Нэг. БНМАУ ба түүх
Бид ХХ зууны Монголын түүх бичлэгийг бут шүүмжлэх, эсвэл цээжээрээ хамгаалагч алин байсан ч хамаагүй хоёр зүйлийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, БНМАУ-ын түүх бичлэг, ялангуяа дүгнэлт гаргалгаа нь монголчуудын санаа зоригоос хамаараагүй гэдгийг: хоёрдугаарт, дөнгөж 1990-ээд оноос хойш монголчууд түүхээ өөрийн үзэмж, хандлагаар бичих боломж гарсангэдэг дээр тогтоод цаашаа явбал хэрүүл маргаанаас зайлсхийж болно.
ХХ зуунд бүтээгдсэн БНМАУ-ын түүх Коминтерн, Зөвлөлтийн хүчирхийллийг зөвтгөх, социалист дэглэмээ магтах зорилгоор бүтээгдсэн учраас ихээхэн гуйвжээ. Монголчууд анх удаа аз жаргалтайгаа золгосон нь коммунист хүчирхийллийн аргаар байгуулсан социализм мөн болохыг “нотлох”, үнэмшүүлэх нь БНМАУ-ын түүх бичлэгийн гол зорилт байв.
Өөрөөр хэлбэл, ХХ зууны БНМАУ-ын түүх бичлэгийг туурвихдаа, дүгнэлтээ эхэлж гаргачихаад, судалгаагаа түүндээ зориулан хийдэг байжээ. Хэрвээ,мөрдөн байцаагч нь хэргийн газар очихоосоо өмнө “алуурчин бол Дорж мөн” гэж дүгнэчихээд, нотлох баримтыг зөвхөн энэ санаандаа зориулан цуглуулж, материал бүрдүүлбэл ямар болох вэ? Ингээд зогсохгүй, жинхэнэ алуурчин хэн болохыг нотолсон, эсвэл Дорж хэрэгт хамааралгүйг харуулсан баримтыг хавтаст хэргээсээ авч хаясантай төстэй, тийм л түүх бүтээгдэж.
Улсынхаа түүхийг ч судласан, аймгийнхаа замналыг бичсэн нь, хувийн намтраа гаргасан ч ялгаагүй энэ л шаардлагад нийцүүлэх учиртай байв. Ерээд оноос өмнө гарсан аймаг, сумын түүх ч мөн адил, 1921 оны ардын хувьсгалын ач буяны хураангуй л байгаа. Хэрвээ та архив ухаад, зарим нэг хүмүүсийн гурван үеийн намтрыг гаргаад ирвэл “Өвөг эцэг Х...(Икс)нь ядуу зүдүүамьдарч, айлд зарагдан боолчлогдож яваад ардын хувьсгалын буянаар эрх чөлөөтэй болоод,Нэгдэлд элсээд (Үнэндээ бол хөрөнгөө хураалгаад) жаргаж эхэлсэн” тухай заавал гарна.
Зөвхөн нийгмийн ухааны салбарт ч ингээгүй, байгалийн шинжлэлд энэ нөлөө тусч, монгол малын үүлдэр угсааг судласан ч гэсэн ардын хувьсгалын ач буяныг дурьдах хэрэг гарна. Нэг хэсэг нь шууд л “монгол хонь ардын хувьсгалын үр шим, нэгдэлжсний (улсын өмч болсны) буянаар үүлдэр нь сайжирч” гээд санааг нь амрааж байхад,нөгөөх нь “Ардын хувьсгалын үр шимээр монгол хонийг судлах боломж гарч” гэсхийн аргална. Тоо, физикийнхэн бол ядаж л “Намын төддүгээр их хурлаас шинжлэх ухаан хөгжүүлэхийг уриалсны дагуу энэ судалгааг хийх урам зориг төрж, социалист уралдаанаар жигүүрлэн ажиллаад” гэх маягийн оршил хийхгүй бол эрдэм судалгааны бүтээл гаргаж чадахгүй талдаа.
Энэ дүрмийг санаатай зөрчих байтугаа, санаандгүй байж байгаад тааламжгүй жишээ баримт гаргасан буруутан болох аюултай .“Ардын унших бичиг”-ийг зохиогчдод арга хэмжээ авсан, “Монголын түүхийн дээж бичиг” эмхэтгэгч нарыг буруутгасан, Орос-монгол толь”-д “Мянган жилийн харьцуулсан хүснэгт” хавсаргаад үзэл суртлын алдаанд орсон гэхчлэнгийн хэлмэгдүүлэн, дэглэсэн явдлууд жишээ олон байдаг нь үүний жишээ. Уг ном бүтээлийг зохиогчид коммунист тогтоцыг шүүмжлэх бодолгүй, тийм зорилготой судалгаа хийгээгүй боловч үзэл суртал тогтоогчид “буруу гэж үзсэн” учраас л хэлмэгдсэн байна.
