Манай оронд нүүрлээд буй ядуурал, агаарын бохирдлын асуудалд дэлхий нийт анхаарал тавин, шийдвэртэй арга зам хэрэгжүүлэхийг хүлээсээр байна. Улаанчулуутын хогийн цэг дээрээс сурвалжилсан "New York Times" сэтгүүлийн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Улаанбаатар хот. Улаанчулуутын хогийн цэг.
55 настай Д.Долгор орон гэргүй, эрхлэх ажилгүйн улмаас гудас, шир давхарласан чийгтэй оромжид амьдарч байна. Тэр өдрийн хоол, багахан цэвэр ус олохын тулд бүхэл өдрийн турш шил, лааз, амьтны сэг зэм түүн борлуулж, амь зогооно. Энэ хүн бол Монголын ядуу буурай давхаргын нэгэн жишээ.
Монгол Улсын хүн амын дийлэнх нь нийслэлдээ хэт төвлөрснөөс яг л Долгор шиг 1.4 сая иргэн амьжиргааны дунд, доод төвшинд өдөр хоногоо аргацаан амьдарч байна. Дунд сургуулиа төгссөн залуухан Долгор их хотод өөрийн гэсэн үйлдвэр байгуулна, хөрөнгөжнө гэсэн мөрөөдөлтэй ирсэн ч бодит байдалд түүнийг ядуурал, өлсгөлөн хүлээж байлаа. “Биднийг хэн ч анхаардаггүй. Байхгүй мэт...” гэж халаглах Долгор өдөрт 3 доллар буюу 5,6 мянган төгрөгийн орлоготой олон зуун мянган ядуусын төлөөлөл юм. Сүүлийн жилүүдэд Монголын сумын хөгжил зогсч, малчид, хөдөөгийн иргэд олон мянгаараа нийслэлд шилжин ирснээс асар уудам нутагтай аймгууд хүнгүй шахам хоосорсон бол харин Улаанбаатарт түгжрэл, утаа, гэр хороолол нэмэгдэв.
Хотын төвд ч төдийлөн ялгаагүй. Өндөр шилэн барилгууд сүндэрлэн харагдах ч хүн амьдрахад тохиромжтой орон сууц төдийлөн үгүй. Ард иргэд орон байраа хүртэл алдаж, ядуурал нэмэгдсээр. Бүх нийтийн гэрэл цахилгаан, дулааны асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр, улам хурцадсаар байна.
Улаанбаатар хотын төв талбай
Монгол Улс далайн төвшнөөс 1310 метрийн өндөрт орших бөгөөд анх хэдхэн зуун хүнд л зориулан төлөвлөгдсөн аж. Гэтэл одоо 1.4 сая иргэн суурьшжээ. Засгийн газраас хүн амын шилжин суурьшлыг хязгаарлахаар хотод нүүн ирэгсдэд хориг тавьсан ч иргэд хайхарсангүй. Хөдөө талаас хотод ирсэн ч орогнох газаргүйгээс хотын зах, уулын бэл, хад асга, үерийн далан даган суурьшжээ.
Тэдний нэг 50 настай Ц.Энх-Амгалан Монголын уламжлалт сууц болох гэрт амьдарна. Тэр хотын захад амьдрах хүсэлгүй ч өөр арга байгаагүйгээ хуучлав. Монгол Улсын Үндсэн Хуульд иргэн бүр 0.07 га газрыг үнэ төлбөргүй авч болдог тул иргэд аль л өөдтэй газрыг бүгдийг өмчилжээ. “Энэ чинь шударга бус шүү дээ. Хаана л очно хүмүүс нэгэнт авчихсан” гэж тэр ундууцав. Түүний 26 настай хүү сүрьеэ өвчтэй ч хотын захад амьдардаг иргэд эмнэлгийн үйлчилгээнээс ч хол юм. Мөн өвлийн улиралд агаарын бохирдолд өртөж, хальтиргаа, гулгаа ихтэй гээд асуудал мундахгүй.
