөнийг нэн даруй чөлөөлчих сэтгэлтэй байцгаая.

СТРЕСС “ҮЙЛДВЭРЛЭГЧ”

Хотын түгжрэлд хувь нэмрээ оруулдаг дараагийн бүлэг бол нийтийн тээврийнхэн гэнэ. Г.Эрдэнэсүх хошууч “Өмнө нь нийтийн тээврийн хэрэгсэл замын дунд эвдрэхэд маш их хүндрэл гардаг байсан. Нийслэлийн хэд хэдэн байршилд чирэгч автомашинууд байршуулснаар өдгөө автобус эвдэрсэн даруйд замын хөдөлгөөнийг шуурхай чөлөөлдөг болсон. Гэвч автобусны жолооч нар замын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр. Нийтийн тээврийнхэн хотын замд давуу эрх эдэлж байгаа хэрнээ буудал руугаа шахаж, “халаасандаа” орж зогсдоггүй. Тодруулбал, замын хашлагаас таван метр зайд зорчигчоо буулгаж, суулгах дүрэмтэй. Үүнийг мөрддөг жолооч ховор. 

Хөдөлгөөнд оролцож буй нэгдүгээр эгнээндээ хээвнэг зогсчихдог. Ард нь жижиг тэрэгнүүд хүлээсээр автобусны буудлын ойролцоо битүү түгжрэл үүсгэж байна. Үүнийгээ тэд “Буудал дээр зогсохоор автомашинууд нэгдүгээр эгнээг таглаад явуулдаггүй. Халаас руу орохгүйгээр хүнээ буулгаж, суулгах нь амар байдаг” гэж хариулдаг. Ийм хувиа хичээсэн жолооч нарт хатуу арга хэмжээ авдаг” хэмээсэн.

Түүнчлэн томоохон худалдаа, үйлчилгээний газруудад зогсоол хангалттай байгуулах, ачаалал ихтэй үед хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ажилчин гаргах албан шаардлага холбогдох албаныхан удаа дараа хүргүүлдэг ч ихэнх нь зөвхөн баярын үеэр л нэмэлт хүч ажиллуулдаг аж. Зарим томоохон худалдааны төвийн зогсоолын хүчин чадал өдөрт 10-20 дахин нэмэгдэж, үйлчлүүлэгчид ойролцоох замууд дээр машинаа зоргоороо тавьдгаас түгжирдэг байна. Эдгээрээс гадна их, дээд сургуулиудын оюутнуудын замбараагүй байдал замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмдгийг албаныхан хэлсэн. 

Хувийн тэрэгтэй, эрхэмсэг, ихэмсэг оюутнууд өглөө, оройд машин унаж явахын тулд сургуулийнхаа ойр орчимд, замын нэгдүгээр эгнээ, явган хүний гарц, онгорхой, цоорхой бүгдийг таглаж, төмөр хөлгөө байрлуулдгаас замын хөдөлгөөн, явган зорчигчдод саад учруулах болжээ. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас их, дээд сургуулиудын удирдлагад хандан, “Оюутнуудаа автобусаар, эсвэл дугуйгаар хичээлдээ ирж, очихыг уриалаач” гэсэн санал хүртэл гаргасан байна. Тэртэй тэргүй оюутнуудын автобусаар зорчих төлбөрийг улсаас дааж байгаа учир үүнийг шийдэхэд нэг их асуудал гарахгүй л болов уу.

Энэ мэт хувь хүний ухамсаргүй, хувиа хичээсэн үзэл, хандлагаас улбаатайгаар замын түгжрэл улам гаарч байгааг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцогчидтой холбоотой стресс асар ихээр “үйлд

вэрлэгдэж” байгааг дээрх жишээнүүд гэрчлэх биз ээ. Жолооч нар дүрэм зөрчиж, осол гаргах, хөдөлгөөнд соёлгүй оролцох болсон өөр нэг шалтгаан нь жолоодох эрхийн сургалттай холбоотойг мэргэжлийнхэн хэлдэг. Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхийг 45 хоногийн сургалтын хөтөлбөр, дадлагаар олгож байгаа нь учир дутагдалтай аж. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдийн чадавх муугаас гадна хотын замын хөдөлгөөнд хэрхэн дүрэм баримтлах, машинаа зөв байрлуулах гэхчлэн эзэмшвэл зохих чадварт сургадаггүй гэнэ. 

Замын түгжрэл бусдын ажлыг үрээд зогсохгүй агаар, орчны бохирдол, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засагт хохирол учруулдаг болохыг илтгэх олон судалгаа бий. Нийслэлчүүд өдөрт нэг цагийг зам дээр түгжирдэг гэвэл жилд 15 хоногийг машиндаа өнгөрүүлдэг гэсэн үг. Эдийн засгийн хувьд суудлын нэг автомашин түгжрэлээс болж өдөрт 1300 орчим төгрөгийн бензин “асгадаг” байна. Үүнийг нийслэлд өдөр бүр хөдөлгөөнд оролцож буй 500 мянган тээврийн хэрэгслээр үржүүлж, тооцвол 750 сая төгрөг дэмий “шатаадаг” аж. Олон улсад уг үзүүлэлт нь ДНБ-ий хоёр хувиас хэтрэхэд замын хөдөлгөөний ачаалал нь ноцтой хэмжээнд хүрснийг илтгэдэг гэнэ.

Дэлхийн ямар ч улс замын түгжрэлээ бүрэн шийдсэн нь үгүй. Харин бууруулах, багасгах үр дүнтэй аргууд хэрэглэдэг юм билээ. АНУ-ын эрдэмтэн Д.Левинсоны авто замын ачааллыг бууруулах оновчтой шийдлүүдийг дэлхийн олон орон нэвтрүүлсэн байдаг. Зам дээр гарсан ослыг хурдан хугацаанд шийдвэрлэх, нэгдүгээр эгнээнд автомашинаа тавихгүй байх, дэлгүүр, худалдааны төв болон албан байгууллагууд шөнийн цагаар бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх, тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулах, хувийн таксины үйлчилгээг журамлаж, нэгдсэн тогтолцоотой болгох нь хамгийн зөв гарц гэж тэрбээр үзсэн аж. 

Мөн нэг чиглэлд явж буй хүмүүс автомашинаа дундаа хэрэглэх, унадаг дугуй болон явган алхах нь эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжтэй. Эдгээрийг дор бүрнээ баримтлаад хэвшчихвэл замын хөдөлгөөнд зорилгогүй оролцох, хувийн такси эрхлэгчид дэмий сэлгүүцэх нь багасах боломжтой. Улсын хөгжил ялангуяа нийслэл хотынх үйлдвэрлэл, өндөр барилга, өргөн зам, талбайтай байхдаа гол биш. Нийгмийн соёл, хандлага төлөвшсөн цагт сая хөгжил ирэх учиртай.

O.Бат-Ундрах

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.