Түүх бичигч нар бие дааж судалгаа хийхээс болгоомжилдог болж, хожмын өдөр хариуцлага үүрэх хүрээг аль болох өргөтгөхийг эрмэлзэж эхэлсэн гэдэг. Иймээс БНМАУ-ын түүхийн нэгэн болон гурван ботиуд Шинжлэх ухааны академийн нэрээр, ганцхан монголынх биш, СССР-ийн ШУА-тай нэр хавсран гарч байв.Уналаа гэхэд зуурах юмтай, хүрээлэнтэйгээ, академитайгаа, бүр Зөвлөлтийн Академитай цугтаа нуртал хаа ч билээ, мөн үү?
Гэхдээ энэ цаг үе дцөөнгүй лут түүхч төрөн гарсан гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ ба сцаг үеийнхээ боломжийг ашиглан товойсон нөхөд ч бишгүй мэндэлснийг дурьдууштай.
Энэ үеийн үлдээсэн сургамж нь түүхийг танин мэдэхүйгээс өөр зорилгоор бүтээвэл гажиж гуйвдаг болохыг батласан явдал билээ.
Ийм учраас ХХ зуунд, БНМАУ-ын түүхчдийн гаргасан бүтээл туурвилуудыг ойлгох арга зүй өнөөгийнхэнд хэрэгтэй. Ядаж нь дээр өгүүлсэн хэдэн гаргалгааг мэддэг,өөрийн боломжоор шүүж, үнэн нь хаанаа нуугдаж байгааг сөхөх чадвартай, цаг үедээ тааруулсан хөшиг хучлага нь аль болохыг шинжин хардаг туршлага суусан байгууштай санагддаг.
Хоёр. Хувийн санаачилга ба түүх
Харин монголчууд түүхээ бодитойгоор, ядаж л өөрийн гэсэн сэтгэгдлээрээ бүтээх боломж гарснаас хойш шинэ зам нээгдлээ.Улс төдийгүй аймаг, сум, орон нутаг өөрийн түүхээ сэргээн бичиж эхлэв. Ингээд зогссонгүй, хувь хүмүүс ч гэсэн хуучин намтрынхаа “ядуу малчын гэр бүлд төрөөд, ардын хувьсгалын ач буянаар чөлөөлөгдөөд, нэгдэлд малаа хураалган жаргасан” тухай худал хуурмаг хэсгүүдийг эхний ээлжинд хасав. Оронд нь “тайж язгууртан явсан,удам дамжсан цол хэргэмээ хураалган хэлмэгдсэн, малыг нь хүчээр нийгэмчлэн хурааж хохироосон” тухай дурьдаж эхлэв.
Найр наадамд дуртай монголчууд сум орныхоо ой, хутагт хувилгаадынхаа мэндэлсэн явдлыг өөрийн үзэмжээр тэмдэглэх болсон нь орон нутаг судлал болон намтар судлалын шинэ үеийг эхлүүллээ. Сум орны болон хутагт хувилгаадын ойгоор түүхчилсэн болон намтарчилсан номууд гаргадаг уламжлал тогтлоо.
Гэвч салбарын түүх бичлэг ихэнхдээ хувийн санаачилгын байдалтай, сонирхогчийн хэмжээнд эхэлсэн нь нэг талаасаа жам ёсны үзэгдэл бололтой юм. Гагцхүү,мэдээллийн эх сурвалжууд нь аман яриа, домог хуучаар голлож, ялангуяа шашны түүхтэй холбогдох салбар нь ид шидээр баялаг, заримдаа “Чойжид дагинын тууж”, “Молон тойны намтар” лугаа нэн төстэй болох нь ч элбэг байсан нь дээрх чиглэлийн ном товхимлуудын судалгааны үнэ цэнийг баахан бууруулдаг байлаа. ( Чойжид дагина, Молон тойны намтар нь Буддын шашны сонгодог бүтээлүүд бол мөн боловч шинжлэх ухааны арай өөр байх учиртайг хэлж байна шүү) Гэхдээ л ингэж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл байсан шиг байгаа юм.
Бодит судалгаа, түүхэн эрэл хайгуулд баримжаа болохуйц олон санаа, өлгөц, баримтын үзүүрүүд маш олноороо орсон байдаг, дээрх бүтээлүүдэд. Үнэндээ бол,орон нутгийн түүхийн нийлбэр нь монгол орны түүх болж, иргэн бүрийн намтрын цоморлиг нь үндэстний шастир болон хураангуйлагддаг билээ.