Хотын захиргаанаас 2030 онд ашиглалтад орох орон сууц барьж, хүн амын 70 хувийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй үнэтэй орон сууцны төлөө амьдарч байгаа газраа өгөхийг хүссэнгүй. 2020 онд Улаанбаатар хот 1.6 сая, 2030 онд 2.1 сая хүн амтай болно гэсэн тооцоо бий. “Төлөвлөгдсөн сууц нь ашиглалтад орохгүй байсаар орон гэргүй болно гэж монголчууд айж байна. Үүний төлөө эрх баригчид хангалттай үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байна шүү дээ” гэж Хон-Конгийн "Эмнести Интернэшнл" байгууллагын захирал Николас Бекулин хэлж байна.
Улаанбаатар хотын захын гэр хороолол
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос шалтгаалан орон сууцны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ зун л гэхэд Улаанбаатарт хагас зуун жил болоогүй халуун зун болж, ган гачиг нүүрлэв.
М.Гандаваа гурван жилийн өмнөх хүйтэн зудаар мал сүргээ алдсан тул Улаанбаатарт ирж, амьдралаа залгуулах болжээ. 38 настай малчин М.Гандаваа таксины жолооч болов. Эхнэр нь солонгос хоолны газар ажиллах бөгөөд гурван хүүхэдтэйгээ сарын 500 хүрэхгүй долларын орлоготой. “Хотод замын түгжрэл ихтэй, сургууль цэцэрлэг олдохгүй гээд асуудал ихтэй ч хөдөө байснаас л дээр” гэж тэд үзжээ.
М.Гандаваа хүүхдүүдийн хамт
Харин Улаанбаатарт удаан хугацаанд ажиллаж, амьдарч тэтгэвэртээ гарсан 59 настай С.Долгорсүрэн “Агаарын бохирдол аймшигтай хэмжээнд нэгэнт хүрсэн. Хотод ажил олно гэдэг бүтэхгүй. Засгийн газрын зүгээс хөдөөгийн сумдад ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл би ч очиж ажиллана” гэж хэллээ.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт үсрэнгүй хөгжилтэй байгаа Монголын бодит эдийн засгийн өсөлт 2011 онд түүхэн хамгийн дээд төвшинд буюу 17.3 хувьд хүрсэн. Гэвч өдөр тутмын хоол хүнсээ арай ядан цуглуулж байгаа ядуу бүлгийн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Тэдний хувьд өөрийн гэсэн орон гэртэй болно гэдэг биелшгүй мөрөөдөл мэт болжээ. Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн сумтай тэнцэхүйц хүн ам амьдарч, өглөө бүр хогийн машин ирэхтэй зэрэгцэн нэгнээсээ өрсөн лааз, хуванцарын эрэлд гарна.
Д.Долгор гэрийнхээ гадаа
Өнгөрсөн тавдугаар сард Тагнуулын Төв Газрын чухал бичиг баримт хогийн цэг дээр алдагдсан тухай холбогдох албаныхан мэдээлж, олсон хүнд их хэмжээний мөнгөн шагнал амлажээ. Долгор тэргүүтэй иргэдийн хувьд итгэлийн оч гийх шиг болов. Тэр хэдэн өдрийн турш найз нөхөдтэйгөө нийлэн эрж хайсны эцэст олж, албаныханд хүлээлгэн өгсөн ч тэднийг хайхарсангүй. Багахан мөнгөөр аргалаад буцаажээ.
Дулааны улиралд хэдэн сар амьдарсан ноорхой оромжтойгоо тэсгэм хүйтэн өвлийг давна гэхээс Долгорын хувьд аймшигтай санагдаж байна. “Би үүнээс өөр яаж ч чадахгүй, итгэж найдах л үлдлээ” гэж тэр өгүүлжээ.
Эх сурвалж: Ublife.mn
Сэтгэгдэл