Ийм учир шалтгааны үүднээс, НЭПКО хэвлэлийн газар орон нутаг болон намтар судлалын сайн дурын хандлагуудыг эрдэм судлал, шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээнд татан оруулах зорилгоор хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Орон нутаг, хувь хүний намтар, байгууллагын ойн бүтээлийг монгол үндэсний түүхийн салшгүй нэг хэсэг болгон, орчин цагийн он дарааллын бичиг-хроника бүтээх, түүхэн альманах гаргах стандартад оруулах санаачилга л даа.
Юуны өмнө байгууллага, салбар бүр өөрийн ойгоор, дотоод түүхээ тусгайлан бичдэг уламжлалыг дэмжин хамтрахдаа өөрийн түүхийг өргөжүүлэн салбарын түүх болгон туурвих тухай санаачилга юм. Энэ санаачилгын хүрээнд MCS групп болон СЭЗДС сургууль өөрийн ойгоор Монголын Эдийн засгийн альманах(National Geographic ба НЭПКО) бүтээснээр эхэлсэн юм. Манай орчин цагийн бизнес болон бараг бүтэн зууны эдийн засгийн үзэл санааны илэрхийллийн түүхийн салшгүй хэсэг болсон дээрх байгууллага өөрийн намтрыг тусгайлан өгүүлэхийн оронд салбарынхаа түүхийн альманах бүтээж бараг энэ чиглэлийн түүхийн албан бус сурах бичгийг бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа. Үүний араас Гадаад харилцааны түүхийн альманах, Соёлын альманах, Банк, санхүүгийн альманах дараалан гарсан. Аль алин нь Гадаад харилцааны яамны болон банкны хүрээнээс хальсан, үндэсний түүхийн хэмжээний бүтээлүүд болсон гэдэгтэй маргах аргагүй.
Удахгүй “Монголын харилцаа холбооны түүхийн альманах” хэмээх нэгэн сонирхолтой бүтээл АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгийн монгол дахь хэвлэлийн эрхтэйгээр гарах юм. Чингис хааны санаачилсан морин өртөөнөөс эхлээд хүний түүхийн шуудан холбооны товч цадиг, Хүрээ-Хаалганы төмөр утсан холбооноос авхуулаад үүрэн холбоо, интернэтийн эринг хамарсан энэ цоморлигийг Скайтель группийнхэн 20 жилийн ойдоо зориулан бүтээж байгаа билээ.
Мөн “Хүмүүн хорвоо” нийгэмлэг НЭПКО хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж эхэлсэн нь мөнөөх жалгын нэг тарсан намтар судлалыг хувийн санаачилга дээр тулгуурласан хэвээр нь орчин цагийн стандарт руу хөтлөх оролдлого юм. Түүнчлэн бичлэгийн хэв маягийг орчин үеийн баримтат уран сайхны зохиолын жишигт хүргэх замаар зах зээлийн жам ёс руу хөтлөх нь ч бас чухал байв. Энгүүнээр хэлэхэд, хүмүүс дуртайяа худалдан авдаг, амтархан уншдаг, намтрын ном маань эхний ээлжинд зардлаа нөхдөг байлгах л гэсэн үг.
Хамгийн сүүлд л гэхэд төр шашны зүтгэлтэн “Жалханз хутагт Дамдинбазар”, “Гончигжанцангийн Бадамждорж” нарын намтар хэвлэгдэн гарсныг даруухнаар магтахад “Молон тойны намтар”-аас шал өөр л болсон дог.
Мэргэжлийн түүхчид, хүрээлэн, их сургуулиуд өөрсдийнчиг үүргийн хүрээнд хийж буй судалгааны хажуугаар хувийн санаачилгаар хийгдэж буй бүтээл, хэрэгжүүлж яваа иймэрхүү төслүүд байна даа, хэн минь.
Гурав. Нутаг ба түүх
Аймаг сум болгон ямар нэгэн ойгоо тэмдэглэж байна. Тэр л хүрээнд, 2013 онд Завхан аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Мэдээж хэрэг, ойгоо тэмдэглэж байгаа аймаг өөрийн түүхээр ном гаргах нь дамжиггүй. Харин аймгийн удирдлага, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, НЭПКО хэвлэлийн газар хамтранилүү шинэлэг арга сонгож билээ. Энэ бол Завхан аймгийн нэвтэрхий толийг “Британника нэвтэрхий толь”-ийн стандартаар бүтээх, түүнчлэн орон нутгийн түүхийг Германы Хроника-ГМБХ-ын дизайны эрхээр туурвих явдал байсан юм.
Завхан аймаг орчин үеийн дэлхий стандартаар өөрийн лавлах болон түүхээ бүтээсэн анхны аймаг болсныг гэрчилсэн хоёр боть “Завхан-нэвтэрхий толь” мөн Халх дөрвөн аймаг байгуулагдснаас өнөөг хүртэлх он дарааллын бичлэгтэй “Завхан аймгийн түүхэн Хроника” хэвлэгдэн гарч билээ. Би “хамгийн гоё хавтастай, эсвэл хамгийн олон хуудастай түүх анх гаргасан аймаг” гээгүй шүү. Харин орон нутгийн түүхээ хамгийн түрүүн дэлхийн стандарт руу оруулж эхэлсэн л гээд байна.
Үнэхээр ч тийм болохыг батлах мэт хэсэг судлаач, залуус “Завхан судлал төв” гэдэг төрийн бус байгууллага санаачилсан байна.Төрийн бус байгууллага гэхээр л манайхны санаанд буудаг Уул уурхайн компаниудыг дарамталдаг гарууд огоот биш.
“Завхан судлал төв”-ийнхэн орон нутгийн түүхээ л судлана, гэхдээ тэдний зорилго нь “Завхан аймаг бусдаасаа илүү түүхтэй болохыг батлах”, эсвэл “Завхан хүн Увс хүнээс ядаж 2 санжмийтэр өндөр гэдгийг нотлох” явдал ерөөсөө биш.
Ердөө л Монголын түүхийн Завхан аймагт хамаарах хэсгийг илүү тодорхой болгохыг тэд зорьжээ .Манай улс үндэстний түүхэнд ерөнхий байдлаар тусгагдсан зүйлсийн өөртөө хамаатай хэсгийг нарийвчлах явдал юм байна. Завханыхныг өөрийн гэсэн түүхтэй болгох гэхээсээ илүү эх орныхоо түүхийг орон нутагт хамаарах илүү нарийн судалгаагаар баяжуулах сайхан эхлэл.
Тэд, манай орны ууган хотын нэг болох Улиастайн түүхэнд холбогдох баримт бичгүүдээс эхлээд газар усны нэрийн цэс, орон нутгийн домгийн эмхэтгэл гэхчлэнгийн 13 боть гаргажээ. Бүхий л бүтээлийг шинжлэх ухааны салбарт зүтгэж байгаа, эрдмийн зэрэг цолтой залуус бичиж, эмхэтгэж, редакторласан байна.
Хамгийн сүүлд доктор Г.Баярсайхан тэргүүтэй залуус маань 1929 оны хүн амын тооллогыг дөрвөн боть болгоод “Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Сэцэн Сартуулын хошууны1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Отгонтэнгэр уулын хошууны1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны хүн амын тооллогын баримтууд” гэхчлэнгээр хэвлүүлж, эрдэм шинжилгээний зохих тайлбаруудыг дагалдуулсан нь маш сонирхолтой, бас эрэлттэй байна.
Өөрийн ураг овгийн намтраа тодруулах,сум орныхоо түүхийг судлах гэсэн хэнд ч сайхан гарын авлага ингээд гараад ирж байх жишээний. Ухаандаа, Отгонтэнгэр уулын хошуу гэхэд Отгон, Шилүүстэй,Цагаанхайрхан, Цагаанчулуут сумд багтсан тул нэлээн дэлгэрэнгүй, гэхдээ сумдыг томоохон уулаар нэрлэсныг дагуулан хайхад эмээ өвөөгийнхээ бүртгэлийг амархаан олж болох юм билээ.
Танд “Тэгж ярих юм бол манай аймаг ийм түүх, ийм намтар зохиож байгаа, Тэрний хажууд энэ бол шалихгүй” гэсэн бодол төрж байгаа биз. Тэгээсэй ч гэж бичсэн юм.
Зузаан түүх бичиж, урт намтар зохиож, гайхалтай судалгаа хийж болно, гол нь тэрийгээ ямар стандартаар нийтэд хүргэх вэ гэдэгт л асуултын хариу байгаа юм аа.Яг л өнөөгийн түвшинд машин юмуу, гар утас угсрах хэцүү биш болсон шиг. Хамгийн гол нь угсарсан машин, эвлүүлсэн утсан дээр чинь ямар лого байх вэ гэдэг л чухал шиг. Хэрвээ алимны зурагтай утас, бензийн логотой машин угсарвал хүмүүс уралдаад л авна. Харин өөрийнхээ нэрийг бичсэн бол утсаа өөрөө барих, машинаа өөрөө л хэрэглэхдээ тулах байх.
Түүх бичлэг, намтар судлал ч тэр мэт болчихоод байгаа юм.
Сэтгэгдэл